Дасгалжуулагч Э.Намуунцэцэгтэй уулзахаар “Их шавь” дээд сургуулийг зорилоо. Биднийг очиход тэрбээр тамирчдаа бэлтгэл хийлгээд завгүйхэн угтав. Дэвжээнд барилдаж буй хүүхэд бүртэй уриалгахан харилцаж, зааж зөвлөх нь ажилдаа дуртай болохыг илэрхийлж байлаа. Монголын жүдо академийн босгоор алхсан цагаасаа тамирчдаа амжилтад хүргэхээр зорьж яваа түүний хичээл зүтгэлээр бахархах бодол төрсөн юм. Тэрбээр Орхон аймгийн “Хангарьд” клубээс төрсөн тамирчдын нэг. Өдгөө багшаар ажиллаж, шавь нараа бэлтгэн, их спортод уяа сойлгыг нь тааруулж буй түүнтэй ярилцлаа.
-Та Монголын жүдо академид багшлаад багагүй хугацааг үджээ. Ажилдаа хэр дуртай вэ?
-Би ӨМОЗО-ы Ордос хотын Багшийн их сургуульд бөхийнн багш, биеийн тамирын дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд тус академид ажиллаад нэг жил болж байна. Хүмүүс дасгалжуулагчдыг зааланд бэлтгэл хийлгэхдээ олон хүүхдийн дуу чимээнд ядардаг гэж боддог. Шавь нартаа өдөр бүр зааж зөвлөх, тэднийхээ дунд бужигнаж өнжих нь бидэнд илүү аз жаргалтай санагддаг. Өмнө нь тамирчин байхдаа хооллолт, жин хасах, бэлтгэлийн дэглэмийг багшийнхаа заавар, зөвлөгөөгөөр хийдэг байлаа. Одоо дасгалжуулагч болсноор тамирчдаа жин хасуулах, тэмцээнээс тэмцээний хооронд амралтыг нь зохицуулах, мөн хүчний бэлтгэл хийлгэх шаардлагатай, эсэхийг нэгбүрчлэн харж, дүгнэлт хийдэг. Өөр орчинд өссөн, янз бүрийн зан чанартай хүүхдүүдийг тамирчин болгож, амжилтад хөтлөх амар ажил биш. Үнэнийг өгүүлэхэд, багшийнхаа ажлын хэцүүг одоо л ойлгож байна.
-Шавь нараа бэлтгэлийн үед ямар байгааг ажиглаад мэддэг болсон биз?
-Тийм ээ. Багш хүний шавь нартаа анхаарал хандуулах үүрэг, хариуцлага өндөр. Ар гэрт нь ямар нэгэн асуудал гарсан бол сэтгэл зүй нь хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч, ажиглах ёстой. Хүүхдүүд хичээлийн ачаалалтай үед шалгалтад бэлдээд нойр, хоолоо мартдаг. Багшийн хувьд хоолтой, хоолгүй бэлтгэлд орсон, дасгал сургуулилалтын явцад шингэн зүйл дутагдаж, уруул, ам нь хатан, хөлс бага гарч байгаа, эсэхийг нь сайн харна. Мөн тамирчдаа орон нутгийн болон гадаадын тэмцээнд оролцуулахад амьдралын нөхцөл, боломжоос шалтгаалж зардал, мөнгөний асуудалтай тулгардаг. Амжилт гаргаж байгааг нь оролцуулахыг зорьж, аав, ээжтэй нь зөвлөлдөж зардал олохоор хайх зэргээр санаа тавих зүйл олон.
-Хөнгөн атлетикаар спортын гараагаа эхлүүлсэн таны сэтгэлийг жүдо өөртөө татсан нь сонирхолтой санагддаг юм.
-Орхон аймгийн 14 дүгээр сургуулийн сурагч байхдаа хөнгөн атлетикийн тэмцээнд 100, 200 метрт гүйдэг байсан. 2014 онд жүдогийн ДАШТ-д түрүүлж, дэлхийн аварга болсон Г.Болдбаатар ах амжилтынхаа баярыг олонтой хуваалцаж, хүлээн авалт хийсэн юм. Нэг өдөр бэлтгэл хийхээр явж байхдаа жүдогоор хичээллэмээр санагдаад бүртгүүлчихлээ. Намайг анх ирэхэд хүлээж авсан хүн бол Д.Нармандах дасгалжуулагч. Харин дэвжээнд бэлтгэл хийлгэж, амжилтаас атгуулсан анхны багш минь “Хангарьд” спорт клубийн ахлах дасгалжуулагч, ОХУМ Д.Наранбаатар. Энэ жил өсвөр үеийнхний УАШТ-д тус клубийн эрэгтэйчүүд, Монголын жүдо академийн эмэгтэйчүүд багийн дүнгээр тэргүүлсэн юм. Тэр үед Д.Наранбаатар багштайгаа хамт цом өргөөд зогсох мөч хамгийн сайхан агшин байлаа.
-Гэрийнхэн тань жүдод хөл тавихад хэрхэн хүлээж авав. Зарим эцэг, эх охидоо бөхөөр хичээллүүлэх тийм ч дуртай байдаггүй.
-Жүдогоор хичээллэхийг аав дэмжсэн ч ээж дуртай хүлээж аваагүй. Намайг дэвжээнд бэлтгэл хийж байгааг хөнгөн атлетикийн багш мэдчихээд манайханд “Охин тань хөнгөн атлетикаар явбал ирээдүйд амжилт гаргана. Өөрт тохирохгүй спорт сонгож, бөх барилдах гээд байх юм” гэсэн юм билээ. Эрэгтэй дүү минь тэр үед Орхон аймгийн Хүүхдийн ордонд загвар өмсдөг, дуулж, бүжиглэх дуртай болохоор урлагийн зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байв. Ойр дотнын хүмүүс “Эрдэнэцогт ахын хоёр хүүхэд өөр хүсэл, мөрөөдөлтэй юм. Охин нь загвар өмсөж, хүү нь бөхөөр хичээллэсэн бол” гэж ярьдаг байв. Би их шартай. Жүдогоор 15 настайдаа хичээллэсэн ч сарын дараа аймгийн АШТ-д оролцож 52 кг-ын жинд түрүүлэн бүсийнхэд өрсөлдөх эрх авсан. Тэгэхэд аав алтан медаль хүртсэнийг сонсоод “Миний охин тамирчин болох нь” гэж баярлаад уйлсан гэдэг. Медалиа зүүгээд гэрт ирэхэд хэн ч баяр хүргээгүйд хор, шар хөдөлж “Та нарт амжилт гаргаад ямар тамирчин болсноо хэзээ нэгэн өдөр заавал харуулна даа” гээд бодож билээ. Тэр тэмцээнээс хойш өсвөрийн улсын аваргад өрсөлдөж хошой хүрэл, оюутан залуучуудынхаас алтан медаль хүртсэн. Дараа нь Монголд зохион байгуулсан оюутны универсад наадамд аваргын төлөө шигшээ багт байсан Ч.Аззаяа эгчид торгуулиар ялагдаж мөнгөн медаль зүүсэн юм.
-Спортоор хичээллэдэг тамирчид хүүхэд насаа тэмцээн уралдаан, бэлтгэл гээд завгүйхэн өнгөрүүлсэн байдаг юм билээ?
-Гэрийнхэн минь намайг юм бүхэнд эв дүйтэй болгож хөгжүүлэхийг зорьдог байсан тул багаасаа бүжиг, дуу, утга зохиолын дугуйланд идэвхтэй хичээллэсэн. Миний хүүхэд нас урлаг, спортын тэмцээн дунд завгүй өнгөрсөн. Сургууль, клуб, дугуйлан, гэр гэсэн жимээр гүйдэг надад үеийнхэнтэйгээ тухтай тоглох зав бараг гардаггүй байлаа. Хөнгөн атлетикаар хичээллэсний давуу тал одоо ч алхам тутамд хэрэг болдог. Тухайн үед жүдогоор хичээллэх шийдвэр гаргахын тулд өөрт баймгүй зориг гаргаснаа мартдаггүй.
-ШУТИС-ийн уул уурхайн, баяжуулалтын технологийн ангийн оюутан байхдаа дасгалжуулагч мэргэжлээр суралцахаар ӨМОЗО-ыг зорьсон гэдэг. Ийм шийдвэр гаргаснаа зөв гэж боддог уу?
-Амьдралаа өөрчлөх алхам хийсэн тэр мөч миний хамгийн зөв шийдвэрийн нэг байсан. 2015 онд оюутан болж, Орхон аймгийн ШУТИС-ийн уул уурхайн, баяжуулалтын технологийн ангид суралцсан. Тухайн үед тамирчин байсан тул хичээлээ таслахгүй аль болох зохицуулаад тэмцээнд оролцохыг бодно. Сургуулийнхаа багш нартай чөлөө авахаар ярилцахад зарим нь ойлгохгүй. Уул уурхайн ангийнхны хичээл амаргүй. Олон тоног төхөөрөмжтэй харьцдаг болохоор багш нар хичээлдээ анхаарал хандуулахыг оюутнуудад байнга хэлнэ. Тиймээс их сургууль, спортын аль нэгийг нь сонгох шаардлагатай болсон. Тэгтэл ӨМОЗО-ы Ордос хотын Багшийн их сургуулиас надад урилга ирснээр багш, биеийн тамирын дасгалжуулагч мэргэжлээр суралцсан юм. Тэнд сурч байх хугацаандаа Бүх ард түмний спартакиад наадмын жүдо бөхийн тэмцээнд оролцож аварга болсон. Мөн оюутны АШТ-ээс ч цөөнгүй медаль хүртэж байлаа. Нэг тэмцээнд аваргын төлөө өөрөөсөө эгч, биерхүү тамирчинтай барилдахдаа өвдгөндөө хүнд бэртэл авсан ч түрүүлсэн юм. Түүнээс хойш тамирчны карьераа өндөрлүүлж, дасгалжуулагчаар ажиллахаар шийдсэн.
-Тамирчид бэртлийн үед гам сахихад тодорхой хугацаа зарцуулдаг. Хойшид дэвжээнд гарах танд хэцүү санагддаг болсон байх.
-Тэгсэн. Тамирчин байхдаа бэлтгэл, тэмцээний үед цөөнгүй бэртсэн. Байсхийгээд бэртэхийг аав, ээж хараад “Миний охин одоо барилдахаа боль. Тамирчин байх хэцүү санагдаж байгаа бол дасгалжуулагчаар ажиллаад үзвэл яасан юм бэ” гэж зөвлөсөн. Дасгалжуу
лагч болно гэдэг тамирчин байхаас илүү үүрэг, хариуцлагатай. Ажлынх нь орчин ур чадвар, мэдрэмж өндөртэй байхыг шаарддаг. “Хангарьд” спорт клубийн эмэгтэй жүдочдоос дасгалжуулагчаар ажилласан нь одоогоор би л байна. Тус клубийнхэн тамирчдаа бүх талаас нь сайн дэмждэг. Тэнд тав, тавин тамирчин байсан ч хоёр дасгалжуулагч заавал бэлтгэл хийлгэдэг. Тиймээс олон тамирчин амжилтаас атгасан.
-Багш нь шавьдаа тэр үед юу гэж зөвлөв. Амжилтад хүрэхээр зорьж байсныг мэддэг болохоор зодог тайлахад тань жаахан гонсойсон болов уу?
-Өсвөрийн УАШТ-д надад дөрвөн удаа хожигдсон тамирчин одоо үндэсний шигшээ багт барилддаг. Багш нэг өдөр “Чамд ялагддаг тамирчин үндэсний шигшээ багт багтчихлаа. Ингэхэд чи юу бодож явна. Өвдөгнийхөө бэртлийг сайн эмчлүүлээд бэлтгэлээ хийж, барилдвал яасан юм бэ” гэж хэлсэн. Багшийгаа зөвлөх үед би дасгалжуулагч болж, ажлаа хүлээгээд авчихсан байв. Монголын жүдо академийн захирал Г.Бат-Эрдэнийн удирдлагад таван дасгалжуулагч Улаанбаатар хот дахь дөрвөн салбарт 500 гаруй хүүхдэд шаталсан сургалтаар хичээл заадаг. Тус академи эрэгтэй, эмэгтэй дасгалжуулагчтай байдгаараа бусад клубээс давуу талтай. Бүрэг, ичимхий, дуу цөөнтэй, эсвэл сэргэлэн цовоо, эрч хүчтэй гээд өөр өөр зан чанартай хүүхдүүд хичээллэхээр ирдэг. Бид хүүхэд болгонд анхаарал хандуулж, зан чанар, бие, сэтгэл зүйн онцлогт нь тохирсон бэлтгэл хийлгэдэг. Охидоо дагуулж ирсэн эцэг, эхчүүд эмэгтэй дасгалжуулагч ажилладгийг хараад баярласан нь анзаарагддаг юм. Жүдо академийн багш нар хүүхдүүдтэйгээ жил бүр хээрийн бэлтгэлд гардаг. Шавь нарын минь хамгийн ахмад нь 20, бага нь дөрвөн настай. Дөрвөн настан багштайгаа хамт явна гэсээр байгаад 10 хоног бэлтгэл хийгээд ирсэн. Ямар ч насныхан спортоор хичээллэхэд оройтохгүй. Гэхдээ бага наснаасаа хичээллэвэл хүнлэг, ёс зүйтэй, хүмүүжилтэй болж төлөвшинө. Үүнээс гадна хичээллэж буй спортынхоо арга барил, техникийг төгс эзэмшиж, үеийнхнээсээ эрт амжилт гаргадаг.
-Жүдо академийн охид тантай хэр нээлттэй, ойр дотно харилцдаг вэ?
-Миний хариуцдаг салбарт 40 гаруй охин бэлтгэл хийдэг. Үүнээс найм нь УАШТ-д аварга болж, 14 нь медаль хүртжээ. Дасгалжуулагчийн хувьд шавь нараа бэлтгэл сайн хийлгэж, хойшид зохион байгуулах тэмцээнд амжилттай оролцуулахаар зорьж ажилладаг. Би тамирчин байхдаа Д.Нармандах багшийн нэрэмжит тэмцээний арын албанд ажилладаг байлаа. Тэр үед 800 гаруй жүдоч өрсөлддөг байсан бол одоо 1000 хол давсан. “Хангарьд” клубийнхээ багш нартай байнга холбоотой ажилладаг. Тэднээс өөрийн мэдэх, чадах зүйлээр үргэлж тусалж, дэмжсээр ирсэн Д.Наранбаатар багшдаа их баярладаг юм.
-Өмнө нь барилддаг байхдаа та Д.Нармандах багшийн нэрэмжит тэмцээнээс нэг бус удаа медаль гардсан. Тэгвэл энэ удаа дасгалжуулагчийн хувиар шавь нараа сойх нь.
-Багш минь надаас гадна олон тамирчныг амжилт, алдрын тавцанд хөтөлсөн. Би багшаасаа сурч, мэдсэн зүйлээ шавь нартаа заадаг. Нэгэн цагт удирдлагад нь хичээллэдэг шавь байсан би ирэх сард сард зохион байгуулах нэрэмжит тэмцээнд нь өөрийнхөө шавь нарыг оролцуулахаар бэлтгэл хийлгэж байна. Багшийнхаа шавь нартай тамирчдаа өрсөлдүүлнэ гэдэг дасгалжуулагч болгоны мөрөөдөл байх.
-Тэмцээнд шүүгчээр ажилладаг байх аа?
-Миний хувьд улсын аварга болон нэрэмжит тэмцээнүүдийг шүүдэг юм. Өсвөрийн УАШТ-ий барилдааныг анх шүүхдээ догдлохоос илүү сандарч байснаа санадаг. Тэр үед олон улсын шүүгч Т.Энхцэцэг эгч зөвлөж, тусалсан. Тэмцээн шүүхэд тамирчин байх үе минь их бодогддог юм билээ. Шүүгчээр ажиллахдаа тамирчдын бэлтгэл хэр хийсэн, сэтгэл зүйн байдал ямар байгаа, мөн бэртэл, гэмтэл авсан нь барилдааны үед хөндүүрлэж, амжилт гаргахад нь хэрхэн нөлөөлж буйг мэддэг болсон. Тэмцээн шүүснийхээ дараа бичлэгээ нэгбүрчлэн үзэж дүгнэлт хийдэг.
-Багш нараасаа ажил, амьдралд хэрэг болох олон зүйл сурсан гэж боддог уу?
-Тэгэлгүй яах вэ. Д.Наранбаатар багш шавь нарынхаа сэтгэл зүйд анхаарал их хандуулдаг. Намайг анх тамирчин болоход тэрбээр 25 настай байсан болов уу. Өөрөө залуу байж биднийг миний охин, хүү гэж дуудаж, өөриймсгөөр хүлээж авдаг байсан. Бид ч багштайгаа ойр байж, аав, ээж шигээ хүндэлнэ. Бэлтгэлийн үед тэрбээр сэтгэл санаа ямар байгааг харц, хөдөлгөөнөөс хараад төвөггүй мэдчихдэг. Эцэг, эхчүүд ажигч, гярхай занг нь хүртэл гайхдаг сан. Тэднээс “Таны хүү, охинд ийм асуудал тулгараад байна. Тэр асуудал нь шийдэгдсэн үү” гэж асуухаар “Ямар сонин юм бэ, манай хүү бидэнд юу ч хэлээгүй, тийм асуудал болсон юм уу. Бидэнд яриагүй зүйлээ танд яаж хэлэв” гээд асуудаг. Тамирчид багшдаа гэрийнхнээсээ илүү итгэдэг юм шүү дээ. Бид ч аав, ээждээ зовлон, жаргалаа ярихаас илүү багштайгаа түрүүлж зөвлөлддөг байлаа.
-Найз нөхөдтэйгээ хааяа нэг тухтай уулзаж, ярилцах зав гаргадаг уу?
-Дасгалжуулагч болсноос хойш найзуудтайгаа уулзах зав ховор гарах болсон. Нөхөд минь кино, урлагийн тоглолт үзэх санал тавьдаг ч тэр бүр амждаггүй. Чөлөөт цаг гарвал жүдогийн томоохон тэмцээнүүдийн бичлэг, Т.Энхцэцэг эгчийн шүүлтийг сонирхож харна. Жүдо академийн Г.Бат-Эрдэнэ захирал багш нарынхаа ажлыг ойлгож, дэмждэг. Тиймээс надад ч гэсэн дасгалжуулагч, шүүгчийн аль алинаар нь ажиллах бодол бий. Миний хувьд багш болсноор тамирчдынхаа хооллолт, сэтгэл зүй, хүмүүжил, төлөвшилд анхаарахыг хичээ дэг. Тиймээс шавь нар минь тэмцээнд бусад клубийнхэнтэй таарсан ч эмээж, сандралгүй барилддаг болов уу. Энэ ташрамд, академийнхаа шавь нарт ирээдүйн зорилгынхоо төлөө тууштай хичээллэж, сайн тамирчин болоорой гэж ерөөе.