Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэдэг. Уг өдрийг 2018-2019 онд дэлхий нийтээр “Чихрийн шижин ба гэр бүл” уриан дор тэмдэглэх гэж байгаа талаар өнөөдөр ЭМЯ дээр мэдээлэл хийлээ. Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнөө эрт илрүүлэх талаар мэдээлэл өгөх өдөрлөг болно.
Улсын төсвөөс чихрийн шижингийн инсулин эмчилгээг үнэ төлбөргүй хийж, энэ эмчилгээнд жилд 2-3 тэрбум төгрөг зарцуулдаг. Мөн чихрийн шижингийн үед хэрэглэдэг сахар бууруулах үйлчилгээтэй эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлдэг аж.
Улсын хэмжээнд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон цус харвалт өвчнөөр жилдээ 5500 хүн нас барж байгаагийн тал хувь нь чихрийн шижин өвчтэй байна.
35-аас дээш насныхан чихрийн шижингээр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Тийм учраас эрүүл мэндийн даатгалаар 35-аас дээш насныхан жилд нэг удаа чихрийн шижингээс сэргийлэх үзлэгт хамруулах багц үйлчилгээ байдаг. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн иргэд жилдээ нэг удаа эрт илрүүлэх үзлэгт хамрагдах шаардлагатай хэмээн зөвлөв.