Сүрьеэ өвчин нь дэлхийн олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болсон хэвээр байна. Дэлхийн хүн амын ¼ буюу 2 тэрбум хүн сүрьеэгээр халдварлагдаад байна. Өөрөөр хэлбэл, жил бүр сүрьеэгийн 9 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.5 сая хүн нас барж байгаа юм.
Үүний гол шалтгаан нь хоол тэжээлийн дутагдал, дархлалын тогтолцоо сул байгаагаас, мөн иргэдийн дунд сүрьеэ өвчний талаарх мэдлэг мэдээлэл хомс, үүнтэй уялдаатайгаар ялгаварлан гадуурхалт их байдагтай холбоотой гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Су Нюунт У-гийн хэлж буйгаар сүрьеэ нь ядууралтай шууд холбоотой аж. Тэрээр хэлэхдээ “Монгол Улс сүүлийн үед эдийн засгийн өсөлт хөгжлийн түвшингээрээ дунджаас дээш орлоготой улсын жагсаалтад багтаж орсон. Үүний үр дүнд гаднаас орж ирэх тусламж үйлчилгээ хязгаарлагдана. Тиймээс сүрьеэгүй монгол зорилтод 2030 он гэхэд хүрэхийн тулд бид ядуурлын түвшингээ 1 оронтой тоо руу бууруулах ёстой. Болж өгвөл 5 хувиас бууруулж байж сүрьеэ гэх аюулт өвчнөөс бүрэн ангижирч чадна. Хоёрдугаарт, гэр хороололд амьдарч буй хүмүүсийн эзлэх хувийг багасгах хэрэгтэй. Учир нь гэр хорооллын бохир орчин халдварыг улам тархаадаг ба халдвар авсан хүн тийм орчинд эмчлэгдэх боломжгүй юм” гэсэн юм.
Сүрьеэ ямар өвчин бэ?
Сүрьеэ сүрьеэгийн савханцар гэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин. Ихэнх тохиолдолд (70%) уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээж болно. Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Учир нь ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг юм. Голчлон уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг байна. Тэдний ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих , дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан бохирдсон энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг.
Гэхдээ энэ агаараар амьсгалсан хүн бүр халдвар авахгүй. Халдвартай сүрьеэтэй хүний гэр бүлийнхэн халдвар авч, биеийн эсэргүүцэл суларсан үедээ өвчлөх аюултай. Харин нийтийн унаа юмуу олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байвал тэр хүнээс халдвар авах нь бага байдаг. Мөн сүрьеэгийн нян аяга таваг, өмссөн хувцас зэргээр дамжин халдварлахгүй. Сүрьеэ өвчнийг уушгины ба уушгины бус сүрьеэ гэж ангилна. Уушгины сүрьеэ 70%-ийг эзлэх бөгөөд дотор нь түрхэц эерэг, түрхэц сөрөг гэж хуваадаг.
Сүрьеэг үүсгэгч нь юу вэ?
Сүрьеэг үүсгэгч савханцар нь хүчилтөрөгчтэй орчинд өсч үржих дуртай. Харин нарны хэт ягаан туяанд дургүй. Учир нь нарны хэт ягаан туяа нь сүрьеэгийн нянг амархан устгана. Олонхи нянгийн адил энэ нян нь халуунд тэсвэргүй. Харин гадаад орчинд маш тэсвэртэй, хуурай орчинд болон хатсан цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай. Мөн хөлдөөхөд хэзээ ч устахгүй. Харин ч -1 -40 хэмд 50-аас дээш жил амьдрах чадвараа хадгалдаг гэнэ.
Хэн халдвар авах эрсдэлтэй вэ?
Сүрьеэ хаа сайгүй байдаг. Хэн ч сүрьеэгийн халдвар авч болох ч эрсдлээр нь зэрэглэж үзвэл халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдардаг хүмүүс 100 хувь, хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллагсад 10 хувь, холын хавьтал 1 хувь байдаг байна. Мөн
- ХДХВ-ийн халдвартай хүмүүс
- Орон гэргүй хүмүүс
- Сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны хүмүүс
- Асрамжийн газар байгаа хүмүүс
- Шоронгийн хоригдлууд
- Чихрийн шижинтэй буюу хавдартай хүмүүс илүү өртөмтгий байдаг байна.
- Сүрьеэ нь агаараар дамждаг гэдгийг та санаж байгаа байх. Харин гар барих, жорлонгийн суултуур, аяга тавгаар халдвар дамжихгүй.
Сүрьеэгээр өвчилсөн бол ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хэрэв танд доорхи шинж тэмдгүүдээс илэрвэл та сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй тул өрх, сумын эмч, харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт очиж үзүүлэн оношоо тогтоолгох шаардлагатай. Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд нь сүрьеэгийн нян бие махбодын аль эрхтэнд байрласнаас шалтгаална.
- 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах
- Цээжээр өвдөх
- Цустай буюу цэртэй ханиалгах (уушигны гүнээс цэртэй ханиалгах)
- Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдгүүд:
- Ядарч сульдах
- Турах
- Хоолонд дургүй болох
- Халуурах
- Шөнө хөлрөх
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач холбогдол юу вэ?
Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн эсвэл дотны хүн чинь сүрьеэгээр өвчилсөн бол та урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Ингэснээрээ та өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотны бусад хүмүүсээ сүрьеэгийн халдвар авах, халдвар авснаа эрт илрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх болон бусдад халдвар тараахгүй байхаас сэргийлж чадна.
Ямар шинжилгээнүүд өгөх шаардлагатай вэ?
- Цээжний рентген зураг
- Туберкулины сорил
- Цэрний шинжилгээ
Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг арьсан дээр сорил тавих замаар тодорхойлно. Та харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансер дээр очиж сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арьсны сорилыг тавиулах боломжтой. Зориулалтын тариураар мэргэшсэн эмнэлгийн ажилтан гарын бугалганы дотор талд туберкулин хэмээх бэлдмэлийг тарьдаг. 2-3 хоногийн дараа арьсан дээр гарсан өөрчлөлтийг хэмжиж үзнэ. Хэрэв халдвар аваагүй бол хүний биеийн дархлалын эсүүд гадны биет гэж танихгүй бөгөөд хариу урвал үзүүлэхгүй. Энэ нь сорил тариулснаас хойш 2-3 хоногийн дараа тухайн хэсэгт ямар нэгэн өөрчлөлт үүсэхгүй гэсэн үг юм. Харин халдвар авсан бол тухайн хүний дархлалын эсүүд сорилоор бие махбодид орсон нянг дайснаа гэж танин дархлалын урвал явагдана. Энэ нь тарьсан газар гүвдрүү үүсч өөрчлөлт гарах байдлаар илэрнэ.
Гэхдээ арьсны сорил эерэг гарах нь сүрьеэгээр өвдсөн гэсэн үг биш бөгөөд та зөвхөн халдвар авсан эсвэл өвдсөнөө мэдэхийн тулд өөр бусад шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай гэсэн үг юм.