Ихэнх эмийн бэлдмэлийг химийн нийлэг аргаар гарган авдаг. Гэвч зарим бэлдмэлийг амьтан, ургамал болон эрдсийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэдэг байна. Эм бэлдмэлийг дур мэдэн, эмчийн зааваргүйгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ эм бэлдмэлд онцгой анхаарах шаардлагатай. Учир нь эмийн бодис нь эхэд болон урагт ихсээр дамжин нөлөөлөх учраас тухайн эмийн шинж чанар, хэрэглэсэн хугацаа, тун хэмжээнээс гадна жирэмсний хугацаа, эхийн дархлалын тогтолцоо гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч урагт сөрөг үр дагавар үзүүлж болно.
Жишээ нь: Жирэмсний эхний 3 сард үр хөврөлийн эрхтэн тогтолцоо үүсч хөгжиж байгаа учир ураг эмийн нөлөөнд маш эмзэг байдаг тул ургийн гаж хөгжил үүсгэх өндөр эрсдэлтэй. Түүнчлэн зарим эм бэлдмэл нь ураг зулбуулах, ураг өсөлтгүй болгох зэрэг нөлөө үзүүлнэ.
Жирэмсэн үед онцгой анхаарал хандуулах шаардлагатай ургийн гаж хөгжил, ураг өсөлтгүй болох, ургийн удамшилд мутаци үүсгэх чадвартай, хортой химийн нэгдэл агуулсан эмийн бүлгүүд байдаг. Үүнд:Талидомид, хавдрын эсрэг эмүүд, дааврууд, варфарин, зарим төрлийн антибиотик, пеницлинамид, бамбай булчирхайн эмгэгийн үед хэрэглэдэг эм, нойрсуулагч болон мэдээ алдуулах эм, сэтгэц нөлөөт эм бэлдмэл,
Эмийг зохистой хэрэглэх талаар иргэдийн дунд мэдээлэл дутмаг учраас жирэмсэн болсон эсэхээ мэдэхгүй эсвэл хүсээгүй жирэмсэлтийн тохиолдол зэрэгээс үүдэн эмийг буруу хэрэглэсэнээс сөрөг үр дагавар гарч болно.
Нөгөө талаас жирэмсэн үед эмийг зайлшгүй хэрэглэх ёстой шалтгаанууд:
- жирэмсэн үед үүссэн хурц үрэвсэл
- халууралт, томуу, томуу төст өвчнөөр өвдөх
- бусад архаг үрэвслүүд сэдрэх
- чихрийн шижин
- багтраа
- бөөрний үрэвсэл
- хатгалгаа
- жирэмсэнтэй холбоотой эмгэгүүд /бөөлжих, даралт ихсэх, цус багадах, ураг зулбахыг завдах, жирэмсний хордлого/
- жирэмслэлт төрөлтийн үеийн хүндрэлүүд
Эдгээр тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүд эмийг зайлшгүй эмчийн хяналтанд, жороор хэрэглэх шаардлагатай юм.