Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 15-65 насны хүн амыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжүүлтээр элэгний В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 353445 хүн хамрагдаад байгаа бөгөөд хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна.
“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын лабораторийн тусламж, үйлчилгээг чадавхижуулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран нийт 114,382,400 (нэг зуун арван дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга дөрвөн зуун) төгрөгийн үнэ бүхий LD-3100 загварын 97 ширхэг эмнэлгийн лабораторийн центрифугийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү тоног төхөөрөмж нь цус болон биеийн бусад шингэнээс шинжилгээ хийх дээж ялгах зориулалттай лабораторийн үндсэн суурь төхөөрөмж бөгөөд нэг удаад 24 сорьцийг ялгадаг, автомат тохиргоотой, төрөл бүрийн хуруу шилэнд тохирсон хамгийн сүүлийн үеийн загварынх юм. “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн анхан шатны нэгж болох сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг энэ удаад хангаж байна.
Мөн Эрүүл мэндийн яам ДЭМБ, Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд 2017 онд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудаас нэг нэг сум, Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс нэг өрхийн эрүүл мэндийн төв сонгон хэрэгжүүлж нийт 23 нэр төрлийн 310 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, 45 эмч, мэргэжилтнийг сурган бэлтгэж өгсөн бол, одоо 2 GeneXpert тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Үүнийг бид сүрьеэгийн өвчлөл, тухайн аймгийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Увс, Сүхбаатар аймгуудад хуваарилан олгож байгаа.
Уг тоног төхөөрөмжээр сүрьеэгийн төгс оношилгоо, мөн орон нутагтаа С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх бүрэн боломж бүрдэж байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үер хэлсэн үгэндээ тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж, урвалж оношлуурыг хангалттай захиалж, эмч мэргэжилтнийг сургалтад хамруулж, зохих мэдлэг ур чадварыг эзэмшүүлэн өвчтөнд эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэхэд бэлэн байдлыг хангаж ажиллана.
Ийнхүү “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөр болон “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлж ихээхэн хувь нэмэр оруулж буй ДЭМБ-т Монголын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хувиасаа талархал илэрхийлье. Лабораторийн центрифуг, GeneXpert тоног төхөөрөмж хүлээн авч байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн та нартаа ажлын амжилт хүсч байна гэлээ.