Оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өнгөрөгч ням гарагт боллоо. МЗЭ-ээс яруу найргийн “Болор цом”, богино өгүүллэгийн “Утгын чимэг”, утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд үзэхээр зоригсдын хүрээлэл хэдийн бий болсон билээ. Анх 1990 онд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Түдэв “Утгын чимэг” наадмыг санаачилж байжээ. Тухайн үед их зохиолч Д.Нацагдоржийн “Шувуун саарал” өгүүллэгээр нэрлэн зохион байгуулж байж. Энэ удаагийн наадамд 60 гаруй бүтээл ирүүлснээс сүүлийн шатанд 10 өгүүллэг шалгарсан юм. Ингээд уг наадмын эргэн тойронд өрнөсөн сонин содон үйл явдлыг уншигч танд хүргэе.
Хүүхэлдэйн театрын жижиг танхимд хоосон суудал харагдсангүй. Танхимын урд хэсэгт наадмын оролцогчид, зохиолч, шүүмжлэгч, яруу найрагчид суух нь үзэгдлээ. Тэдний дунд байх 10 орчим насны хэдэн багачууд өгүүлэгчийн ярианд зарим үед бүрэн автчихаад цоо ширтэх бол ихэнхдээ суудлынхаа цаанаас өндөлзөх аж. “Утгын чимэг”-ийн анхны тэргүүн өгүүллэг болох Л.Түдэвийн “Эрхий дарам зай”-г МҮОНР-гийн нэвтрүүлэгч, Соёлын тэргүүний ажилтан Д.Сайнтод уншиж, наадмыг нээв. Үүний дараа “Утгын чимэг”-т хамгийн олон түрүүлсэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид үг хэлж, хөтлөгч эмэгтэй шүүгчдийг танилцууллаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджав, 2022 оны наадмын шагналтан, Хүүрнэл зохиолын үндэсний төвийн тэргүүн С.Баттулга, 2020 оны наадмын тэргүүн байрын эзэн, МЗЭ-ийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч, нийтлэлч О.Содномпил, хэл бичгийн ухааны доктор, профессор, утга зохиол судлаач Ш.Баттөр нар шүүгчээр ажиллав.
Салхи хагалж Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Баярсайханы “Хөөрхий дөө ажаа минь” өгүүллэгийг Соёлын тэргүүний ажилтан, орчуулгын киноны дуу оруулагч Ө.Наранбаатар уншлаа. Ямар ч дэгэн догонгүй, жир жигд, аргагүй сонсголонтой байв. Энэ оныг оролцуулбал тэрбээр 33 дахь жилдээ дуу оруулагчаар ажиллаж буй. “Утгын чимэг”-т цаг үеийнхээ хамгийн чансаатай дуу оруулагч, уран уншигчид оролцдог. Энд уншигч таны мэдэхээр “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлгийн хөтлөгч Марат Башаровт дуу оруулсан Д.Зоригтбаатар, 10 мянга орчим уран бүтээлд ажилласан Ө.Мөнгөнтулга, хүн бүхний чихэнд хоногшсон дуу хоолойны эзэн, Ардын жүжигчин Г.Равдан тэргүүтэй 10 өгүүлэгч шалгарсан зохиолчдын өгүүллэгийг унших юм.
1000 гаруй үгтэй өгүүллэгийг яг таг цээжлээд, дээрээс нь уран унших нь жүжигчдэд ногдсон хэцүү даалгавар. Зарим нь өгүүллэгээ уншиж байхдаа мартаж, гацах тохиолдол ч байв. Харин зарим нь энэ үед тун эвтэйхэн аргалж дөнгөх аж. Уралдааны сүүлийн шатанд дээр дурдсан бүтээлээс гадна яруу найрагч Г.Хашбаатарын “Тэр дахиад л буруу “бэччихлээ”, зохиолч М.Эрдэнэбатын “Долдугаар тасаг”, Н.Батболдын “Ангийн жихрээ”, Б.Сарантуяагийн “Рэгдэндагва”, Ц.Ганболдын “Савдгийн цуурай”, МҮОНР-гийн редактор, сэтгүүлч Г.Болормаагийн “Саарал улиан”, зохиолч Р.Зүмпэрлхамын “Хонины хаан”, Х.Эрдэвийн “Тангараг”, зохиолч Т.Бум-Эрдэнийн “Чулууны хэлмэрч” өгүүллэг шалгарсан.
Өгүүллэг сонсож буй үзэгчид бүх анхаарлаа түүнээ хандуулаад, толгойдоо төсөөлөл “ургуулах” нь уралдааны нэг онцлог. Үзэгчдийн суудлыг голдуу залуус дүүргэсэн харагдлаа. Ийнхүү бүх өгүүллэг үзэгчдэд хүрч дуусав. Шүүгчид уралдааны дүнгээ гаргахаар тайзны ар луу гарч одлоо. Энэ хооронд МЗЭ-ээс Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид, Ардын жүжигчин Г.Равдан нарт хүндэтгэл гардуулав. Түүнчлэн “Артсофт” хэвлэлийн компанийн захирал Г.Ганзориг, “Нандир” хэвлэлийн компани, жүжигчин Ө.Мөнгөнтулга, МҮОНР-гийн нэвтрүүлэгч Д.Сайнтод нар “Утга зохиолын төлөө” шагнал хүртэв.
Ингээд уралдааны дүн гарч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджав “Дөрвөн цаг гаруй тэвчээртэй сууж, өгүүллэгүүдийн утга санаа, ур хийц, шинэлэг бүхнийг тус бүрдээ цэгнэсэн та бүхэнд баярлалаа. Бид өгүүлбэр бүрд тогтож ажиглан, нэлээн нухацтай ярилаа. МЗЭ-ийн дэргэдэх Хүүрнэл зохиолын үндэсний төвөөс гаргасан журамд “Богино өгүүллэгийн наадамд нэг л тэргүүн өгүүллэг шалгаруулна” гэжээ. Бусад нь тусгай байрын шагналтан гэж цоллогдох юм байна. Шүүгч бид тэрхүү журмыг зөрчих ямар ч аргагүй” гэв. Ийнхүү энэ удаагийн “Утгын чимэг” наадмын тэргүүн байрт Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” өгүүллэг шалгарах нь тэр. Тэрбээр “Маш их баярлалаа. Утга учиргүй мэт харагдаж буй зүйлийн ард ямар их үнэ цэн нуугдаж байдаг юм бэ. Үүнийг бид махан нүд, чихээрээ гүйцэт ойлгож, ухаараагүй явдаг юм байна гэдгийг уг өгүүллэгээрээ “Утгын чимэг”-ийн тайзнаас хүргэе гэж бодсон нь энэ юм. Өнөөгийн монголчууд Улаанбаатар хотынхоо нэрийг голоод л байдаг. Гэтэл үүний цаана ямар их үнэ цэн, утга учир, агуу бэлгэдэл оршиж байдгийг мэдээсэй гэж бичсэн. “Утгын чимэг” наадам “Болор цом”-оос ондоо. Учир нь энд бодол, ир, ухаан, авьяас нь ханасан хүмүүс өрсөлддөг. Тэргүүн байр эзэлнэ гэж төсөөлсөнгүй. Маш их бэлгэшээж байна” гэсэн юм. Түүнчлэн наадмын шилдэг уран уншигчаар Соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнгөнтулга шалгарсан. Түүний уншсан өгүүллэгүүдээс түрүүлж буй тав дахь бүтээл нь “Рэгдэндагва”.
Утга зохиолын хүрээний аливаа уралдаан тэмцээний дараа хэлэлцүүлэг болж, шүүмжлэлд өртдөг асуудлын сэдэв ерөнхийдөө төстэй. Түүний нэг нь “Тэр илүү байсан” хэмээх үнэлэмжийн зөрүү. Уг маргааны “бай” нь мэдээж тэргүүн өгүүллэг болон шүүгчид. Энэ удаагийн наадамд “Самар хатан”, “Сорхугтани”, “Сондгой цагаан сувд” романаараа уншигчдад танил болсон зохиолч Б.Сарантуяа “Рэгдэндагва” өгүүллэгээрээ тэргүүлсэн нь шүүмжлэл дагууллаа. Олон нийтийн сүлжээнд эдгээр наадам хэт хоцрогдмол, орчин үеийн уншигчдын хүсэл хэрэгцээнд нийцэхгүй гэх бол зарим нь шүлэг, өгүүллэг уншиж уралддаг наадмаа болиосой, найраатай шүүдэг шүү дээ гэж бичиж байна. Хүний оюун бодлоос “төрсөн” уран бүтээлийг оноожуулж, цол, цом олгосоор байх нь чансаатай уран бүтээлч төрүүлэх арга зам болохгүй. Харин утга зохиол тойрсон олон тэмцээн уралдаанаа элдэв шагналаас хол байлгаж, зохиолч, уншигчдын уулзах цэг болгож, бүтээлд тавих шаардлагаа өндөрсгөж, сайжруулах нь зүй.
Д.Хүслэн
Рэгдэндагва
(өгүүллэг)
Алтан тэвшийн хөндийгөөс урсан ирэх хатан Туулын сэвшээ салхи аяс намуухан үлээж, бурхдын сүр хүчин бүрдсэн хийдийн хаалгаар урсан орж, арц хүжний анхилам үнэртэй сүлэлдэн байлаа. Гэтэл агаар мандлын хүчирхэг салхи хуйлран хийдийн хойморт залаастай догшин дүрт бурхдын өмнө залбирч буй өргөн магнайгаа чимсэн буурал үстэй ахимаг эрийн сонирхлыг гойд татах нэгэн бурхны гэгээн дүрийг нуусан хадаг самбай бүтээлгийг хуу татав. Гэнэтийн салхинд цохиулсан бурхнаас цочин хойш алхам ухарсан мөнөөх эрийн толигор магнай цалин мөнгөн сахал, цэнхэр нүдийг харваас харь нутгийн сүсэгтэн байлаа. Хийдийн тахилч лам сандран бүтээлгийг засахдаа
-Өршөөгөөрэй багшийн минь дуусгаж амжаагүй бүтээл гэгээн дүрээ танд л харуулчихлаа даа хэмээн сүжиглэнгүй хэлээд алдуурсан хадгаар дахин ороохоор завдахад нь,
-Хүлээгээрэй та. Энэ ямар учиртай зураг вэ хэмээн асуулаа.
-Шамбалын хааныг бүтээж байсан юм аа гэж хэлсэн тахилч лам өөд аядуухан хараад
- Би тухтайхан үзэж болох уу хэмээн гуйгаад машид удаан харж сууснаа,
-Юм гэдэг учиртай ажээ. Шамбалын орныг үзэхээр нутгаасаа гарсан би энд хийдэд оюун санаатай нь холбогдох учиртай байжээ хэмээн хэлээд,
-Үүнийг би өөрийнхөөрөө зурж болох уу гэж асуухад залуу лам гайхаж эргэлзсэн янзтай толгой дохин,
-Багш маань сансрын хүрдэнд шингэхдээ дараа нэг өдөр эзэн нь ирж гүйцээнэ гэсэн төлөг үлдээсэн юм аа гэж хэлэв.
Хурын усан татрах намрын эхэн сарын энэ өдрөөс яг гурван жилийн өмнө гандан зуугийн урдаа барих зурхайчдын нэг гэж олноо хүндлэгдсэн Жамбаа гавжийн сэтгэл ихэд чилэнгүй сууснаа, өмнөө тавьсан майга хөлтэй модон ширээнийхээ зээ бадаар чимсэн шургуулганаас шоголтой судар, хулсан үзэг, зурхайн модон самбартайгаа гарган ирээд, жижигхэн савтай нунтаг үнснээс чимх төдийг цацаж, хааш яйш хэдэн тоо нэмж хасан, ганц нэг зураас татаад судрын хуудас эргүүлэн харж бодолд автав.
“Ардын засгийн газрын Ерөнхий сайд Цэрэндорж гүн учиртай үг зуулган зарлага хөвгүүнээ гүйлгэв. Өндөр гэгээний шав тавьж, шүншиг өргөн тамгалсан Сэлбэ голын хүн чулууны хонхор ч угаасаа өвгөдийн хөл амрах сайхан л нутаг юм сан. Гэтэл миний буулгасан зурхай дээр лам нарын тасга хаях Тасганы овооны Заан хошуугаа сэвтээчихгүй бол нэгэн жарандаа элбэг хүрэлцэх амуу буудай бий гэсэн төлөг буудаг нь ямар учиртай хэрэг билээ. Энэ тухай Балингийн хүүд хэлэх үү болих уу? Хамаг л ихэс дээдсээ шороонд булчихсан цөвүүн цаг дор хуучны хашир өвгөдийн сүүл мушгиж үлдсэн Цэрэндоржтон шинэ төрд ч нүүр алдалгүй өнөө үед төрийн сайдын сэнтий түшиж байна. Түүнд итгэх арга үгүй. Гэтэл үнсэн самбар дээр гүйх хулсан үзэгний үзүүр Цэрэндоржоос цэрвэх хэрэггүй гэж хэлээд байдаг нь юуных вэ хө” хэмээн бодол болж сууснаа шавиа дуудав.
-Цэрэндоржийн зарлага хүүд хэл дуулга. Түүнтэй уулзахыг алгуурлаж боломгүй төлөг буулаа хэмээгээд хоймор голлосон бурхдын зүг наманчлан залбирав.
-Шамбалын хаан Рэгдэндагва бурхны тиг гаргах гэж толгой өндийх завгүй, нүд улайн суусаар сайдтай уулзах товоо мартах шахжээ. За яахав. Маргааш, нөгөөдрөөс тухтайхан сууна даа. Дараа нэг өдөр эзэн нь ирж мэлмийг нь нээж, гүйцэд дүүргэх ч юм бил үү хэмээн ганцаараа ярьснаа,
-Гүй хүү минь, гүйгээд ир хэмээн яаруулан гаргав.
Маргааш өдөр нь нар хэвийж байхад өвгөн гавжийн бор гэрийн гадаа хэдэн хүн ирээд хоорондоо ярилцаж буй бололтой чимээ гарч байснаа төдөлгүй үүд сөхөн нэгэн хүн орж ирсэн нь хичээнгүй сайд Цэрэндорж байлаа. Тэрбээр өвгөн ламтай мэнд мэдэн хөөрөглөөд,
-Халхын их хутагт өндөр гэгээнтэн хүй мандлаас хүн чулууны хонхорт нүүлгэж ирсэн нийслэл хүрээний алдар нэрийг цоо шинээр оноон өгөхөөр толгой гашилгаж явна. Алтан тэвшийн хөндий дайн самууны хөлд дарагдах учиргүй л юм сан хэмээн төлөгдсөн Өндөр Богд минь юунд санаагаа чилээснийг мэдэх хүн үлдсэнгүй. Үлдээсэн ч үгүй дээ хэмээн уртаар шүүрс алдаж монхор хамрынхаа угалз, махлаг дүүрэн царайгаа илбэж байлаа.
- Ээ гэгээн минь. Ядуу хувраг миний сурсан сонссон хоёр өчүүхэн бага гэдгийг та юу эс андах вэ. Сайн лам ховордсон үед сангас үнэд орно гэгч нь болох вий гэж хэлээд мушийн инээмсэглэн өвгөн зурхайчийн үгийг үл сонссон мэт,
- Улаан оросын санаанд нийцэх хэрнээ улс орныхоо хожим хойчийг бэлгэдсэн онц сайхан нэр хайн хэл хүргүүлсэн билээ танд хэмээн хөмсөг зангидан суух нь төрийн хүний сэтгэл чилээсэн байдал аргагүй харагдах ажээ.
-Улс хотын сайн сайхныг төсөөлөн бэлгэдэж, улаан оросын санаа сэтгэлийг баясгаж Шамбалын хаан Рэгдэндагва бурхны нэрийг өгвөл алсдаа өлзийтэй, өнөр их хот балгад болох ерөөлтэй гэж төлөгт буув хэмээн Жамбаа гавж хэлэв.
Цэрэндорж сайд ширээний өнцөг тогшин бодолд автан,
-Бавуу мааравын дончир оо хэмээн хэлээд нүдээ хагас анин зүүрмэглэх мэт хэсэг сууснаа түнтгэр хүрэн царайндаа инээмсэглэл тодруулан,
-Орос цэргийн комиссар Рыскуловийн толгойг эргүүлдэг хэрэг ээ хө хэмээн хэлээд яриа дууссаны дохио болгон дахин нэг тамхилах зуур,
-Хана гэдэг чихтэй тул хамар доорхоо мэдэж явах нь та бидэнд өлзийтэй хэмээн нухацтай сануулаад саарал даавуун дээлийнхээ хормойг сөхөн босоод гарч одов.
Энэ өдрөөс хойш долоохон хоногийн дараа нэгэн мянга есөн зуун хорин дөрвөн оны намрын тэр өдөр хотол олны амнаас ам дамжин яригдсан нэгэн нэрийн тухай Алтан тэвшийн хөндийгөөр учир мэдэх хүмүүс хэлэлцэн суулаа.
-Аливаа бүхэн бэлгэ ерөөлтэй ажээ. Хамаг юм хоосорч мунхгийн харанхуй үүрлэхэд Рэгдэндагва хаан их цэргийнхээ хамт Шамбалын орноос гарч ирэн оюун санааны их тулаан хийж амар амгаланг авч ирэх ерөөлтэй Бавуу мааравын дончир буюу монголчилбол Улаанбаатар их балгад нэрээр нийслэл хүрээгээ нэрлэсэн нь хэний ухаанд багтав аа хэмээн хэлэлцэж байлаа.
-Шинэ засаг маань аргагүйн эрхэд улаан Оросыг налахдаа Өндөр гэгээнийхээ соёмбо үсгийг төрийнхөө туг далбаанд алтан таван хошуугаар сондор нэмэн оруулжээ. Соёмбо нь гэрэлтэж яваа цагт монголын заяа өөдөө байх нь дамжиггүй хэмээхэд учир мэдэх зарим нэг нь,
-Монгол төрийн сүлдэнд морио унасан монгол хүн уургаа суналзуулан давхиж явааг үзвэл, амгалан цаг ирсний тэмдэг биз. Бэлгэ ерөөл нь хаачих вэ хэмээн ярилцаж байлаа.
Харин тэр өдөр Цэрэндорж сайдын араас бодол болон суусан Жамбаа гавж гадаалж Богдхан уулын зүг хараа бэлчээн зогсохдоо “Хэтдээ төр шашин хоёр салж л таарах бий вий. Төр хурах, Шажин хурах гэсэн зэргэлдээ хоёр амны модон төгөл нэгэн агаараар амьсгалж нэгэн салхиар илбүүлэвч хоёр өөр ертөнцийн хил хязгаартай мэт ижилгүй харагдах нь юуных вэ? Түүх шастираа түймэрдэж, төрөл саднаа түйвээх цөвүүн цагийн айсуй зөн ойртож байх шиг хэмээн бодож Рэгдэндагва хааны хөргийг бүтээгээд улсын сан хөмрөгт тушаачихъя гэж бодсон ч амжихгүй ч юм шиг совин татаад байх юм хэмээн бодож зогссон Жамбаа гавж төгсгөлөө төлөгтөө харсан мэт долоо хоногийн дараа л насан хутгийг олсон байлаа.
Тэр цагаас хойш гурван жилийн хойно хийдийн хойморт буй бурхдын дундаас хэрмэл салхины үзүүрээр нууцаа нээсэн зургийг өөрийнхөөрөө гүйцээн зурсан Оросын аялагч Николай Рерихын өмнө Богдхан уулын хормойд ногоон зүлгэн дээрх сүм хийд, монгол гэр, идээшин буй адуу малын дээгүүр тэнгэрийн орноос улаан хөлөгт, улаан баатрын дүрээр салхи татуулан энэ л газар орныг хамгаалахаар ирж яваа гурван мэлмийтэй, догшин дүртэй, зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жад атгасан, ээтэн гуталтай Рэгдэндагва хааны хөрөг тийш бахархалтайгаар харан зогсож байлаа.
-Их Улаанбаатар балгадын шүтээн энд миний гараар бүтэх учиртай байжээ. Энэ хүртэл явсан эрэл хайгуулынхаа эцэст Шамбалын орны Рэгдэндагва хаантай энд учирлаа. Энэ монголчууд үнэхээр бэлгэ ерөөлтэй улс ажээ хэмээн хэлээд инээмсэглэж байв аа.