Зүүн, Зүүн өмнөд Азийн Геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийг зохицуулах хорооны Удирдах хорооны ээлжит 78 дугаар хурал өнгөрсөн тавдугаар сарын 30-наас өнөөдрийн хооронд манай улсад болж буй. Хурлын үеэр УУХҮЯ, БНСУ-ын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Уг санамж бичгийн хүрээнд ашигт малтмал, газрын тос, геологийн шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах аж. Сонирхуулахад, Монгол Улс дээрх хорооны гишүүн орноор 2018 онд элсжээ. Тус байгууллага нь геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, геологийн мэдээллийн менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг байна. Манай улс эл хорооны гишүүн болсноор бусад гишүүн болон хамтрагч орон, байгууллагуудын геологийн шинжлэх ухааны шинэ ололт, туршлагаас суралцах, санал солилцох, төсөл, хөтөлбөрт хамрагдах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг авах, жил бүр зохион байгуулдаг геологийн чиглэлийн сургалтуудад геологичдыг хамруулж, чадавхжуулах, дэлхийн геологийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, шинэ мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй авах боломж бүрдсэн аж.