“Рио тинто” групп Монгол Улсад ногдох 2,3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, Дубайн гэрээг цуцлах хамгийн том хоёр асуудлыг шийдэж чадсан түүхэн үйл явдал нь цар тахлын дэглэм хийгээд эдийн засгийн хямралд орсон Монгол Улсын хувьд дахин сэргэлтийн эхлэл болж чадлаа. Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай асуудал эртнээс хөндөгдөж эхэлсэн. Байгалийн баялгаас тэгш хүртэх ард түмний хүсэл, хүлээлтийн тэвчээр үндсэндээ барагдаж, магадгүй хурц тэмцлийн ирмэгт ч ирсэн байж болох юм.
2018 оны гуравдугаар сарын 23-нд УИХ-ын даргын 57 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж байв. Энэхүү ажлын хэсэг 18 сарын турш ажиллаж, 2019 оны арваннэгдүгээр сард Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолыг баталсан байна. Тогтоол тухайн үедээ УИХ-ын гишүүдийн 100 хувийн саналаар батлагдсан онцлогтой юм. Гэвч тогтоолын заалтууд хэрэгжихгүй хоёр жил болж, УИХ-ын гишүүд баталсан тогтоолынхоо заалтыг хэрэгжүүлэхээр шахаж шаардаж эхэлсэн. Үүний дагуу 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Д.Даваасүрэнгээр ахлуулсан Түр хороог УИХ-ын даргын захирамжаар байгуулсан зэрэг үйл явдал УИХ-ын төвшинд хүчтэй өрнөж эхлэв.
Өнгөрсөн сард Рио тинто группын гүйцэтгэх захирал Яхоб Стаусхольмтой УИХ-ын дарга Г.Занданшатар уулзахдаа зөвхөн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардсан юм. Нийт 6 зүйлтэй тогтоолыг хэрэгжүүлснээр Оюу толгой ордод Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангуулах, өнгөрсөн хугацаанд тодорхой хууль тогтоомж зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгуулсан “Оюу толгойн далд уурхай, бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” буюу Дубайн гэрээг хүчингүй болгох, цаашлаад Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу сайжруулах шаардлагатай байгааг талаар ярилцсан байна.
Эдүгээ УИХ-аас баталсан 92 дугаар тогтоолын заалтуудыг Рио тинто групп гүйцэтгэжээ. Дэлхийд нөлөө бүхий Рио тинто групп зөвхөн хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын 92 дугаар тогтоолыг барьж, Оюу толгойн ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулсан шийдвэр гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу байгалийн баялгийн тэгш хуваарилалтын зарчим хуульчлагдсан. Энэхүү заалт бол Рио тинтог шаардах, хэлэлцээрийн ширээний ард суухад Монголын төрийн ард түмнийхээ өмнөөс гартаа барих бас нэгэн “зэвсэг” нь болж чадсан юм.
Ийнхүү хууль эрх зүйн хүчтэй шаардлага, туйлбаргүй шахалт, гарцаагүй нөхцөлийг УИХ-ын зүгээс бүрэн бүрдүүлсэн учраас Рио тинто буулт хийхээс өөр гарцгүй болсон гэдгийг дээрх баримт нотолж байна. Ардын баатрууд олширсон энэ өдрүүдэд хууль эрх зүйт монгол төрийн тасралтгүй үргэлжилсэн тогтоол, захирамж, яриа хэлэлцээрийн үр дүн гэдгийг ялгаж салгахыг хүсье. Энэ бол хэн нэгэн хувь улстөрчдөд тохох гавьяа хэрхэвч биш юм.
Монголын ард түмний өөрсдийн хүсэл, шаардлагаар биеллээ олсон шударга зарчмын үр дүн гэж хэлж болно. Ард түмний хүсэл шаардлагыг гүйцэлдүүлэх төлөөллийн байгууллага УИХ-ын шаардлагыг Рио тинто биелүүлсэн гэсэн үг.
Бэлтгэсэн Д.Батзаяа