“Оюутолгой” компанийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг энэ хавраас барьж эхлэхгүй бол оройтно” гэж “Рио тинто” группийн Монгол дахь төлөөлөл мэдэгдэв. Тус компани хөрөнгө оруулалтын гэрээнийхээ хүрээнд үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойш дөрвөн жилд багтаан дотоодын эх үүсвэрээс эрчим хүч худалдаж авах учиртай. Тэдний үйлдвэрлэл 2013 онд эхэлж, зэсийн баяжмалаа анх экспортолсон. Уг нь гэрээ ёсоор “Оюутолгой” компани 2017 оноос өмнө дотоодын эх үүсвэрээс эрчим хүч авч эхлэх ёстой байлаа. Гэтэл Засгийн газраас санаачилга гарган, Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг хоёр тал 2014 онд байгуулав. Манай Засгийн газар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц бариулах бодлого баримталсан учраас ийм гэрээ байгуулж, “Оюутолгой”-н хүлээсэн үүргийг түдгэлзүүлсэн юм. Улмаар Эрчим хүчний яамнаас Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барих төслийн нэгж байгуулан, суурь судалгаа хийж, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулсан. Ингэхэд Японы “Марубени” корпорац ялсныг бид мэднэ. Гэвч тус корпорац цахилгаан станц барих зээлийн хүүгээ бууруулахын тулд нэг тэрбум ам.долларын баталгаа гаргах саналыг “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч “Рио тинто”-д тавьсан.
Хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суусан ч тохиролцоонд хүрээгүй. Ингээд цахилгаан станц барих санхүүжилт нь төсөөлснөөс өндөр өртгөөр олдох байсан учраас “Марубени” төслөөс татгалзав. Нэгэнт хөрөнгө оруулагч төслөөс татгалзан, гацаанд орсон учраас Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг 2018 оны хоёрдугаар сард цуцалсан билээ. Тэрбээр тухайн үед ийм гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байсан гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн, дөрвөн жилд багтаан дотоодын эх үүсвэрээс цахилгаан авах үүргээ биелүүлэх “тоолуур” тухайн үеэс дахин гүйж эхэлсэн гэсэн үг.
“Оюутолгой” компани 2023 онд багтаан эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс авахгүй бол гэрээгээ зөрчинө. Тиймээс энэ хавраас цахилгаан станцаа барьж эхлэхгүй бол хожимдоно гэж ярьж буй юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг яаралтай шийдвэр гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Одоогоор “Оюутолгой”-г эрчим хүчээр хангах гурван төслийг тэд хэлэлцэж буй аж. Засгийн газар алийг нь дэмжих бол. Гурван төслийн талаар Засгийн газрын баримталж буй бодлогыг тоймлоё.
“РИО ТИНТО”-ГИЙН САНААТАЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ
“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагч “Рио тинто” групп Тавантолгойн ордыг түшиглэн жилд 300 МВт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн сард Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Тэд 924 сая ам.доллароор цахилгаан станц барих ТЭЗҮ хийжээ. Эрчим хүчний яамныхан үүнийг өртөг өндөртэй ТЭЗҮ гэж тайлбарлалаа. Цахилгаан станц барих болон зөвлөх компанийг дэлхийн шилдгүүдээс сонгохоор тусгажээ. Мөн цахилгаан станцыг ажиллуулах менежментийн багийн төлбөрийг ч өндөр дүнтэй тусгасан байна. Дэлхийн шилдгүүд цахилгаан станц барихдаа өндөр хөлс нэхэх нь ойлгомжтой. Ингэхээр цахилгаан станц барих зардал өсөх нь аргагүй. Түүнчлэн станцыг ажиллуулах багт өндөр дүнтэй менежментийн төлбөр олгох нь зардлыг нэмэгдүүлж таарна.
Зардлаас гадна тэдний ТЭЗҮ-ийг дагаж маш том асуудал боссон. “Рио тинто” группийнхэн “Эл ТЭЗҮ-ээр цахилгаан станц баривал Монголын тал хөрөнгө оруулалтын 34 хувьд ногдох хариуцлага хүлээ” гэжээ. Уг санал “Цахилгаан станц Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг байна. Тиймээс бид барих мөнгийг нь гаргана. Хөрөнгө оруулалтын зардлын 34 хувийг Монголын тал төлнө” гэсэн агуулгатай аж. Ингэвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал дахиад нэг тэрбум орчим ам.доллароор нэмэгдэнэ гэсэн үг.
Хөрөнгө оруулалт нэмэгдэх учраас мөнөөх “хэрүүлийн алим” болсон ногдол ашиг авах хугацаа улам хойшилно. Өндөр үнээр цахилгаан станц бариулж, хөрөнгө оруулалтын зардлыг улам нэмсэн гэх хэл ам араас нь дагах нь дамжиггүй. Уг ТЭЗҮ-ээр цахилгаан станц барих, эсэхийг “Рио тинто”-той Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар хийж буй шинэ хэлэлцээний хүрээнд ярилцаж байгаа аж. Төслийн хөрөнгө оруулалтыг нэмэхийг олон нийтийн байгууллага, зарим улстөрч хүчтэй эсэргүүцдэг. Энэ санал “улстөржилтөө даахгүй” байх мэдэх юм. Манай талаас “Энэ бол тусдаа, үр ашигтай ажиллах төсөл. Тиймээс та нар хөрөнгө гаргаад цахилгаан станцаа бариул. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс тусад нь авч үз” гэсэн байр суурь илэрхийлсэн гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, “Рио тинто”-гийн санаатай монголчууд санал нэгдэхгүй гэсэн үг.
“СЭРГЭЭГДЭХ” СТАНЦЫГ ДЭМЖИХГҮЙ
“Ньюком” компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумд барьсан 50 МВт-ын хүчин чадалтай “Цэций” салхин цахилгаан станцаа өргөтгөн “Оюутолгой”-д эрчим хүч нийлүүлэх санал гаргаад байна. Тэднийх нэг кВт/цаг цахилгаанаа 7.8 центээр нийлүүлэх боломжтойгоо мэдэгджээ. Гэвч салхин цахилгаан станцаас “Оюутолгой”-д эрчим хүч нийлүүлэхийг дэмжихгүй гэдгээ Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн уламжлав. Салхин цахилгаан станц нь хүлэмжийн хий ялгаруулахгүй байх, эдийн засгийн үр ашиг өндөр гэсэн давуу талтай. Гэтэл үйлдвэрлэл нь тогтворгүй байдаг нь хамгийн том сул тал болдог гэж мэргэжилтнүүд ярьж байна. Салхин цахилгаан станцаас эрчим хүч авахаар болбол “Оюутолгой” компани Хятадаас хэрэглээгээ хангасаар байх аж. Учир нь салхин цахилгаан станцын үйлдвэрлэл зогсвол “Оюутолгой” эрчим хүчээ урд хөршөөс авахаас өөр аргагүй нөхцөлд хүрэх гэнэ.
Салхи гарахгүй бол салхин цахилгаан станцын үйлдвэрлэл зогсдог. Мөн салхины хурд секундэд 25 метрт хүрвэл, агаарын хэм -30-аас дээш хүйтэрвэл үйлдвэрлэлээ зогсоодог горимтой. Тиймээс эрчим хүч тогтвортой нийлүүлэх боломж муу учраас дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван “Салхин цахилгаан станцууд дунджаар хүчин чадлынхаа 30 хувьтай тэнцэх эрчим хүч үйлдвэрлэдэг. Мөн үйлдвэрлэл маш тогтворгүй байдаг. Тиймээс яамнаас эрчим хүч тогтвортой үйлдвэрлэх эх үүсвэр барьж, “Оюутолгой”-г хангах бодлого баримталж байна” хэмээн тодруулан ярьсан юм. Тэгэхээр “Оюутолгой”-г зөвхөн салхин цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчээр хангах боломжгүй байх нь.
ДОТООДЫН КОМПАНИУД СТАНЦ БАРИХ БОЛОМЖТОЙ
Үндэсний компаниудын нэгдэл Тавантолгойн ордод цахилгаан станц барьж “Оюутолгой”-г эрчим хүчээр хангах саналаа Засгийн газарт танилцуулжээ. Тус нэгдэлд аль компани багтаж, ямар санал гаргасан нь одоогоор тодорхойгүй байна. Эрчим хүчний салбарт ажиллаж, чамгүй туршлага хуримтлуулсан MCS групп тус нэгдэлд багтаж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ энэ бол баталгаагүй эх сурвалжийн мэдээлэл. Эл салбарт бизнес эрхэлсэн туршлагатай үндэсний компаниуд 300 МВт-ын хүчин чадалтай том цахилгаан станц барина гэж зоригтой дуугарсан нь ойлгомжтой. Мөн тэд гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө босгох чадал чансаатай байх нь дамжиггүй биз.
Цахилгаан станцаа барьсны дараа манай инженерүүд ажиллуулж чадна. Гадаадаас өндөр үнэтэй менежментийн баг хөлсөөд байх онцын шаардлагагүй. Төвийн бүсийн эрчим хүчний системийн “зүрх” болсон “ДЦС-3”, “ДЦС-4”-ийг монгол инженерүүд ажиллуулсаар ирсэн. Шинэ цахилгаан станцыг найдвартай ажиллуулах хүний нөөц бий юү гэдэгт санаа зоволтгүй болов уу. Хэрэв дотоодын нэгдэл цахилгаан станц барихыг дэмжвэл гадаадын туршлагатай компани хөлсөлж, өөрсдөө туслан гүйцэтгэгчээр нь ажиллах биз. Манай компаниудад одоохонд цахилгаан станц барих чадвар байхгүй гэдэг.
“Рио тинто”-гийн санал болгож буй ТЭЗҮ-ийг дэмжвэл “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардал өснө. Дан салхин цахилгаан станцаар төслийг эрчим хүчээр хангах боломжгүй гэнэ. Тэгэхээр үндэсний компаниудын нэгдэл цахилгаан станц барих хувилбар дэмжигдэх магадлал өндөр юм. “Оюутолгой”-г эрчим хүчээр хангах төслүүдийн ил болсон мэдээлэл иймэрхүү байна. Засгийн газар хөшигний ард үүнээс илүү нарийн мэдээлэл авч, харьцуулан дүгнэлт хийж буй нь дамжиггүй. “Рио тинто”-гийнхон ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд манай Засгийн газрыг яаруулж байгаа нь ойлгомжтой.