-Уул уурхайн салбарын стратеги, бодлогыг Засгийн газар хэрэгжүүлсэнгүй-
Монгол Улс урт хугацааны стратегийн болон бодлогын баримт бичиг боловсруулж баталдаг ч хэрэгжүүлдэггүй гэсэн шүүмжлэл гардаг. УИХ-аас 2008 онд Үндэсний хөгжлийн цогц бодлого хэмээх стратегийн баримт бичиг баталсан. Тэгвэл 2016 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг баталсан юм. Эл бодлогын баримт бичиг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн байх ёстой. Тэгэхээр манай улс 2030 он хүртэлх зүг чигээ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар баримжаална гэсэн үг. Энэ удаа уул уурхайн салбарын бодлого, төсөл, хөтөлбөрүүд, тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байна уу гэдгийг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаанд суурилан “сонжъё”.
Зорилт 1. Геологийн салбарын хөгжлийг дэмжинэ
• I үе шат (2016-2020): Геологи, геохими, геофизикийн бүх төрлийн судалгааны ажлыг иж бүрнээр гүйцэтгэх чадавхыг бэхжүүлж, судалгааны ажлын арга, аргачлал, зааврыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн заавар, аргачлалтай уялдуулан шинэчлэн боловсруулах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг геологийн 1:200 000 масштабын зураглалд бүрэн хамруулан, ашигт малтмалын хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газрын 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт нутаг дэвсгэрийн 40 хувьд гүйцэтгэх
• II үе шат (2021-2025): Геомэдээллийн нэгдсэн сан бий болгож, ашигт малтмал хайгуулын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, ашигт малтмалын хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газрын хэмжээнд 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд гүйцэтгэх
• III үе шат (2026-2030): Ашигт малтмалын эрдсийн хуримтлал бүхий талбайд нарийвчилсан эрлийн ажлыг хийх, ашигт малтмалын хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газрын хэмжээнд 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт нутаг дэвсгэрийн 50 хувьд гүйцэтгэх
Зорилт 2. Ил тод, хариуцлагатай олборлох үйлдвэрлэлийг төлөвшүүлж, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ
• I үе шат (2016-2020): Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангаж, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлж, говийн бүсийн томоохон хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах
• II үе шат (2021-2025): Усан хангамжийн найдвартай эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн томоохон төслүүдийн үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлыг эзэмших
• III үе шат (2026-2030): Уул уурхайн томоохон төслүүдийн шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлж, дэд бүтцийг хөгжүүлэх
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д уул уурхайн салбарын талаар ийн тусгажээ. Геологийн 1:200 000 машстабын зураглалыг газар нутагтаа бүрэн хийж дууссан. Тэгвэл геологийн 1:50 000 машстабын зураглалыг газар нутгийнхаа 40-өөс дээш хувьд нь хийгээд байгаа. Тэгэхээр геологийн салбарыг хөгжүүлэх зорилтоо Засгийн газар хэрэгжүүлжээ. Харин ашигт малтмалын хайгуулын лиценз олгохыг зогсоох, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын талд ашиггүй болсон гэсэн дүгнэлт гаргасан гэх мэтээр хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж чадаагүй. Байгаль орчинд ээлтэй тээвэр болох төмөр замын төслүүдээ дөнгөж эхлүүлэх гэж байна. Говийн бүсэд өндөр хүчин чадалтай цахилгаан станц бариагүй. Тэгэхээр 2016-2020 оны тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэж болох нь.
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого нь хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгож, үндэсний язгуур эрх ашгийг хангахад чиглэнэ.
• Боловсруулах салбарын хүрээнд төрийн бодлого нь эрдэс баялгийн боловсруулалтын түвшин дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг бодлогоор дэмжих
• Нүүрс баяжуулах, кокс, химийн үйлдвэр байгуулах, нүүрсний ордод түшиглэсэн цахилгаан станц барих, хүрэн нүүрснээс утаагүй, шингэн түлш, хий, шатдаг занараас шингэн түлш гарган авах зэрэг төслийг дэмжих
• Төрөөс боловсруулах үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжиж, ашигт малтмалын боловсруулалтын түвшнийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
УИХ-аас 2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын зарим заалтыг онцлов. Ялангуяа нүүрс боловсруулахтай холбоотой заалтыг онцоллоо. Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл баримтлалаас хоёр жилийн өмнө уг бодлогыг баталсан. Тиймээс тогтвортой хөгжлийн зорилтод уг баримт бичгийн заалтыг багцлан тусгасан юм. Тэгэхээр уул уурхайн салбарын бодлого, зорилтыг 2014 онд баталсан бичиг баримтын дагуу хэрэгжүүлж байгаа гэж дүгнэх үндэстэй. Уул уурхайн салбарынхан ч сайн баримт бичиг болсон гэж дүгнэдэг.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг 2025 он хүртэл хэрэгжүүлэх учиртай. Баримт бичгийг хэрэгжүүлэх хугацаа талаасаа хэтэрчээ. Гэтэл “Оюутолгой”-гоос өөр төслүүдэд ахиц гарсангүй. Тодруулбал, утаагүй түлшийг эс тооцвол нүүрс боловсруулах төслүүд огт хөдөлсөнгүй. Заримынх нь техник, эдийн засгийн үндэслэлийг ч хийж дуусаагүй байна. Цахилгаан станц барьж чадаагүй байгааг дээр дурдсан. Төрөөс боловсруулах үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжихээр тусгажээ. Гэвч Сангийн сайд боловсруулах үйлдвэрээс ашигт малтмалын нөөц ашигласны татвар авах хууль санаачилсан. Үндсэндээ уул уурхайн салбарт тавьсан зорилтуудын хэрэгжилт маш удаан байгаа. Шатдаг занараас шингэн түлш гаргаж авах бодлогыг хэрэгжүүлэх зорилтыг зорилгоо болгоогүй нь энэ чиглэлээр ямар ч ажил хийхгүй байгаагаас бэлхнээ харагдана. Түүнчлэн бодлогын баримт бичигт “дэмжих” гэдэг үг олон хэрэглэжээ. Зорилтоо хэрэгжүүлэх зорилго тавивал төр дэмжихээ ийн илэрхийлсэн. Гэвч Засгийн газарт бодлогыг нь хэрэгжүүлэх зорилго байна уу.
Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрөөс
2.59. Монгол орны геологийн зураглал, ерөнхий эрэл, агаарын геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн судалгааны ажлын хэмжээг нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжинэ.
2.60. Олон улсын жишгийн дагуу Үндэсний геологийн алба, Үндэсний геомэдээллийн санг байгуулан, мэдээлэл түгээх үйлчилгээг хялбаршуулна.
2.61. Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.
2.62. Уул уурхайн үйлдвэрлэл дэх төрийн оролцоог зохистой хэмжээнд байлгаж, кадастрын бүртгэлийн системийг боловсронгуй болгож, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг хөнгөн шуурхай болгоно.
2.63. Газрын тосны болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөнө.
2.64. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.1.2-т заасан иргэд бичил уурхайн салбарт хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг хэрэгжүүлэн холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
2.65. Уул уурхайн дэд бүтцийн хөгжлийн урт хугацааны төлөвлөлт боловсруулж, салбар хоорондын уялдааг сайжруулна.
2.66. Уул уурхайн судалгааны нэгж байгуулж, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоно.
2.67. Хоёрдогч ашигт малтмал ашиглах эрх зүйн орчныг бий болгож, уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэнэ.
2.68. “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Монголбанктай хамтран шийдвэрлэнэ.
2.69. Алтны олборлолтыг нэмэгдүүлж, бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг худалдан авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.70. Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна.
2.71. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг дэмжиж ажиллана.
2.72. Дархан, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
2.73. Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжинэ.
Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө уул уурхайн салбарт дээрх ажлуудыг хийхээр тусгажээ. Геологийн зураглал, ерөнхий эрэл хийх төсвийг нэмэхгүй байгаа. Тиймээс талбай нь нэмэгдэх боломжгүй. Засгийн газар Үндэсний геологийн алба байгуулах шийдвэр гаргасан. Гэхдээ хэрэгжүүлээгүй байна. Дахин дурдахад, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосноор салбарын хөрөнгө оруулалтыг хязгаарласан. Мөн “Оюутолгой”-н төслийг тойрсон маргаан тасрахгүй байгаа нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол түрүүлдэг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын орчин таагүй хэвээр байгаа гэсэн үг. Үүнээс гадна бичил уурхай эрхлэх журмыг шинэчлэх нэрийдлээр үйл ажиллагааг нь хязгаарлав. Түүнчлэн уул уурхайн судалгааны нэгж байгуулсангүй. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэхээр Уул уурхайн тухай хуулийн төсөл боловсруулсан ч түүнийгээ УИХ-д өргөн мэдүүлээгүй юм.
Монголбанкны хүчтэй оролцоотойгоор “Алт-2” хөтөлбөртэй холбоотой зорилтуудын дийлэнх биелсэн. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн. Засгийн газрын дэмжлэгтэй зэс хайлуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Энэ мэтээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн тохиолдол бий. Харин хар төмөрлөгийн цогцолбор байгуулах, нүүрс угаах үйлдвэрийн төслийг дэмжих зорилт нь хэрэгжээгүй.
Уул уурхайн салбарын стратегийн үзэл баримтлал, бодлогыг 2016 оноос хойш ажиллаж буй Засгийн газар маш муу хэрэгжүүлжээ. Хийж амжуулахаар төлөвлөсөн ажлаасаа ухарсан, “гацаасан” нь бишгүй аж. Үүнийг зорилгогүй зорилт гэж дүгнэхээс өөр аргагүй. Засгийн газар уул уурхай салбарын хөгжлийг урагшлуулах тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавиагүй нь хачирхалтай. Ялангуяа өмнийн говьд уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа билээ.