Өнөөдөр Капитал банкийг татан буулгах шийдвэрийг Монголбанкнаас гаргалаа. Банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөгт хүрч байгаа нь банкны нийт зээлийн багцын 80 хувьтай тэнцэж байгаа гэдгийг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар тус банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ.
Монголбанкны мэдээлж буйгаар Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн 256 хадгаламжийн данс байгаа бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацад даатгагдсан гэдгийг Хадгаламжийн даатгалын корпорацын захирал Х.Бум-Эрдэнэ мэдээллээ.
Хадгаламжийн даатгалын корпорацын санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай иргэд, аж ахуйн нэгжийн мөнгийг "Хаан" банкинд шилжүүлж, хохиролгүй олгох юм байна.
МОНГОЛБАНКНЫ АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.
Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан болно.
Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэв.
Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авна уу.