Улсын хэмжээнд энэ онд 408.9 мянган га-д тариалалт хийж, 518.7 мянган тонн буудай хураан авах төлөвлөгөөг ХХААХҮЯ-наас гаргажээ. Өнгөрсөн онд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ургацын 50 хувийг алдсан. Тиймээс энэ жил тариалалтын бэлтгэлд онцгойлон анхаарч буйгаа мэдээлэв. 470 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрх тариалалт хийхээр бэлтгэлээ хангасан бөгөөд нийт 60 мянган тонн буудайн үр шаардагдаж байгаа аж.
Аж ахуй нэгжүүд 2017 оны ургацаасаа 24 мянган тонн үр нөөцөлсөн бол Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-д 25.8 мянга, улсын нөөцөд 3000 тонн үр бий гэнэ. Үүнээс гадна төсвийн хөрөнгөөр 4.8 мянган тонн элит үр авч, зургаан аж ахуйн нэгжид 2.5 мянган тонн үр импортлох зөвшөөрөл олгосон байна.
Тариалалтын бэлтгэлийг хэрхэн базааж буйг ТЭДС-гийн гүйцэтгэх захирал В.Үнэнбатаас тодруулахад “Сангийн нөөц дэх үрийг тариаланчдад 30 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаж, дэмжлэг үзүүлж буй. Мөн ургац хураалтад зориулж 6500 тонн түлш олгоно. Ургамал хамгааллын 405 000 тонн бордоо нийлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон. Шингэн бордоо анх удаа нийлүүлэхээр нэг тэрбум орчим төгрөг төсөвлөсөн” гэлээ.
Дашрамд дурдахад, энэ хавар газар тариалангийн үйлдвэрлэлд 22 мянган тонн шатахуун шаардлагатай бөгөөд ХХААХҮЯ-ны холбогдох албаныхан 7800 тонн дизель түлшний онцгой албан татварыг тэглүүлэх төсөл боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлэхээр ажиллаж буй гэнэ.
Энэ онд тариалалт хийх талбай, ургацын хэмжээг тоон мэдээнд дэлгэрэнгүй үзүүллээ.