Монгол Улсын Ерөнхийлөгчийн экс хүргэн, улс төрд хөтөлж, бойжуулсан “өргөмөл” хүү Б.Пүрэвдагва нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болоод байна. Мөн У.Хүрэлсүхийн төрсөн дүү, үеэл, “олдмол” хүү гээд ураг садны хэлхээ нь Монголын төрд хэдийн “аалзны тор” татжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн эргэн тойрны хүмүүс төрийн өндөр албан тушаалд очих, томилогдох нь үзэгдэл болов.
Манай парламентад Ховд аймгаас баз хүргэн болох С.Бямбацогт, Д.Батцогт нар хамт ажилласан үе бий. Төрсөн эгч, дүү хоёр болох Б.Саранчимэг, Б.Наранхүү нар ч нэг “ангид” сууж л байлаа. Эд гэхдээ өөр өөр намаас сонгогдсон байв. Мөн ахыгаа дүү, ээжийгээ хүү нь залгамжлан сонгогдсон жишээ цөөнгүй. Тэгвэл яг одоогийн УИХ, төрийн өндөр албан тушаалтнуудын ургийн модны зураглал ямар байна вэ.
ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ “ОЛДМ
Энэ бол Ерөнхий сайд Н.Учрал. Тэрбээр 22 настайдаа МАН-д элссэнээс хойш зогсолтгүй өгссөөр өнөөдөр Засгийн газрын тэргүүн болоод буй. Ер нь МАН-ын улс төрчдийн туулдаг, өгсдөг зам ижил. Тэдний олонх нь бүрэн төлөвшиж ч амжаагүй бага залуудаа намд элсэж, нэг “том ах”-ын нөмөрт багтсанаар улс төрийн карьер нь өгссөн байдаг. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан МАНын эрхмүүдийн олонх нь ийм л зам туулсан. Улс төрд өндөр албан тушаал хашдаг “том ах” болохын тулд тэдний заавал туулдаг нэг дамжлага нь тус намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбоо (СДМЗХ) холбоо юм. Тэд бүгд л эхлээд дэд, дараа нь ерөнхийлөгчөөр нь ажилласан байдаг. МАН-д тогтоосон “өгсөх замын дүрэм” юм уу даа. Н.Учрал ч тэр уламжлалыг дагасан юм. Ингээд 2016 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож, салбарын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Тэргүүн шадар сайд, одоо Ерөнхий сайд болжээ. У.Хүрэлсүхийн шууд дэмжлэгээр энд хүрсэн тэрбээр нэг хэсэг хүндээр өвдсөнийхөө дараа “ах”-ыгаа аавтайгаа зүйрлэсэн удаатай.
МАН-ынхны их талцлын дундаас түү нийг “дундын хувилбар”-аар тодруулж, намын дарга, УИХ-ын дарга, тэгснээ Ерөнхий сайд болгосон билээ. Дундын зарчмаа барьж ажиллаж, чадах, үгүйг нь дүгнэхэд арай эрт байна. Учир нь түүний танхим байгуулагдаад сар гаруй л болж буй юм.
ШИНЭ ЦАГИЙН КОММУНИСТ
Хотын шинэхэн дарга Б.Пүрэвдагва бол яг л дээрх жимээр туучиж яваа шинэ цагийн коммунист. Тэрбээр бүр Н.Учрал “ах”-ыгаа давж, 18 настайдаа МАН-д элссэн нэгэн. Эдүгээ 36 настай эл залуу амьдралынхаа тал хувьд МАН-ын үзэл суртал, ах нарынхаа “хор найруулга”-аар тархиа угаалгасан, тэднийг харж, дуурайж “өссөн” гэсэн үг. Тэгэхээр хэчнээн 1990 оны, залуу хүн байгаад түүнээс хотыг үсрэнгүй хөгжүүлэх шинэлэг сэтгэлгээ, арга барил хүлээгээд нэмэргүй гэсэн үг. Тэр харахад залуу ч алсуураа баримтлах арга барил, зарчим нь өмнөх дарга нараасаа дээрдэхгүй биз ээ. Томилогдсон эхний хоёр өдөртөө л үгээр үүнийгээ батлаад өгсөн. Хотын даргын ажлыг тэрбээр “тостой халуун тогоо руу үсэрч орохтой адил” хэмээн зүйрлэж, тэгснээ “Энэ албан тушаалаас болж ирэх сард хийх байсан хуримаа хойшлуулсан” гэлээ. Маргааш нь “Урьд шөнө би бараг унтсангүй. Ажилтайгаа танилцаж хонолоо” гэжээ. Ажиллаж эхлээгүй атлаа л ялархаж, попрох юм. Үүнийг тэр ах нараасаа сурсан байлгүй яах билээ. Уг нь ажлын цагтаа багтаад үр ашигтай ажиллах бол маш чухал ур чадвар юм. Ажилтайгаа хонон өнжин атанилцахыг, бусад ажилтнаа чирэгдүү лэхийг, ер нь хувийн амьдралаа “золиослоод” хотын дарга болохыг нийслэлчүүд бид лав түүнээс албадаагүй. Угаас иргэд түүнийг сонгоогүй, нам нь, “том ах” нар нь томилсон шүү дээ.
Б.Пүрэвдагва 11 жилийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн том охинтой амьдран сууж байснаа өөрөө хуваалцжээ. Тэд дундаасаа хүүхэдтэй гэсэн. Анхнаасаа л У.Хүрэлсүхийн нөмөрт өсөж өндийсөн юм билээ. Генсек байхаас нь туслахаар карьераа үргэлжлүүлж, өнөөх л СДМЗХны нарийн бичгийн болон дэд дарга хийж, одоо ерөнхийлөгчөөр нь ажиллаж буй. Ингээд экс хадам, улс төрийн “том ах”-ынхаа дэмжлэгээр хотын дарга болоод байна. Төрийн ажлын ямар ч туршлагагүй, харин “цүнх баригч”-аар мэргэшсэн энэ залуугаас бид их зүйл хүлээх хэрэггүй. Гэвч залуу хү ний шинэлэг сэтгэлгээ бага боловч байгаа бол иргэдээ дээрээс биш, дундаас нь харж ажиллана гэж найдна.
УИХ ДАХЬ ХАМААТНУУД
Төрийн тэргүүний төрсөн дүү У.Отгонбаяр 2024 оны сонгуулиар зүүн бүсэд нэр дэвшин гишүүн болсон. Ийнхүү ах нь Ерөнхийлөгч, дүү нь УИХ-ын гишүүн болсонд тэдний хамаатан садан бол их л бахархдаг биз ээ. Монгол Улсын иргэн хэн ч байсан сонгох, сонгогдох эрхтэй тул буруу гэж хориглох хэцүү. Тиймээс үг, үйлдэл, хэрхэн ажиллаж буйгаас нь дүгнэлт хийх хэрэгтэй болно. Эл гишүүний хувьд Ерөнхийлөгчийн төрсөн дүү гэдгээрээ л танигдсанаас биш, одоогоор тодорч, торойсон ажил хийсэнгүй. Тэрбээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрч лөлт оруулах төслийг санаачилсан. Энэ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 50 хувь нь тухайн шатны Засаг даргаар ажиллаж болно буюу “давхар дээл”-ийг хязгаарлахгүй байя гэсэн агуулгатай төсөл. Харин иргэдийн эрхийг хангахад санаа тавьсангүй. Одоохондоо тэр гэм хор багатай гишүүдийн тоонд багтаж байна.
Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн бас нэг үеэл бий. Тэр нь гишүүн Б.Жавхлан. Тэд төрсөн эгч дүүсийн хүүхэд юм билээ. Эл гишүүн мөн Төрийн тэргүүний үеэлийн хувиар ач тусыг нь хүртэж яваа нэгэн. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр 2010-2016 онд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байв. Үүнээс хойш УИХ-д тасралтгүй гурван удаа сонгогдоод байна. 2022-2026 онд гурван Засгийн газарт Сангийн сайдаар ажилласан. Сая Н.Учралын үед “арай гэж” чөлөөлөгдсөн ч яаж ч “дан дээлтэй” явах билээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хийж буй юм. Тийм ч учраас МАН-ын бүлэглэлийн аль талд хамаарах нь тодорхой байна. Түүнчлэн Б.Жавхлан гишүүний төрсөн эгч Б.Сэргэлэн одоо Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажилладаг. Эл эмэгтэй УДБЭТын захирал, БСШУСЯ-нд Соёл урлагийн бодлогын газрын дарга хийж байв. Үүнд том хамаатных нь нөлөө байсныг ч үгүйсгэхгүй.
Тэгвэл УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нар хамаатан. А.Ариунзаяа бол Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд П.Жасрайн том охин Ж.Дэлгэрмаагаас төрсөн зээ нь. Үүгээрээ тэр пиар хийж, улс төрд хөл тавьсан юм. Тэгвэл гишүүн О.Саранчулууны нөхөр нь П.Жасрай агсны дунд хүү болох Ж.Жамсрангийнх нь хүү аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр Ерөнхий сайд агсны ач хүүтэй суусан гэсэн үг. Ингээд А.Ариунзаяагийн хувьд О.Саранчулуун бэр нь болж байна. Тэд хоёул МАН-ын жагсаалтад багтан хууль тогтоох байгууллагын босго давсан. Бэр бүсгүй нь хөгжлийн бэрхшээлийн иргэдийн төлөөлөл болж, МАН-ын жагсаалтын дөрөв, А.Ариунзаяа 11-т бичигдсэн. Тухайн үед МАН-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс О.Саран чулууныг зүгээр нэг сонгоогүйг үүнээс харж болно. Хамаатнууд УИХ-д сууж болохгүй гэх хууль үгүй ч тэд бусадтай адилхан шударгаар өрсөлдөөд, чадвар, туршлагаа үнэлүүлж, иргэдийн саналаар сонгогдсон байх ёстой. Харин эдгээр эмэгэй бол “ногоон гэрлээр”, сайн өвөө, нам засгийн дэмжлэгээр өндөр сэнтийд сууснаараа ялгаатай. Мөн УИХ-ын гишүүн бол бүх ард түмний төлөөлөл, тэдний эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Гэтэл дэмнүүлж орж ирчхээд үндсэн үүргээ гүйцэтгэхгүй, оронд нь өөрсдийг нь гишүүн болгосон экс даргынхаа “улаан хамгаалагч”-ийг л хийж байна. Тэдний бүлэглэл Үндсэн хуулиа зөр чин, төрийн эрхийг булаах ажилд хүчин зүтгэж буй нь ургийн модны гишүүдийн хамгийн гол хор уршиг юм.
Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Амарсайхан нар худ. Ерөнхийлөгч асны том охин Б.Намуун ХЗДХ-ийн сайдын төрсөн ахын хүү болох О.Тэнүүнтэй гэрлэжээ. Эдгээр худ улс төрч ч бас “хөшигний ар”-ын хамааралтай. МАН дотроо У.Хүрэлсүхийн болон Л.Оюун-Эрдэнийн гэсэн бүлэглэлд хуваагдаад удаж буй. Тэгвэл С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газрын Шадар сайд байсан хэдий ч 1980-аад оны бүлэглэлийнхний улс төрийн акцад нэгдэж, танхимынхаа эсрэг огцруулах санал өгч байсан нэгэн. Улмаар тэдний акц Үндсэн хууль зөрчсөнийг Цэц тогтоосноор Г.Занданшатарын Засгийн газрын эрх сэргэж, танхимынхаа эсрэг санал өгсөн түүнийг Ерөнхий сайд асан “хөөсөн” байдаг. Гэвч тэр гандан буурсангүй. Н.Учралын Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар эргэн ирээд буй. Хотын дарга байхдаа буюу 2020 онд С.Амарсайхан 3.2 тэрбум төгрөгийн төсвөөр хөгжимт усан оргилуур гээчийг бариулсан. Өнөөх нь зундаа алдаг оног ажилладаг, усаа зөөдөг, төсвийн үргүй зардлын тод жишээ болж үлдээд байна. Мөн 2021-2025 онд нийт гурван Засгийн газарт Шадар сайд хийж, онцгой байдлын салбарыг хариуцахдаа үлдээсэн цөөнгүй “хар мөр” бий.
Х.Баттулга бол Монголын төрийн хамгийн өндөр албан тушаал болох Төрийн тэргүүнээр ажилласан хүн. Гэвч улс төрөөс явж өгдөггүй, цаддаггүй. Эдүгээ тэрбээр нөлөөгөө АН-д, МАН-д ч тэнцүүхэн хадгалдаг, “хор найруулгын технологич”. Худын ёсоор тэд иймэрхүү “ажилдаа” гар нийлдэг аж.
Албан ёсоор тодорхой болсон, ураг төрлийн хамааралтай улс төрчид нь эдгээр. Үүнээс гадна гишүүн М.Нарантуяа-Нара чуулганы танхимд “УИХ-ын танхимд ээж, хүү хоёр хамт суудаг юм байна” хэмээн ярьсан нь бий. Гишүүн Б.Хэрлэнг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамтран амьдардаг тухай мэдээлэл гарснаас үүдэн тэрбээр ийм “хов” ярьсан хэрэг. Гэхдээ Б.Хэрлэн гишүүн МАХН-ыг байгуулснаас хойш улс төрийн ажлаар холбоотой ажиллаж буйгаас биш, хувийн харилцаа байхгүй гэсэн тайлбар өгсөн.
Монгол Улсын 25 нас хүрсэн, эрүүл саруул оюун ухаантай, ял шийтгэлгүй ямар ч иргэн УИХ-ын сонгуульд нэр дэвших, бас сонгогдох эрхтэй. Мөн хэн ч байсан УИХын гишүүн, эсвэл томилогдсон, сонгогдсон бусад албан тушаалынхаа үндсэн үүргийг биелүүлэх үүрэгтэй. Гэвч хамаатан саднаараа, “том ах”-аараа “татуулах” замаар карьер өгссөн шинэ цагийн улс төрчид энгийн ардын туулсан бартаа ихтэй замыг мэдэхгүй. Бас жирийн нэг залуу, бүсгүйгээс давуу эрх эдэлж, “ногоон гэрлээр” төрийн өндөр албан тушаалд очиж буй нь шударга бус. Төрийн албанд мерит зарчмаар өгсөөгүй, “татуулж” орж ирсэн хүмүүс ард иргэдийн төлөө биш, өөрсдийн, бүлэглэлийнхээ сайн сайхныг дэмжиж, “идэж уусаар” дуусдаг гунигт жишиг бий. Бурууд бүлэглэн хүч хавсардаг, ах нарынхаа хүссэнийг гүйцэлдүүлэх “товчлуур дарагч” болчихсон олон гишүүн УИХ-д байна. Үүнийхээ хариуд тэд “бялуу” хүртсээр иржээ. Гэхдээ төрийн албыг төрлийнх болгож буй энэ буруу жишгийг таслан зогсоох эрх мэдэл сонгогч бидэнд бий. Ялангуяа УИХ-д хэнийг дахин сонгохгүй байж, ургийн модыг таслахын тулд бид хариуцлагатай сонголт хийж болно.