Төв аймгийн Заамар сумын Ар намаг гэх газарт энэ сарын 27-ны 12.40 цагт гурван настай охин гүний цооногт унасан гэх мэдээлэл Төв аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын алба хаагчид очиход задгай талбайд 25-30 см тойрогтой, 30-50 м гүн цооногт гурван настай эмэгтэй хүүхэд унасан байж. ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийнхан нисдэг тэргээр газар дээр нь очиж, аврах ажиллагаа явуулж буй юм.
Энэ талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “Хуучин өрмийн цооногт Х гэх хүүхэд санамсаргүй байдлаар унасан харамсалтай хэрэг гарлаа. Аврах бүлэг могойн нүд камераар үзэхэд хөлөөрөө ороод гацсан байдалтай, хариу өгөөгүй ч амьсгалж байсан. Бугуйлдаж гаргах гэсэн боловч бие нь хөшөөд боломжгүй байсан тул эргэн тойрных нь уурхайгаас экскаватор авчирч, тухайн цооногоос дөрвөн метрийн зайтай, шатлах байдлаар газар ухаж, хүүхдийг гаргахаар ажиллаж байна. Одоогоор (өчигдөр 11.30 цаг) 100 орчим хүн 20 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа. Сүүлд авсан мэдээллээр 20 орчим метр ухжээ. 10 орчим метр ухчихвал аврах ажиллагаа явуулна. Алба хаагчид цаг алдахгүйн тулд шөнөжин ажилласан. Хүүхдийн биеийн байдал ямар байгааг мэдэх боломжгүй. Цааш гулсаж унах магадлалтай учир гадуур хувцаснаас нь дэгээгээр татаж тогтоосон. Шөнө хүйтэн хоносон тул саванд халуун ус хийж, орчныг дулаацуулсан. Мөн хүчилтөрөгчөөр хангах ажиллагаа явуулсан. Хэмжилт хийж үзэхэд хүчилтөрөгч 19-20 хувьтай байсан”гэв.
Тус газарт “Компорт солюшн” гэх компани илэрц хайж, цооног ухсан гэх мэдээлэл байна. Хүүхдийн аав, ээж тухайн компанид ажилладаг байсан гэнэ. Охин цооногт унаад 28 цаг (өчигдөр 16.00 цаг) өнгөрсөн бөгөөд амьсгал нь тусгай багажид мэдрэгдэхгүй байгааг зарим эх сурвалж мэдээлэв.
Газар дээр нь ажиллаж буй албаныхнаас 17.30 цагийн үед мэдээлэл авахад “Цооногийн ойролцоо 25 метр газар ухсан, гүний камераар хүүхдийг ажиглаж байгаа, цооногт хүчилтөрөгч хангалттай, дулаан байлгах арга хэмжээ авсан” гэлээ.
Ч.Туяа