Хуучнаар хоёрдугаар төрөх буюу өнөөгийн нийслэлийн “Хүрээ” амаржих газрын даргаар ажиллаж байсан А.Жаргалд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт АТГ-ын шалгасан хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний нэг нь дээрх албан тушаалтанд холбогдох үйлдэл аж.
Тэрбээр 2018 онд “Хүрээ” амаржих газрын даргаар ажиллаж байхдаа Удирдах зөвлөлийн хуралд харьяаллын бус төрсөн эхчүүдээс тус бүр 150 000 төгрөгийн төлбөр авч, байгууллагын 60 жилийн ойд зарцуулах санал гаргажээ. Үүнийг мөн оны аравдугаар сарын 8-нд болсон хурлаар хэлэлцэн дэмжсэн гэнэ. Ингээд уг шийдвэрийн дагуу 2018-2021 оны аравдугаар сарын хооронд “Хүрээ” амаржих газарт нярайлсан харьяаллын бус эхчүүдээр өргөдөл, хүсэлт гаргуулж, тус бүр нь 150 000 төгрөг хураан авах үүрэг удирдлагадаа ажилладаг эмч, мэргэжилтнүүддээ өгсөн аж. Энэ хооронд эхчүүд нийт 65 сая төгрөг төлсөн байна. Үүнээс заримыг нь өөртөө авсан байж болзошгүй үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг нээн шалгажээ. Нийслэлийн прокурорын газраас А.Жаргалд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн гэнэ.
Д.Дайчин