Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт бэрхшээлүүдийг хөгжлийн боломж болгож хувиргах, бүх салбарт ногоон шилжилт хийх шаардлага тулгарч байгааг Дэлхийн банк, Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулсан “Монгол Улс: Уур амьсгал ба хөгжил” тайлангийн хурлын үеэр мэргэжилтнүүд дурдав.
Өдгөө манай улс нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээгээр дэлхийд есдүгээр эрэмбэлэгдэж буй гэнэ. Түүнчлэн 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах үүрэг амлалтыг олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн. Энэ амлалтаа биелүүлж, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээг бууруулахын тулд эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт судалгаа, тооцоололд үндэслэн үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг тайланд тэмдэглэжээ.
Тодруулбал, хөдөө аж ахуйн салбарын татаасыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний гарцад биш, чанар, үр ашигт анхаарсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Харин эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эх үүсвэрийг төрөлжүүлэх, олшруулах хэрэгтэй гэж үзэж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ цаашид хурдацтай өсөх бөгөөд урьтаж дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзахад хүндрэлтэй гэж анхаарууллаа.
Дэлхийн улс орнууд 2040 онд гэхэд нүүрсийг хэрэглээнээс бүрмөсөн халах зорилго тавиад байгаа. Тиймээс нүүрсний бус ашигт малтмалын олборлолтыг өргөтгөх замаар эдийн засгаа хамгаалах, бодлогын болон төсвийн шинэчлэл хийхэд эртнээс анхаарах нь зүйтэй гэлээ. Үндсэндээ Монголын уул уурхайн салбарын хэтийн төлөв, ирээдүйн нүүрсний эрэлт дэлхий нийтээс ихээхэн хамааралтайг онцлов. Түүнчлэн байгаль хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг санууллаа. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахтай холбоотой зорилтуудаа хэрэгжүүлэхэд ирэх 25 жилд 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг Олон улсын санхүүгийн корпорацын Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Ким-Си Лим энэ үеэр хэлэв.