- Сэргээн засварлах ажлыг нь товлосон хугацаанд дуусгаж чадсангүй –
Нийслэлийн түүхэн гэж онцлох цөөн барилгын нэг нь Богд хааны ордон музей билээ. Энэхүү ордонд Богд хаан хатан Дондогдуламтайгаа 20 гаруй жил амьдарсан нь түүхэнд үлдсэн. Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгал цөөнгүй бий. Тухайн үед амьдарч байсан нэрт дархчууд болон анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шуумал энэ музейд хадгалагддаг. Мөн VIII Богд Жавзандамба хийгээд түүний хатан Дондогдуламын өмсөж, эдэлж байсан дээл хувцас, хэрэглэл бий. Мөн гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн өгсөн бэлэг дурсгал, худалдаж авсан эд зүйлс зэргийг музейн сан хөмрөгт хадгалж буй. Богд хааны ордон музей нь Монгол Улсын төрийн онцгой хамгаалалтад байдаг, түүх соёлын дахин давтагдашгүй цогцолбор юм.
Эл музей нь зуны мөргөлийн долоон сүм, өвлийн ордон гэсэн хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд 1961 оноос хойш их засвар хийгээгүй. Олигтой арчилж тордолгүй 60 гаруй жил болсон учраас энд тэндээ будаг, шавар нь ховхорч, халцарчихсан байсныг нь мэдэхгүй хүн цөөн биз. Тиймээс Соёлын яам (хуучнаар) 2022 онд УИХ-аас баталсан төсвийн хүрээнд түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэж, их засвар хийхээр төлөвлөсөн юм. Үүний дотор Богд хааны ордон музей ч багтсан. Уг нь ордныг сэргээн засах ажлыг 2022 онд эхлүүлж, энэ сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэтэл засварын ажил нь одоо хүртэл дуусаагүй, Богд хааны ордон музейг зорьсон жуулчид цоожтой хаалга мөргөсөн хэвээр байна.
Соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын чиглэлээр суралцсан нэгэн иргэн цахим хуудсандаа “Японд энэ мэргэжлээр сурч байхдаа сүм хийд сэргээн засварлах ажил тун ярвигтай гэдгийг ойлгосон. Сүмийн барилгад хэрэглэсэн материал болон гэмтлийн судалгаа, уламжлалт технологийн шинжилгээ, сэргээн засварлах төлөвлөгөөг нарийн тооцоолох гэх мэт шат дараалалтай үйл явцын дараа ямар хэмжээнд сэргээн засварлахыг шийддэг. Дээрх судалгаанд багаар бодоход гурав орчим жил шаардлагатай. Би энэ талаар Богд хааны ордон музейн удирдлага болон сэргээн засварлаж буй компанийн захиралд хэлсэн. Гэтэл тэд тухайн үедээ ойшоогоогүй. Манайхан сэргээн засварлалт гэдгээ ч ойлгохгүй байна. Соёлын яам нь мэргэжлийн чиглэл өгч чаддаггүй юм гэхэд ядаж дэргэдээ сэргээн засварлалтын орон тооны бус зөвлөл байгуулан ажиллуулж болно шүү дээ. Соёлын өвийг сэргээн засварлана гэдэг тийм амар зүйл биш” гэсэн байв.
Эл музейн сэргээн засварлалтын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад “Энэржин” компани шалгарч, 2022 оны наймдугаар сарын 1-нээс ажлаа эхлүүлжээ. Тэд Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхдын сүмийн засварын ажлын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан аж. Ингэхдээ дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга, цонх зэргийг сэргээн засварлахаар тусгасан. Түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийнхөн БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг ч урьж зөвлүүлэн ажиллаж буй гэнэ. Сэргээн засварлах ажлыг уг нь энэ сарын 1-нд дуусгаж, сүмүүдийг ашиглалтад оруулах хуваарьтай байж. Гэсэн ч уг ажлыг хугацаанд нь дуусгаж чадсангүй.
Найдан сүмийн засварын ажил үргэлжилж байна
“МАНАЙ УЛСЫГ ЗОРИН ИРСЭН ЖУУЛЧДЫН ХАМГИЙН ТҮРҮҮНД ҮЗДЭГ ГАЗАР”
Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил удаашрах болсон шалтгааныг тодруулахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд эл музейг зорилоо. Тасалбар борлуулах гэрээр дамжин төв хаалгаар нь ороход таагүй үнэр хамар сэтлэх шахаж байв. Юуны үнэр болох талаар музейн тайлбарлагчаас тодруулахад засварын ажил хийж буй учраас будаг болон барилгын материал ханхалж байгаа гэсэн юм. Богд хааны ордон музейн сүмүүд рүү ороход төв баганаар нь дамждаг. Гэтэл баганынх нь улаан будаг он цагийн уртад гандаад цайвар ягаан өнгөтэй болж, мод нь өгөршөөд цайрчихсан байлаа. Тэнд барилгын ажил үргэлжилж буй учир цааш орох боломжгүй. Тиймээс сэргээн засварлаж буй гэх Найдан сүмийг гаднаас нь харсан юм. Ингэхэд сүмийн хоёрдугаар давхраас урт хоолойнууд цухуйх бөгөөд түүнийгээ ногоон тороор бүтээчихсэн байв. Эргэн тойронд нь хэрэглээд орхисон цэнхэр, улаан будаг энд тэндгүй тавьсан байх аж. Бороо хургүй, нарлаг өдөр хэдий ч сэргээн засварлалт хийж буй хүн харагдсангүй.
Урин дулааны цаг айлчлахад манай улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгддэг. Тэдний олонх нь эл музейг зорьж ирдэг гэхэд хилсдэхгүй. Монголын түүх соёлыг гэрчлэх өв яах аргагүй мөн учраас тэр.
Музейд очих үед хоёр автобустай жуулчид ирэхтэй таарсан юм. Гэвч тэд үүднээс нь л буцаж буй харагдсан. Учир нь уг музейн талаас илүү хувийг багтаасан гурван сүмийн засварын ажил дуусаагүй. Тиймээс зуны мөргөлийн жижиг сүм, өвлийн өргөөг нь л үзэх боломжтой аж. Богд хааны ордон музейн тасалбарын үнэ 15 мянган төгрөг. Үзмэрийнх нь талаас илүү хувийг үзэх боломжгүй атал тасалбараа бүтэн үнээр нь борлуулж буйд аяллын хөтөч нь дургүйлхэж байлаа.
Аяллын хөтөч “Богд хааны ордон музей бол манай улсыг зорин ирсэн жуулчдын хамгийн түрүүнд үздэг газар. Учир нь эндээс Монголын өв соёл, олон зууны түүхийг мэдэж болно. Манай улсад буй ганц хааны ордон шүү дээ. Тэгэхээр зориод ирсэн хүмүүс заавал үзнэ. Гэтэл сэргээн засаж буйтай холбогдуулан жуулчдад үзүүлж чадахгүй боллоо. Уг нь энэ сарын 1-нд дуусгана гэсэн. Гэтэл одоо ч хэвээрээ л байна. Жуулчдын улирлын оргил ачааллын үед засварын ажлаа яагаад дуусгаагүйг нь гайхаж байна. Тасалбарын үнэдээ ч анхаарах цаг болжээ. Музейнхээ тал хэсгийг нь хаачхаад үндсэн үнээрээ жуулчин хүлээн авч буй нь харамсалтай. Үүнээс гадна эл музейнхэн жуулчид үргэлж хүлээн авдаг байж одоо хүртэл ариун цэврийн өрөөнийхөө асуудлыг шийдээгүй. Ариун цэврийн цаасгүй, маш бохир, шалаар нь дүүрэн ус урссан газар хүн оруулахаас ч ичмээр. Амралтын өдрүүдээр л хамгийн олон хүн зорин ирж, үйлчлүүлдэг байх. Гэтэл энэ үед үйлчлэгчид нь ажилладаггүй, маш бохир ариун цэврийн өрөө угтаж байна. Эндээс л жуулчид Монголын түүхийг тольдоно. Ямар ч зохион байгуулалтгүй байгаа нь харамсалтай” гэсэн юм.
Богд хааны ордон мазейн гаднах хашааг тойруулж хийсэн, чимэглэлийн зориулалттай бүрээс нь хууларчээ
ЗАСВАРЫН АЖЛЫГ ДАХИН НЭГ САРААР СУНГАЖЭЭ
Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв болсон Богд хааны ордон музей өдгөө 131 нас хүрч буй. Монголчууд бид шашин, соёлын баялаг түүхтэй ард түмэн. Түүнийг гэрчлэх түүхийн үнэт зүйлс тус музейд хадгалагдаж буй. Гэтэл хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой эл музейг гаднаас нь харахад ч сэтгэл шимширмээр. Музейг тойруулж босгосон хашааны өнгө гандаж, будаг нь ховхорчээ. Бас хашаагаа тойруулж хийсэн чимэглэлийн зориулалттай бүрээс нь салчихсан байх аж.
“Энэржин” компанийн захирал “Сэргээн засварлах ажил 90 хувьтай үргэлжилж байна. Нэг сарын хугацаанд дуусгахаар төлөвлөсөн. Соёлын өв бол энгийн барилгатай адилгүй. Хүссэн хүн нь Зуун айл руу очоод, дуртай материалаа аваад хийчихдэг зүйл биш. Манайх бизнесийн байгууллага бус, соёлын өвийг сэргээн засварлаж, бурхан урладаг компани. Тиймээс хурдхан дуусгая гээд тарамдаад өнгөрч болохгүй шүү дээ. Соёлын яамнаас анх бидэнд урьдчилгаа өгөөгүй. Тиймээс ажиллах явцад санхүүгийн хүндрэл их гарч байна. Эхний санхүүжилтээ өгөх гэж бараг л нэг жил болсон. Биднийг ажлаа дуусгахаар санхүүжилт олгоно гэдэг. Ажлаа дуусгахад маш их төсөв хэрэгтэй. Соёлын өвийг сэргээн засварлахдаа хамгийн чанартай материал сонгох шаардлагатай. Тиймээс бид их хэмжээний зээл авч, сэргээн засварлах ажлаа үргэлжлүүлж байна. Археологичид ямар нэгэн олдвор илрүүлчхээд шороо тоосыг нь бийрээр унагаж цэвэрлэдэг. Үүний адилаар бид түүхийн дурсгалт эд өлгийн зүйлийг сэргээн засварлаж буй учраас маш нягт нямбай ажиллах шаардлагатай юм. Чимхлүүр ажил их шүү дээ. Хуучны хэв загварыг нь хадгалж сэргээн засварлахын тулд урт хугацааны бодлого, төлөвлөгөө, судалгаа шаарддаг. Мөн үүнд байгаль, цаг уурын онцлог ихээхэн нөлөөлнө. Тухайлбал, манай улс шиг эрс тэс уур амьсгалтай газарт жилийн дөрвөн улирлын хагаст нь л энэ ажлыг хийх боломжтой. Ер нь зуны гурван сард л ажилладаг. Гэтэл энэ жил бороо хур их орлоо. Үүнээс үүдэн сэргээн засварлах ажил дахиад л цалгардаж байна. Зуны гурван сарын бараг талд нь ажлаа үргэлжлүүлэх боломжгүй байлаа. Түүнчлэн сэргээн засварлах ажилд улсын төсвөөс хуваарилсан мөнгө хангалтгүй байна. Ийм шалтгаанаар ажил цалгардаж, удааширвал бүх буруугаа гүйцэтгэгч компани руу чихдэг систем тогтжээ” гэв.
Харин Богд хааны ордон музейн удирдлага ажил удааширсан нь гүйцэтгэгч компанитай холбоотой гэв. Музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Засварын ажилд БНСУ-ын Сэргээн засварлалтын төвийнхөн зааварчилгаа өгч буй. Хэдийгээр жуулчид олноор ирдэг улирал ч нэг удаа сайн засварлахад цаашид бүр ч олон жуулчин хүлээн авна шүү дээ. Засвараа л сайн хийчихвэл бусад нь дараагийн асуудал гэж бодож байна. Харин засварын ажил удааширч буй нь тухайн гүйцэтгэгч компанийн төлөвлөгөө, тооцоотой холбоотой” гэсэн юм.
“ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН НЬ ЭЭЛЖИЙН АМРАЛТАА АВСАН”
Ажил гүйцэтгэгч компани болон музейнхэн ийм байр суурьтай байхад захиалагч байгууллага болох Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас ямар тайлбар өгөхийг тодруулсан юм. Уг ажлыг хариуцаж буй Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, соёлын аялал жуулчлал, шашны соёлын өвийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээс Богд хааны ордон музейн засварын ажлын талаар тодруулахад амралтаа авсан гэх шалтгаанаар хариулт өгөхөөс татгалзсан юм. Түүнчлэн эл яамны холбогдох мэргэжилтнүүдээс тодруулах гэхэд бүгд л мэдэхгүй гээд “Хариуцсан мэргэжилтэн нь ээлжийн амралтаа авсан. Ирэхээр нь асуу” хэмээх үгээр ам таглаад өнгөрч байлаа.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн