Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг 2024 оны долдугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Койшибаев-ийг хүлээн авч уулзав. Дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын Төв Азийн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод цаашид Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв.
Талууд Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагаа, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Эх сурвалж: ГХЯ