Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Цог Жавхлант Хатан Жэцүн Пэма Ванчук нар айлчлал хийж байна. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авав.
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй энэхүү анхны төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны уулзалтад оролцож, хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн айлчлалынхаа хүрээнд Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцох юм. Мөн Монголын түүх, соёл, зан заншилтай танилцах зорилгоор Чингис Хаан Үндэсний музей болон Богд хааны ордон музейд зочилж, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувиар тус олон улсын байгууллагад зочлохоор төлөвлөжээ.
Монгол Улс, Бутаны Хаант Улс нь 2012 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.