УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлж, энд тэнд уулзалт, хурал болж байна. Бас нэр дэвшигчид цахим орчинд өөрсдийгөө сурталчилсан дүрс бичлэг, зураг байнга оруулах болсон. Сурталчилгаагаа хэрхэн хийх нь тэдний эрх. Гэхдээ сурталчилгаандаа бусдын уран бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн хулгай хийгээд буйг нь анхаарахгүй өнгөрч болохгүй. Хэд хэдэн нам сурталчилгаандаа ийм зөрчил гаргаж, тухайн уран бүтээлчид төдийгүй олон нийтийн дургүйцлийг хүргэв.
Эрх баригч МАН-аас УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшиж буй есөн горилогчийн хачирхалтай зураг нийгмийн сүлжээгээр тархаад байна. Гэтэл тэд зураг авхуулах санаагаа “Үхлийн тойрог” нэртэй аймшгийн киноны зурагт хуудаснаас хулгайлжээ. Найруулагч Ц.Цэрэндоржийн уг бүтээл саяхан буюу өнгөрсөн сарын 31-нээс үзэгчдийн хүртээл болсон юм. Үүнтэй холбоотойгоор киноны уран бүтээлчдийн төлөөлөл “Постер хулгайлдаг болсон уу” гэсэн тайлбартайгаар харьцуулсан хоёр зургийг цахим сүлжээнд нийтлээд байна.
“Аль нам нь хамаагүй. Сонгуульд өрсөлдөгчид дуу хөгжмийг зөвшөөрөлгүй ашигладаг. Тэгэхээр хүмүүс тухайн уран бүтээлч тус намтай хамтран ажиллаж байна гэж ойлгоно. Ингэмээргүй байна. Сонгуульд, төр түшилцэх гэж буй хүмүүс бусдын оюуны өмчийг дээдэлье. Хүмүүст хандаж хэлэхэд, энд тэнд миний дуу явж байвал би тэднийхтэй ажиллаж байна гэсэн үг биш шүү. Би хэнтэй нь ч ажиллахгүй” гэж реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ саяхан цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэв. Түүний “Монгол реппер” дууг АН-ынхан сонгуулийн сурталчилгааны уулзалтынхаа үеэр олон нийтэд сонсгосон нь ийнхүү эгдүүцэхэд хүргэжээ.
ХҮН намынхан ч бусдын уран бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан гэх шүүмжлэлд өртсөн. Тус намаас нэр дэвшигчдийн цахим орчинд түгээсэн богино бичлэг буюу рийлд реппер Young Mo’G буюу Э.Мөнх-Эрдэнийн “Наадъя” дууг нь ашиглажээ. Ингэхдээ уран бүтээлчээс зөвшөөрөл аваагүй нь бас л олон нийтийн шүүмжлэлийн бай болов. Ямартай ч бусад намаас ялгаатай нь ХҮН-ийхэн эл зохисгүй үйлдлийнхээ төлөө уучлалт гуйв. Тус намаас нэгдүгээр тойрогт нэр дэвшигч О.Билгүүн “Хангайн бүс буюу сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигчид төв талбайд үндэсний хувцастай алхаж байгаа бичлэгийг цахим хуудсандаа оруулсан. Үүний шалтгаан нь үндэсний хувцсаа дээдлэх, залуу үедээ таниулах зорилготой байлаа. Ингэхдээ бид залуу уран бүтээлч Young Mo’G-гийн дууг бичлэгтээ “дэвссэн”. Энэ үйлдэлдээ уран бүтээлчээс уучлал хүсэх гэсэн юм. Young Mo’G бол мундаг уран бүтээлч. Би дууг нь маш их сонсдог, дэмждэг. Зөвшөөрөлгүй дууг нь ашигласандаа уучлал хүсье” гэжээ. Реппер Young Mo’G үүний хариуд “Би сонгуулийн ямар нэгэн сурталчилгаанд дуугаа ашиглуулмааргүй байна. Уучлалт гуйсанд баярлалаа” хэмээсэн байв.
Дээр дурдсан жишээнүүд зөвхөн олон нийтэд мэдэгдсэн нь юм. Үүний цаана цахим сүлжээгээр тархаагүй, хүмүүс мэдээгүй олон жишээ бий нь ойлгомжтой. Сонгуульд өрсөлдөж буй 1335 нэр дэвшигч, 19 нам, хоёр эвсэл тус бүрдээ, тойрог болгонд сурталчилгаа хийж, уулзалт зохион байгуулна. Бас олон нийтийн сүлжээ болон телевиз, радиогоор янз бүрийн нэвтрүүлэг цацна. Тэр бүхэндээ хэн нэгний уран бүтээл, ялангуяа дуу, хөгжмийг ашигладаг уламжлалтай. Тиймээс нэр дэвшигчид уран бүтээлчдийн оюуны өмчид хүндэтгэлтэй хандаж, ашиглахаар бол зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагатай. Бас уран бүтээлчид ч энэ мэт зөрчилд сонор сэрэмжтэй хандаж, оюуны өмчөө хамгаалах хэрэгтэйг дээрх үйл явдлууд харуулж байна. Оюуны өмчийн тухай хуульд зааснаар бусдын өмчийг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.
Бэлтгэсэн М.Оч