Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийв. Ерөнхийлөгч нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
Ерөнхийлөгч А.Г.Лукашенко “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншлын талаар танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхов. Мөн “Чингис хаан” Үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнээс эхтэй улс, хаад болон төрийн түүхтэй танилцлаа.
Ийнхүү Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник болон албаны бусад төлөөлөгч үдэн мордууллаа.