УИХ дахь АН-ын бүлгээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардав. Өчигдөр тэд ээлжит хуралдаанаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хийсэн бөгөөд тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сүүлийн үед УИХ-аас баталж байгаа тогтоол, шийдвэр нь иргэдэд шууд мөнгө тараахад чиглэсэн, сонгогчдын саналыг хууль бусаар авч, тэдэнд нөлөөлөх зорилготой байна. Тухайлбал, уламжлалт мал аж ахуйг шинэчлэх ёстой гэдэгтэй маргахгүй. Харин Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан цаг хугацаа болон хэлбэр, зохицуулалтыг нь шүүмжлэхээс аргагүй байна. Хоршоолсон малчдад зээл өгөх нэрээр өрөнд унагаж, санхүүгийн хүнд байдалд оруулах вий хэмээн болгоомжилж байна. Хоёрдугаарт, С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор улс төрийн нэг хүчин үргэлж хожиж, нөгөө нь дандаа буруутан болдог. Тэгсэн атлаа хэргийн материалыг ил гаргадаггүй. Хаалттай байлгах тусам нэг намд ашигтай байдаг” гээд нээлттэй болгохыг шаардан ҮАБЗ-д хандаж буйгаа мэдэгдлээ.
Мөн гишүүн Д.Ганбат “Засгийн газраас зохион байгуулалттайгаар хэд хэдэн нэвтрүүлэг цацаж, үзэгчдэд сонголтгүйгээр тулгалаа. Энэ нь нийгмийг ихээхэн талцуулж, ард иргэдийг бухимдуулж байна. Цаашдаа үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж мэдэх нь. Тэд ардчиллын үнэт зүйлсийг тээгчид рүү заналхийлэх боллоо. Иймд энэ хэрэг болон зарим хүнийг эрүүдэн шүүсэн хэмээх мэдээллийг ил болгох шаардлагатай. МАН сонгууль бүрээр энэ хэргийг ярьдаг ч олон нийт тэднийг хүлээж авахаа байчихаж” гэв.