2024 он гарснаас хойш улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осол 1352 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 265-аар буюу 24.4 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүний 1102 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол бол 39 нь ус, цаг агаарын гаралтай, 28 нь биологийн, 27 нь геологийн аюулт үзэгдэл аж. Төрлөөр нь ангилбал объектын түймэр хамгийн олон буюу 774, иргэд цас, шаварт машинтайгаа суусан осол 234 удаа гарчээ. Хүн төөрсөн, сураггүй болсонтой холбоотой дуудлага 81, мэдрэгдэхүйц хэмжээний хүчтэй газар хөдлөлт 27, хүчтэй салхи, шуурга 21, хонины цэцэг өвчин 20, их хэмжээний хур тунадас орсон тохиолдол 17, усны осол 11 удаа бүртгэгдсэн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд нийт 2498 хүн нэрвэгдэж, 16.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.