Аливаа улсын хөрөнгө оруулалт татах боломж, бизнес эрхлэх орчин хэр таатай вэ гэдэг үнэлгээг Дэлхийн банкнаас явуулдаг “Doing business” судалгааны 12 үзүүлэлтийн нэг болох тухайн улс бизнесийн маргааныг хэрхэн шуурхай, зардал багатай шийдвэрлэж байна гэдгээр хэмжиж байна. Гэтэл манай улсад маргаан шийдвэрлэхэд дунджаар шүүхэд 2-6 жил, арбитрт зургаан сар зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Нэг удаа төлөгддөг арбитрын зардлыг гурван шатны шүүхийн зардалтай харьцуулахад хоёр дахин бага. Хуралдаан явуулах журам, газар, тов, хэлбэр /танхим, цахим/, хэл гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх зөвхөн хуульд заасан журмыг баримтлан явуулдаг бол арбитр талуудын хүсэл зориг, харилцан тохиролцсоны дагуу явуулдаг.
Монгол Улс НҮБ-ын “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх тухай” Нью-Йоркийн 1958 оны конвенцод 1995 онд элсэж, дэлхийн 172 гишүүн орны нэг тул Монгол Улсын арбитрын шийдвэр эдгээр улсад заавал биелэгдэх хүчинтэйгээрээ шүүхийн шийдвэрээс ялгаатай юм. Бизнесийн бүх төрлийн гэрээ, хэлцлээс үүссэн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх боломжтой. Тухайлбал, бүх төрлийн хөрөнгө оруулалт, хамтран ажиллах ба түншлэлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, түрээсийн болон зээлийн гэрээ, зуучлалын гэрээ, лизинг, франчайз, тээвэр зэргийг дурдаж болно.