Олон улсын хөтөлбөрт хамрагдахаар асуумж бөглөсөн залуус нэг зүйлд бүдрэв. Тэр нь гэр болон сургууль, ажлын газрын хаяг, байршлын мэдээлэл байлаа. Хөтөлбөрийн мэргэжилтнүүд залуусын илгээсэн асуумжийг нягтлахад хаягийн мэдээллүүд нь илт зөрүүтэй, буруу, зарим нь интернэтээс хайгаад ч олдохгүй байж. Ингээд “Албан ёсны, баталгаажсан, тодорхой хаяг бичнэ үү” гэсэн шаардлага оролцогчдод тавьжээ. Үүнийг хариуцсан мэргэжилтэн “Материал нь буцаагдсан залуусын олонх нь ажил, гэрийнхээ хаягийг тодорхой бус бичсэн байсан. Оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс бүх хаягийг шалгаж, цахим систем дэх бүртгэлтэй нь тулгадаг юм. Ингэхэд ихэнх нь зөрүүтэй, зарим нь олдоогүй. Тиймээс албан ёсны, тодорхой хаяг бичих шаардлага тавьсан” гэсэн юм. Харин залуус “Бид улсын бүртгэл дэх, бичиж, хэлж хэвшсэн хаягаа л өгсөн. Яагаад буруу гэж” хэмээн гайхширч байлаа.
Жишээлбэл, нэгэн залуу амьдардаг газрынхаа хаягийг “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, IV хороо, Замчдын гудамж, ... байр, ... тоот” гэж маш тодорхой бичжээ. Гэтэл олон улсын хөтөлбөрийн мэргэжилтнүүд үүнийг нягтлахад нийслэлийн гудамж, замуудын нэршлийн бүртгэлийн системд Замчдын гудамж, Авто замчдын гудамж гэсэн хоёр тусдаа хаяг байсан аж. Харин “Google map”-д зөвхөн Авто замчдын гудамж л бүртгэлтэй байж. Замчдын гудамж хэмээх түлхүүр үгээр хайхад “Үндсэн хуулийн гудамжнаас баруун тийш, “Варьете” чуулгын урдуур Баянгол дүүргийн ЗДТГ-ын байр хүртэлх хэсэг” гэсэн гадаад байтугай монгол хүн ч ойлгох аргагүй, толгой эргэм тайлбар гарч иржээ. Тиймээс тус оролцогчийн материалыг буцаасан байна. Өөр нэг оролцогч “Чингэлтэй дүүрэг, I хороо, Жуулчны гудамж, .... компанийн байр, .... давхар, ... тоот” хэмээн ажлын газрынхаа хаягийг бичихэд оффисынх нь барилга хайлтын системээс олдоогүй гэх. Түүнчлэн гудамж, өргөн чөлөөний нэршил, хорооных нь дугаар зөрсөн тохиолдол цөөнгүй гарчээ. Ажлын газрын маань хүн саяхан нэгэн байгууллагын хаягийг олох гэж зүдэрсэн, интернэт ашиглаад ч байршил нь тодорхой гарч ирэхгүй байгааг хэлсэн юм. Энэ мэтчилэн гудамж, зам, талбай, барилга, байгууламжийн хаягтай холбоотой төөрөгдөл, төвөг чирэгдэл эргэн тойронд, ойр, дотнын хүмүүсийн дунд байнга гарсаар байна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд, тэр дундаа худалдаа, үйлчилгээний газруудын эрээн мяраан хаяг хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх, хүмүүст чирэгдэл учруулах, яаралтай цэгцлэх хэмжээнд хүрээд удаж буй. Тэгвэл гудамж, зам, талбай, түүх соёлын дурсгалт газрын хаяг ч үүнээс дутахгүй асуудал дагуулах боллоо. Нэгдүгээрт, эдгээрийн албан ёсны, баталгаажсан нэршлийг олон нийтэд таниулж мэдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагынхан идэвх санаачилгатай ажилладаггүй учир иргэдэд ойлголт, мэдээлэл хомс байна. Тухайлбал, Улаанбаатарт олон жил амьдарсан хүмүүс ч Элистэйн, Хонхны, Залуусын гудамж зэргийг төдийлөн сайн мэдэхгүй байх жишээтэй. Хоёрдугаарт, гудамж, зам, талбайн хаягийн тэмдэглэгээг ойлгомжтой, хүртээмжтэй, харагдахуйц газарт нэгдсэн стандартаар байршуулаагүйгээс иргэд төөрч, зүг чигээ алдаж байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зэргэлдээ орших Жуулчны болон Төмөрчний гудамжны уулзвар, огтлолцлын цэгийг тодорхой зааж, тэмдэгжүүлээгүйгээс иргэд ихээхэн төөрөлддөг. Зарим нь эдгээрийг нэг гудамж гэж ойлгодог юм билээ. Гуравдугаарт, албан ёсны хаягуудыг “Google map”, “Ulaanbaatar map” зэрэг хаяг, байршлын болон нийслэлийн гудамж, замуудын бүртгэлийн системд үнэн зөв, баталгаажсан нэршлээр оруулаагүйгээс иргэд ихээхэн будилах болов. Үүний бодитой жишээ нь дээр дурдсан Авто замчдын гудамжны нэршил юм. Дөрөвдүгээрт, гудамж, зам, өргөн чөлөө зэрэгт хүний, өөр улс, хотын нэр оноох болсон нь төөрөгдөл, бухимдал дагуулах боллоо. Г.Лувсанцэвээний, Ж.Раднаабазарын, Д.Чимид-Осорын, Д.Дамбын, Б.Доржийн гудамж, Самбалхүндэвийн зам гэхчлэн дурдвал уртаас урт жагсаалт хөвөрнө. Д.Чойдог, С.Чоймбол, Л.Энэбиш, Ж.Батмөнх, П.Жасрай зэрэг олонд дориун сайн танигдсан хүний алдраар нэрлэсэн, хотын төв хэсгийн гудамж, замуудыг нийслэлчүүд гадарлах ч мэдэхгүй хүнээр “овоглосон” нь үүний цаана өчнөөн. Энэ нь хотын гудамж, зам, талбайн нэршил ойлгомжтой, цэгцтэй байх ёстой гэсэн олон улсын шаардлагад харшилж буй юм.
Түүнчлэн Олимпын, Сөүлийн, Намъянжугийн, Токиогийн, Москвагийн, Денверийн, Анкарагийн, Бээжингийн, Болгарын, Эрхүүгийн, Энгельсийн гэсэн хот, улсын нэрийг зээлдсэн, аль хэсгийг хамарч, хаа хүртэл үргэлжилж байгаа нь тодорхойгүй, тогтооход бэрх гудамж, талбай зөндөө. Үнэндээ бид эдгээр нэршлийг бараг ашигладаггүй. Харин томоохон барилга, байгууламж, худалдаа, үйлчилгээний газар, зам, гүүрээр зүг чигээ баримжаалдаг. Болгарын гудамжид аль хэсэг хамаардгийг ойр дотнынхоо хүмүүсээс асуугаад үзээрэй. Мэдэх хүн үгүй л болов уу. Энэ нь Арслантай гүүр хүртэлх Сэлбэ голын уруудсан хэсэг юм байна. Хамгийн хоржоонтой нь, эдгээр гадаад нэршил бүхий гудамж, зам бүгд хоорондоо холбоотой, нэгээр нь нөгөөг нь чиглүүлдэг. Тухайлбал, нийслэлийн Замын хөгжлийн газрын бүртгэлийн системд Болгарын гудамжийг “Денверийн гудамжны төгсгөлөөс урагш Сэлбэ голоо даган Энхтайваны өргөн чөлөө хүртэлх хэсэг”, Эрхүүгийн гудамжийг “Бээжингийн гудамжны зүүн талын уулзвараас дээш Их тойруу хүртэлх бүс” гэх зэргээр тайлбарлажээ. Ийм байхад бид төөрч будилахаас яах вэ. Гадаадын жуулчид “манарах” нь аргагүй юм байна.
Олон газраар аялж үзсэн, “Google map” зэрэг аппликэйшн ашиглаад хаана ч төвөггүй яваад сурчихсан хүмүүс манай хотын энэ алдаа дутагдлыг соргогоор анзаардаг юм билээ. Дээрх олон улсын хөтөлбөрт хамрагдсан залуусын нэг нь “Лондон, Парис зэрэг том хотод хүртэл хаяг, байршил, зүг чигийг товч тэмдэглэл, дүрс бүхий график дизайны элементийн тусламжтайгаар маш тодорхой заасан байдаг тул төөрөх нь байтугай толгой эргэх зүйл ч гардаггүй. Харин Монголд энэ нь төдийлөн хөгжөөгүй, байршил заагчид нь хүртэл буруу мэдээлдэг ” хэмээгээд олон улсад үүнтэй холбоотой “wayfinding” гэх ойлголт эрчээ авч байгааг дуулгасан юм.
Нийслэлийн холбогдох байгууллагууд “Хаягжилтыг шийднэ, нэгдсэн стандарттай болгоно” гэж яриад олон жил болж байна. Гэвч албан ёсны нэршил бүхий хаягуудаа цэгцэлж, тэмдэгжүүлж, цахим системд бүрэн гүйцэд, алдаа мадаггүй бүртгэж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой цөөнгүй стандарт баталсан ч хэрэгжүүлж чадахгүй байна. Уржнан гэхэд нийслэлээс Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага MNS 5283:2022 стандартыг баталсан. Үүгээр олон нийтийн гудамж, зам, талбай, түүх соёлын дурсгалт газар, үл хөдлөх хөрөнгийн тэмдэг, тэмдэглэгээ, зурган самбарыг нэг загвараар үйлдвэрлэх, байршуулах аргачлалыг тогтоосон юм.
Тухайлбал, эдгээрийн хаягийн бичвэрийг зөв бичих дүрэм баримтлан кирилл болон уйгуржин монгол бичгээр хослуулан бичнэ гэж заасан бөгөөд үсгийн фонт, самбарын хэмжээ зэргийг нь хүртэл нарийвчлан тусгасан. Түүнчлэн гудамж, зам, өргөн чөлөөний хаяг бүхий тэмдгийн 5000 мм-ийн радиуст багтах орчинд сурталчилгааны самбар, эд зүйлс байршуулахыг хориглосон байдаг. Харамсалтай нь, эл стандартыг одоо хүртэл нийтэд мөрдүүлж, хэрэгжүүлж эхэлсэнгүй. онгол бичиг болон кириллээр хослуулан бичсэн хаягийн тэмдэг, тэмдэглэгээ нийслэлд ховор. Эрээн мяраан, элдэв сурталчилгааны самбар байтугай барилга, байгууламжийн сүрд дарагдан далдлагдсан хаяг өчнөөн.
Эл стандартад нэг чухал зүйл оруулсан нь “Гудамж, зам, өргөн чөлөөг албан ёсны буюу зөвхөн баталгаажсан хаягаар тэмдэгжүүлнэ” хэмээх шаардлага. Даанч үүнийг чухам хэзээнээс ажил хэрэг болгож, бүх гудамж, замыг цэгцлэх нь мөн л бүрхэг байна.
БХБЯ, ЦХХХЯ-ныхан хаягжилтыг стандарттай, цэгцтэй болгох чиглэлээр хамтран ажиллахаар болсноо өнгөрсөн оны сүүлчээр зарлахдаа “Ертөнцийн зүгээр хаяг, байршлаа заадаг улс Монголоос өөр байхгүй. Шуудангийн үйлчилгээ, хувь хүн, албан байгууллага, орон сууц, барилга, байгууламжийн хаяг хоорондоо зөрүүгүй, яв цав нийцэж байх ёстой, стандарт шаардлагатай” гэж байв. Нээрэн л ертөнцийн зүгээр байршлаа заахаас аргагүй эмх цэгцгүй хаягтай, төөрдөг байшин шиг хот Улаанбаатараас өөр үгүй болов уу. Хаягжилтыг гэр хороолол, аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа, үйлчилгээний газрын хүрээнд гээд бүх түвшинд цэгцлэх шаардлагатай ч хамгийн түрүүнд гудамж, зам, талбайгаа чигтэй болгох хэрэгтэй юм.