Бид сонгуулийн тогтолцоо, хуулийн өөрчлөлт болон сонгогчийн мэдэх эрхийг хангах зорилгоор багц мэдээллийг бэлтгэн хүргэж буй. Тэгвэл энэ удаад хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл, манипуляцад хэрхэн автахгүй байх талаарх мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага болох Улсын Их Хурал (УИХ)-аар уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
Иргэд Үндсэн хуулийн уг заалтын дагуу удахгүй болох УИХ-ын сонгуулиар дамжуулан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага болох УИХ-д ажиллах төлөөлөгчдөө сонгоно. Тиймээс сонгуульд хэрхэн оролцох вэ, саналаа өгөхдөө юунд анхаарах вэ, сонгуульд оролцох нь яагаад чухал вэ зэрэг ойлголтыг иргэд, сонгогчдод хүргэх нь чухал юм.
Энэ мэдээлэлтэй зэрэгцэн хуурамч мэдээ мэдээлэл цахим орчинд тархсаар байна. Ялангуяа “тролл” гэгч иргэдийг төөрөгдүүлэх ажиллагаанд бэлтгэгдсэн хэсэг бүлэг хүмүүс нийгмийг аль ч тал руу нь эргүүлж болзошгүй. Иймд сонгогч олон нийтийн цахим сүлжээн дэх хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллээс зайлсхийж, мэдээллийн дархлаатай байх нь чухал. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилготой аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах хориотой.
Хэрэв нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Үндсэн хуулиар олгосон иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах ёсгүй ч нөгөө талаар хүний хувийн нууц, нэр төрд халдах нь сонгуулийн зарчимд нийцэхгүй.
Тэгвэл яаж нягтлах вэ? Эхлээд мэдээллийн эх үүсвэрийг нь нягтлах хэрэгтэй. Нэр, ус нь тодорхой, итгэж болохоор хүн, албан ёсны хаягаас түгээсэн эсэхийг нь шалгана гэсэн үг. Дараа нь мэдээлэл хэт их уянгын халилтай, эсвэл уур уцаар хүргэхүйц буюу сэтгэл хөдлөл дээр тоглолт хийх агуулга шингээсэн эсэхийг шалгаарай.
Сонгуулийн үеэр сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болохоор УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Үүнд нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудаснаас гадна цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас, мөн бусад цахим хуудас багтана.
Сүүлийн үед AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан программаар зураг, видео бичлэгийг хүртэл хуурамчаар хийх боломжтой болсон. Техник, технологи өндөр хөгжсөн эрин зуунд энэ нь боломжтой зүйл.
Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудсыг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) бүртгэдэг. Бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглодог. Тиймээс нэр дэвшигчийн мэдээллийг авах бол ХХЗХ-ны сайт дахь бүртгэгдсэн цахим хаягуудын жагсаалтын холбоосоор орж танилцах боломжтой.
Аливаа мэдээллийг үнэн эсэхийг нягтлан шалгадаг байгууллагууд ч бий. Тухайн байгууллагад хандаж, шалгуулж болно.
Тодруулбал, аливаа мэдээллийг худал, эсэхийг нягтлан шалгах боломжгүй бол мэдээллийг нягтлан шалгадаг иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан мэдээллийн үнэн, эсэхийг тогтоолгох боломжтой. Тухайлбал, Mongolian fact Checking center, Factcheck Mongolia байгууллагыг үүнд нэрлэж болно.