Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан М.Тайсон болон алдартай блоггер Ж.Пол нар ирэх долоо дугаар сарын 20-нд тулалдана.
Нэрт боксчин асан бэлтгэлээ аль хэдийн эхлүүлжээ. Бэлтгэл хийж буй бичлэгээ цахим орчинд тавьсных нь дараа 58 настай Майкийг эл өрсөлдөөнд ялна гэж үзэж буйгаа олон аналист илэрхийлсэн байна. Ердөө хоёрхон жилийн өмнө тэргэнцэртэй явж байсан, одоо ч заримдаа таяг ашигладаг М.Тайсоны хувьд энэ бол маш том ахиц юм. “Заримдаа надад суудлын мэдрэлийн эмгэгээс үүдэлтэй нурууны өвдөлт мэдрэгддэг. Хүндэрвэл ярьж ч чаддаггүй. Бурхны авралаар энэ бол надад байгаа эрүүл мэндийн цорын ганц асуудал” гэж М.Тайсон ярьжээ. Гэхдээ уг сонирхолтой тулаанд цаг хугацаа ихээхэн нөлөөтэйг мартаж болохгүй. М.Тайсон, Ж.Полнар 31 насны зөрүүтэй. Цаг хугацааг “хуурч” болох ч үүнд хил хязгаар гэж бий. Б.Хопкинс 49 нас, Ж.Формэн 46 насандаа дэлхийн аварга цолыг эзэмшиж байсныг санах хэрэгтэй. “Өндөр настан” хоёр аварга олон жил дээд түвшинд тоглохын тулд маш их бэлтгэл хийдэг байсан юм. Ж.Формэн спортоосоо 10 жил холдсоны дараа эргэн ирээд дахин дэлхийн аварга болохын тулд долоон жил зарцуулсан. Гэтэл М.Тайсон рингэнд гаралгүй олон жил болсноос гадна муугүй тулаанчтай нударга зөрүүлэх гэж байна. Ж.Пол бол мэргэжлийн боксчин Т.Фьюритэй эн тэнцүү тулалдаж, дундаж тамирчдыг бут ниргэдэг нэгэн. Тэрбээр хүнд цохилттой, тийм ч учраас Андерсон Силва, Тайрон Вудли, Бена Аскрена, Фьюри- жуниор нарыг буулгаж авсан билээ.
М.Тайсон карьераа Д.Уильямс, К.Макбрайдад ялагдсанаар өндөрлүүлж байсан юм. Тааруу хамгаалалттай, үүнийхээ улмаас цохилт дааж чадаагүйн улмаас “Төмөр” Майк эл хоёр тамирчинд ялагдсан. Гэтэл Ж.Полбоксчны хувьд тэднээс дутахгүй. Тиймээс түүнийг нокаутаар М.Тайсоныг ялна гэж тооцоологчид олон. Ж.Пол рингэнд 10 удаа гарахдаа долоод нь наймдугаар раундад өрсөлдөгчөө “дуусгаж” байсан билээ. Эдгээр нь үзүүлэх тоглолт бус, мэргэжлийн тамирчны амжилтад бүртгэгдэх албан ёсны тулаанууд байсныг санах хэрэгтэй. Тэрбээр боксын спортоор зургаан жил хичээллэж байгаа бөгөөд байнга бэлтгэл хийдэг гэнэ. Хэдий блоггер боловч мэргэжлийн тамирчны статустай, тиймээс UFC-гийн одуудыг буулгаж авдаг мундаг боксчин болоод буй юм. Одоогоор уг тулааны формат, статус хараахан тодорхой болоогүй. Ямартай ч мэргэжлийн тулаан байх магадлал өндөр. Сэтгүүлч А.Хельванигийн өгүүлснээр бүх зүйл Техасын тамирчдын хорооны шийдвэрээс хамаарах бөгөөд хоёр боксчин малгай өмсөхгүй тулалдах нь тодорхой гэнэ.
Аль нэг боксчныг дэмжигч бус, дундыг баримтлагчдын таамгаас үзвэл М.Тайсон эхний раундуудад аюултай байх ч цаашид ядрах магадлалтай юм. А.Силва, Т.Фьюрийг наймдугаар раунд, Т.Вудлийг зургаадугаар раундад ялсан Ж.Пол үүнийг нь ашиглана. Тулаан олон раунд үргэлжлэх тусам түүнд ашигтайгаар эргэж, ялах ажээ. Ийм нэгэн анхаарал татсан, бокс сонирхогчдын санаа бодлыг хоёр хуваасан тулаан удахгүй болох нь.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар