Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй премьер лигийн тойргийн тоглолтууд тун сонирхолтой өрнөж байна. XI тойргийн ширүүхэн өрсөлдөөнөөс “Булган СП фалконс” ээлжит ялалтаа авав. Тэгвэл “Дэрэн”, “Хоромхон”, “Төв азарганууд”, “Хаан хүнс-эрчим”-ийнхэн оноо хувааснаар арын багуудаас есөн онооны зөрүүтэй боллоо. “Хангарьд” клубийнхэн өвлийн завсарлагаас хойш хоёр дараалан ялалт байгуулж, өрсөлдөөнд хүчтэй орж ирсэн бол “Брера илч”-ийнхэн улирлын хоёр дахь ялалтаа байгуулж, унах бүсээс холдоход алхам ойртов.
Хүснэгтийн жагсаалтыг “Булган СП фалконс” клубийнхэн өнгөлж байна. Тэд өнгөрсөн улирлын аваргаар тодорсон “Улаанбаатар”-ын тоглогчдыг 1:0-ээр хожсоноор 31 дэх оноогоо авч, тэргүүлж эхэлсэн юм. Тоглолтын 72 дахь минутад М.Төгөлдөрийн зүүнээс дамжуулсан бөмбөгийг бразил легионер Андрей Фэррэйра цохин гоол оруулж, хожлын салхийг өөрийн талд эргүүлэв. Тэрбээр тоглолтын шилдгээр тодорсон юм. Багийн ахлагч М.Төгөлдөр энэ улирлын долоо дахь оновчтой дамжуулалтаа өгч, бүх тоглогчийг тэргүүлсээр байна. Тус клубийнхэн улирлын 11 тоглолтод 27 гоол оруулж, хоёр гоол хаалгандаа алдсан үзүүлэлттэй явна.
“Хоромхон”-ы довтлогч Н.Наран-болд есөн гоолтойгоор мэргэн буучийн
жагсаалтын дэд байрт бичигдэж буй. Маргааш эхлэх XII тойрогт “Хоромхон”, “Брера илч”-ийнхэнтэй тоглох нь. Энэ сарын 16-нд “Төв азарганууд”, “Хангарьд”-тай, “Булган СП фалконс”-чууд “Ховд”-ынхонтой, 17-нд “Улаанбаатар”-ынхан “Бава-рианс”, “Дэрэн”-гийнхэн “Хаан хүнс-эрчим” клубийнхэнтэй тоглох тов гарчээ.
Сонирхуулахад, Монголын премьер лигт оролцож буй 10 багийн тамирчдын дунд Төгөлдөр нэртэн цөөнгүй. Тэдний зургаа нь “Хоромхон” клубт данстай. Мөн “Хаан хүнс-эрчим”, “Булган СП фалконс” багт ч ийм нэртэй тоглогч тус бүр нэг бий.