Исланд улс 32 идэвхтэй галт уулын өлгий нутаг бөгөөд Хойд Америкийг Евразиас холдуулж байдаг байнгын хөдөлгөөнтэй тектоник хавтангийн зааг дээр байрладаг.
Энэ удаагийн галт уул ням гарагийн өглөө дэлбэрсэн бөгөөд үд дунд хоёр дахь цав нээгджээ. Цав ойролцоогоор нэг километрийн өргөн хэмжээтэжй хагарсан бөгөөд, одоо ч нэмэгдсээр байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ойрын өдрүүдэд илүү олон хагарал нээгдэх аж.
Галт уулын халуун хайлмаг аажмаар урссаар үд дунд гэхэд загасчдын Гриндавик хотхоны захад тулан иржээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард галт уулын аюулын улмаас Гриндавик хотын дөрвөн мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Тэгэхэд халуун лав тосгонд хүрч чадаагүй юм. Үүний дараа хэдэн зуу орчим оршин суугч хотдоо буцаж ирсэн бол одоо тэднийг дахин нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт галт уулын эргэн тойронд лавын урсгалыг тосгоноос холдуулахын тулд шороон болон чулуун хаалт босгосон ч Исландын цаг уурын албаны мэдээлснээр лаав хаалтыг нэвтлэн тосгон руу урсан оржээ.
Исландын Ерөнхийлөгч Гвидни Йоханнессон Х хуудастаа “хүний амь насанд аюул байхгүй ч дэд бүтэц эрсдэлд орсон" гэж бичжээ.
2010 онд Исландын Эйяфьядлайекюдль галт уулын дэлбэрсний улмаас асар том үнсэн үүл агаар мандалд хаягдсан тул Европ дахь агаарын хөдөлгөөнийг удаан хугацаанд зогсоох шаардлагатай болсон юм.