Олон улсын хүний эрхийн өдөр өчигдөр тохиов. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойд зориулж өнгөрсөн бямба гарагт УИХ хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа. Тус хуралдаанд үг хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиа шинэчилсэн, төсвийг нь 2021 оныхоос бараг дөрөв дахин нэмэгдүүллээ, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай Ази тивийн анхны улс болсон гэх зэргээр ололт, амжилтаа нэрлэв. Гэвч “World justice project” байгууллагаас гаргадаг хууль дээдлэх ёсыг хэрхэн хангаж буй талаарх индексээр Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 56-д орж байсан бол 2023 онд 142 орноос 69-д бичигдэж буй.
Иймд хүний эрхийн конвенц, гэрээ, пактуудаар хүлээсэн үүргээ биелүүлж, төлөв, байдлынх нь талаар НҮБ-ын Хүний эрхийн хороо, бүтцийн бусад байгууллагад тайлагнах механизм бүрдүүлж, парламентаас манлайлж ажиллахаа УИХ-ын дарга илэрхийлэв. Мөн гэрээ, конвенцуудад дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, олон улсын гэрээний заалтыг шүүн таслах үйл ажиллагаанд хэрэглэх нөхцөл бүрдүүлэх, үүрэг, зөвлөмжийнх нь биелэлтийн явцыг УИХ тогтмол тайлагнадаг журамд шилжиж, нээлттэй сонсголоор хянан хэлэлцдэг болно гэлээ. Түүнчлэн хүний эрхийн боловсролыг иргэд, хүүхэд, залууст олгохоос гадна төрийн албан хаагчдын мэдлэг, мэдрэмжийг шалган, аттестатчлах эрх зүйн зохицуулалт бий болгохоо хэлсэн юм. Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас гаргасан тогтоолын хүрээнд Ахмадын эрхийн асуудлаар тусгайлсан баримт бичиг боловсруулан батлах санаачилгыг дэмжиж, нэгдэхээ илэрхийллээ. Үүнээс гадна “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-2”-ыг батлан, 2025 онд болох НҮБ-ын 80 жилийн ойг угтаж тухайн оныг НҮБ-ын дүрмийн жил болгох, тус байгууллагын Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах Ази, Номхон далайн бүсийн төвийг Монголд байгуулах санаачилга дэвшүүлэв.
Мөн дээрх өдрийг тохиолдуулан хүний эрхийн үндэсний форумыг “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатайгаар зохион байгуулж цахимхөгжил, тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлттэй холбон хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Форумд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн газрын дарга Рори Мунговен тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан бүх аймаг, нийслэлд хүний эрхийн нөхцөл байдал ямар байгааг тайлагнаж эхэлснийг дуулгалаа.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид илтгэлдээ дээрх гурван сэдвийг хөндсөн. Тэрбээр “Манай улс цахим засаглалын хөгжлийн индексээр өнгөрсөн онд 74 дүгээр байрт орж, өмнөх оноос 18 байраар урагшилсан. Цахим технологи нь төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлж, иргэдийн мэдээлэл авах эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахад давуу тал бий болгож байгаа ч сөрөг үр дагаврыг тооцоолж, зохистой хариу арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал, цахим залилан 2015 онд 17 бүртгэгдсэн бол 2022 онд 7708, 2023 оны аравдугаар сарын байдлаар 6810-т хүрсэн байна” гэв. Мөн орлогын тэгш бус байдал өндөр байгааг онцолж, 30 орчим хувьтай буй ядуурлын түвшин буурах хандлага ажиглагдахгүй байгааг тэмдэглэлээ. Цаашлаад хот, хөдөөгийн амьжиргаа, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийн зөрүү их байгааг хэлэв. Түүнчлэн хүний эрх нь уур амьсгалын өөрчлөлттэй харилцан хамааралтайг дурдахдаа “Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, хариуцлагагүй уул уурхай, бизнесийн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, усны хомсдол, цөлжилт эрчимжиж, ус, агаар, хөрсний бохирдол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтойгоор нөлөөлж байна” гэв.
Энэ үеэр “Нээлттэй нийгэм” форумын судлаач Д.Энхцэцэг өнгөрсөн сонгуулиар зөрчилтэй гэх шалтгаанаар 200 гаруй контентыг устгасан ч ямар шалтгаанаар гэдэг нь тодорхойгүй, эрх бүхий байгууллага нь ил тод ажиллаагүйг хэлж байлаа. Мөн хүний эрхийн идэвхтэн Ш.Ариунаа “И-Монголиа” платформ дахь хувь хүний мэдээллийн найдвартай байдал, харилцаа холбооны оператор байгууллагуудтай энэ талаар гэрээ байгуулсан, эсэхийг тодруулахад “Харилцаа холбооны байгууллагуудтай хувь хүний мэдээллийг огт хуваалцахгүй. Та хэрэглэгчийнхээ хувьд зарцуулж байгаа датаг тухайн компаниуд хариуцаж, үнэгүй хэрэглэх боломж бүрдүүлж байгаа юм” гэв.
Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажилтан Б.Болороог Европын Холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч”-ээр өргөмжилсөн бол Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс жендерийн тэгш байдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг шилдгээр шалгаруулжээ.