УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг өнгөрсөн хавар түдгэлзүүлсэн бол өдгөө хууль тогтоочид 71-үүлээ үлдэх байв. Нууц санал хураалтын дүн гарахад түүнтэй хамт нэрийг нь оруулж ирсэн хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг явуулаагүй юм. Нүүрсний гэх хэрэгт холбогдсон түүнийг 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсныхоо дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт нөлөөлж, Хятадын компаниудад давуу байдал олгосон гэрээ байгуулсан гэх үндэслэлээр шалгаж буй. Мөн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий, тэр дундаа 2011-2015 онд гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгждээ давуу байдал бий болгосон хэмээх үндэслэл ч бий.
Тэрбээр 2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компани болон түүгээр дамжуулан өөр бусад аж ахуйн нэгжид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн орд газраас нүүрс олборлоход нь давуу байдал бий болгосон хэмээн Эрүүгийн хуулийн 22.4.2-ын хахууль авсан, 22.5.1-ийн өгсөн, 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан гэх үндэслэлээр мөрдөн байцаалт явуулж байна. Улмаар түүнд холбогдох хэргийн хамсаатан гэгдэх Д.Наранхүүг хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татан, “Шувуу” ажиллагаагаар БНХАУ-аас авчирсан билээ. Түүнчлэн цар тахлын үед хөл хорионы дэглэмийн үеэр хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ нүүрс тээврийн автомашиныг дараалал зөрчүүлэн хилээр оруулсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг буруутгаж буй. Өдгөөгөөс бараг жилийн өмнө АТГ-аас нүүрсний гэх хэрэгт холбогдуулан албан тушаалтнуудын нэрийг зарлахад Н.Наранбаатар “Жагсагчид нүүрсний хулгайч нарыг зарла” гэж шаардахаар жинхэнэ хулгайч нараа далдлахын тулд бидний хэдэн хүнийг хаяж өглөө” хэмээн сандран мэдэгдэл хийсэн ч хуулийнхны шалгаж буй үндэслэлүүд ийн тодорхой болоод байна.
Тэрбээр 2000-аад оноос Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, компанийн захирал гээд төрийн болон хувийн хэвшлийн салбарт дандаа удирдах албан тушаал хашиж явсаар төрийн эрх барих дээд байгууллагын сэнтийд тухалсан нэгэн. Их сургууль төгсөөд, төд удалгүй дарга болж, дардан замаар албан тушаал ахиж болдгийг батлах нэгэн үе, “үзэгдэл”-ийн төлөөлөл нь тэр. УИХ-ын гишүүн болохын урьдач “дамжлага” болчихоод буй Засаг даргын албан тушаалаар дамжиж парламентад “орж ирсэн”, залуу гишүүн гэвэл Н.Наранбаатар. Гэвч тэр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө, бас дараа нь хийсэн үйлдэлдээ хуулийнханд байцаагдаж явна.
Тэрбээр нүүрсний гэх хэрэгт холбогдонгуут хамт сэжиглэгдсэн гишүүдтэйгээ нийлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Гэвч 2012 оны дөрөвдүгээр сарын 11- нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор төрсөн, Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртэлх хувийг шинээр эзэмшүүлэх гэсэн өгөөмөр заалттай эл тогтоолын төслөөс өөр түүний “автор”-ыг тавих хууль тогтоомж гэхээр зүйл алга. УИХ-д Өмнөговь аймгийн төлөөлөл үгүй болох нь, үгээ хэлж, хууль тогтоомж санаачилмаар байна гэж уйлах нь халаг байсан түүнд хийе гэвэл цаг хугацаа хангалттай байсныг хэлье.
Харин УИХ дахь “Засаг дарга нарын” гэгддэг албан бус бүлгээс өргөн барьсан хэд хэдэн төсөлд түүний нэр бий. Тухайлбал, өнгөрсөн онд тэд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. Учир нь Зөрчлийн хуулиар ногдуулсан торгуульд алданги тооцдог болох агуулгатай заалт тус төсөлд байсан бөгөөд хугацаанд нь төлөөгүй бол торгуулийн хувь хэмжээг даруй 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр заасан нь олны дургүйцлийг төрүүлж байв. Гэхдээ ард иргэдтэй ойр ажиллаж, зовлон, жаргалыг нь хамгийн сайн мэддэг гэгддэг Засаг дарга нарын өргөн барьсан эл төслийг санаачилсан Н.Наранбаатар нарыг буруутгахаас илүүтэй намыг нь, эрх баригчдыг тэдний гараар могой бариуллаа хэмээн шүүмжилж байлаа. Ер нь шүүмжлэл дагуулах магадлалтай төслөө залуу бөгөөд шинэ, эмэгтэй гишүүдээр өргөн бариулж, танддаг “тактик” бий. Энэ мэтээр утсан хүүхэлдэй болж, нэрээ тавьчих ганц хууль батлуулахын төлөө ажиллаагүй атлаа өөрийнх нь бүрэн эрхтэй холбоотой асуудал үүсэнгүүт бэлдчихсэн байсан мэт төсөл өргөн барих нь өрөвдөлтэй.
Ямартай ч өөрийнхөө хөрөнгө, мөнгөгүйг гайхаж ярьдаг түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгээс харвал өнгөрсөн хугацаанд буюу 2018-2022 онд өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь нийт орлого хоёр дахин өсжээ.