“Хаанбанк галерей”-н куратор Ц.Солонго уран бүтээлийн шинэ үзэсгэлэнгээ “Монгол арт”-д гаргажээ. Өөрийн хариуцдаг, куратороор нь ажилладаг байгууллагадаа үзэгчдээ уриагүйн учир нь хувь, “хувьсгал”-ын ажлаа ялгах гэснээс үүдэлтэй аж. Тэрбээр тосон, усан, хуурай зэрэг олон янзын технологийн, цаасан дээр барлаж бүтээсэн зургуудаа дэлгэсэн байна. Ингэхдээ орчин үеийн хүмүүсийг “Хэрвээ тэд хүн чулуу сан бол” гэсэн өнцгөөс харж бүтээсэн нь сонирхолтой. Санааг нь эртний буюу тухайлбал, Монгол орны өнцөг булан бүрт байдаг хүн чулуунуудаас авсан гэсэн. Бүтээл тус бүр цор ганц. Энэ төрлийн бүтээлийг монотип хэмээдэг ажээ.
Тэрбээр медиа уран бүтээлч О.Амарбаттай хамтарсан. Зурах, урлах, өөрөөр хэлбэл, сэтгэснээ гараар хийх ажлуудаа өөрөө гүйцэлдүүлсэн бол дэлгэцэд хөрвүүлж, хөдөлгөөн, дуу чимээ оруулах зэргийг уран бүтээлч анд нь гүйцэтгэжээ. Тиймээс тэд уг үзэсгэлэнг хамтарч гаргаж буй аж. Уран бүтээлч Ц.Солонго “Үзэсгэлэнг зорьж ирсэн хүмүүсийг модны өвөрмөц үнэр угтана. Төрөл бүрийн цэцэг бий. Дуу чимээтэй. Үндсэндээ байгалийг таван мэдрэхүйд зориулан хиймлээр бүтээсэн цогц үзэсгэлэн юм” гэлээ.
Ц.Солонго эх орондоо Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн юм билээ. Чимэглэх урлалын мэргэжилтэй тэрбээр АНУ-д үргэлжлүүлэн суралцсаны дараа 2014-2018 онд МУЭ-ийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Олон улсад ажилласан туршлага арвинтай. 2017 оны Бээжингийн, мөн БНСУ-ын Чёнжугийн биенналийн Монголын павильоны куратор. Түрүү жил Германы “Норд арт”-ын болон БНСУ-ын Гванжу хотод болсон медиа арт үзэсгэлэнгийн монгол павильоны куратороор ажилласан гээд дурдаад байвал санаачилсан, бүтээсэн, зохион байгуулсан, удирдсан нь чамгүй.
Уран бүтээлч Ц.Солонго, медиа уран бүтээлч О.Амарбат нарын “Төгсгөлгүй зурвасууд” (Infinite lines) нь контемпорари чиглэлийн бүтээлүүд бүхий үзэсгэлэн бөгөөд нэн шинэ орчин үеийн хэмээн онцлохоор аж. Тийм ч учраас зохион байгуулагч “Монгол арт” галерейн зүгээс сайтар тайлбарласан. “Амьдралд орших цорын ганц тогтмол зүйл нь өөрчлөлт юм” гэж эртний Грекийн философич Хераклитус хэлсэн байдаг шиг цаг хугацаа урсан өнгөрөх тутам бидний гэсэн юмс, мөн эргэн тойрны бүхий л зүйл өөрчлөгдөн солигдоно. Шим мандал дахь эгэл биетээс авхуулаад энгүй аварга амьтдын ч эд эсийнх нь төрөх, үхэх нь зэрэгцэн оршдог. Харин хүмүүс бидний хувьд байгалийн хуулийг сөрөн зогсож, амь биеэ аргадан амьдарсаар одоог хүрлээ. Олон мянганы туршид хүмүүн төрөлхтөн өөрийн ахуй, хоол хүнс, мөн хүрээлэн буй орчиндоо дасан зохицож, амьд үлдэхээс гадна аажмаар өөрчлөн шинэчилж, дээшлүүлэн хөгжүүлсээр ирсэн байна. Харин сүүлийн зуун жилд хөгжил дэвшил гэнэт дээд хурдаар явж, морин тэрэгнээс автомашин руу, морин өртөөнөөс интернэт рүү үсрэн оржээ. Үүнийгээ дагаад бүх зүйлийн үнэ цэн ахархан хугацаанд алга болж байгаа энэ цагт мөнхийн мэт орших зүйл нь хуучны мөртлөө шинэ юм шиг, эртний мөртлөө өнөөдрийн хүмүүст хамаатай тийм зүйлс болжээ. “Infinite lines” буюу “Төгсгөлгүй зурвасууд” уран бүтээлийн үзэсгэлэндээ уран бүтээлч Ц.Солонго хүмүүс бидний өөрчлөн шинэчилсэн ахуй, хүрээлэнг дүрсэлжээ. Угаас байгаль эхтэйгээ уялдаа холбоотой бид тэрхүү мэдрэмжээ алдалгүй оршин байхын тулд хуванцар, хиймэл, дуураймал байгалийг бүтээсэн байна.
Тэрхүү бидний байгаль мэтээр бүтээсэн хуванцар орчин, нэгэн цагт бидний шүтээн байсан хамгаалагч чулуун баримал, хайртай дотнынэрхэм хүмүүсийн гэгээн дурсгалт хөшөөнөөс эхтэй цаасан гэрэлт зураасан зургууд үзэсгэлэнд тавигдсан. Бодит чулуун хөшөөнөөс эх авсан төсөөллийн хүмүүс бидний сэтгэлд оршин байх хайртай хүмүүсийг минь төлөөлсөн мэт чулуун зургууд өнгөрсөн үеэс айлчлан ирж төгсгөлгүй зурвасын гүүр болжээ. Хүмүүс байгалийг дуурайж хот дотроо гол, хүрхрээ, уул толгод, бүр арал хүртэл хийдэг болж. Энэ нь байгальтайгаа ойр байх гэсэн сэтгэл, мэдрэмжийг өдөөсөн бүтээл болсон байна. Тиймээс тэрхүү цэвэршүүлсэн усаар хийсэн хиймэл гол, мөрөн, хүрхрээ, тарьсан цэцэрлэгүүдийг медиауранбүтээлчО.Амарбатвидео артдаа оруулж, байгалийн ч юм шиг, биш ч юм шиг тэр мэдрэмжийг хүргэхийг хичээжээ” гэж тус галерейгаас онцолжээ.
Үзэсгэлэнд очсон хүмүүсийн сэтгэгдэл тун өндөр. Тухайлбал, үзэгч Г.Оюунгэрэл “Буйдхан ахуйд, бүхнээс ангид, гэр дүүрэн амгалан. Яг ийм дөрвөн улирлыг элээх сэн. Хорвоо дэлхий ийм гоё өнгө будагтай, үзэсгэлэнтэйг харуулсан, он цагийн уртаас урт жимээр аялуулсан, гайхалтай цогц бүтээл болжээ” гэв. Бас нэгэн эмэгтэй “Хил хязгааргүй, эцэс төгсгөлгүй замын яг тэхий дундуур нь бид туучна. Зам өнгө будагтай, үзэсгэлэн төгөлдөр, олон өнцөг, салаатай, бас саад бартаатай. Гэсэн хэдий ч давтагдашгүй. Он цаг ингэж урссаар, хөвөрсөөр байдаг. Медиа арт бүтээл үнэхээр супер байлаа” гэжээ.