Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүлчдийн ёс зүйн форумыг тав дахь жилдээ зохион байгууллаа. Өнөө жил “Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах” сэдвээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан зөвлөлдөв. Ханнс-Зайделийн сан, “Дойче Велле” агентлагийн дэмжлэгээр зохион байгуулсан эл форумыг “Хэвлэл мэдээллийн олон ургалч байдал, оролцоог хангах, итгэлийг нэмэгдүүлэх нь” ярилцлагаар нээсэн юм.
Сэтгүүлчдийн ёс зүйн форумын эхний салбар хэлэлцүүлэг “Ёс зүй, итгэл үнэмшлийн эрсдэл: Хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг сэргээх нь” сэдэвтэй байлаа. Редакцтай, бодлоготой хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрхлэгч, эзэд, сэтгүүл зүйн багш, орон нутгийн төлөөлөл хэлэлцүүлгийн гол оролцогч байв. Тэд редакц хэрхэн төлөвшдөг тухай ярьж, олон нийтийн итгэлийг хүлээсэн түүхээ хуваалцсан. Тухайлбал, “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Сүүлийн жилүүдэд сошиал орчин хүрээгээ тэлэхийн хэрээр өдөр тутмын сонины захиалга буурсан. Иргэд уламжлалт сэтгүүл зүйгээс татгалзаж байна. Тэр хэрээр бид үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж, сэтгүүлч нараа сургалтад хамруулсан. Мөн уншигчдын итгэлийг төрүүлэхүйц үйл ажиллагаа явуулснаар өнгөрсөн жилээс хэд хэдэн давуу тал гарлаа. “Мэдрэмжтэй мэдээлье” төсөлд хамрагдсанаар уншигчдадаа тайлан тавьж сурсан. Хоёр ч шинэ булан нээж, уншигчдаа татаж чадлаа” хэмээв.
Тэгвэл “Ньюс” агентлагийн захирал Б.Батболд “Уншигчдын хандалт сошиал руу чиглэж байгаа энэ үед редакцтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ялгарах онцлогтой байх нь чухал. Өнөөдөр Монголд төдийгүй дэлхий нийтэд уншигчид хоолоор яривал буталж, нухаж болгосон бэлэн мэдээлэл хүлээж авахыг хүсэж байна. Цаг хугацаа, техник, технологи хөгжихийн хэрээр товч тодорхой мэдээллийг уншигч илүүд үзэж буй. Гэтэл Монгол Улсад гуравхан хүнтэй сайт байгуулж, өглөө нь хэвлэлийн хурал шууд дамжуулж, өдөр сурвалжилга, орой нь фэйсбүүк дээрх хандалт ихтэй бичлэг татаж, нийтэд цацдаг нь зохисгүй. Зарим нь эх сурвалжгүй мэдээллийг тодруулахгүй, уралдаж гарган айна. Мөн сайтууд нэг хэвлэлийн хурал дээр бөөнөөрөө очиж, ялгарах онцлоггүй шууд дамжуулдаг. Угтаа бол редакц ялгарах онцлогтой, бодлоготой, ёс зүйтэй байснаар уншигчдын үнэлэмж нэмэгдэнэ” гэв.
Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, МУИС-ийн докторант Д.Оросоо худал мэдээлэлтэй тэмцэх хэрэгтэйг онцолж, “Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт ба практик” илтгэл тавьсан юм. Мөн ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Эрүү, эрүүгийн процесс, эрх зүйн онол, компьютер-мэдээлэл зүйн шинжлэх ухааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Эрик Хилгендорф “Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт” сэдвээр ХБНГУ болон бусад улсын туршлагаас хуваалцлаа.
Форумын төгсгөлд “Нэр төр, алдар хүндийн эрүүгийн хэргийн эрх зүйн хамгаалалт ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.