Олон түмний төлөө авралын гараа сунган, гамшиг осол тохиолдсон хүн болгонд тусалж, өөрийгөө золиослон гал, ус руу ч үсэрдэг гайхалтай сайхан мэргэжил бол аврагч . Тэд өнөөдөр 2022 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийв.
Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян 2022 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилтийг танилцууллаа.
Онцгой байдлын байгууллага энэ онд “Онцгой байдлын албаны техник, багаж, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн чанар ашиглалтыг сайжруулах”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах” хоёр зорилт дэвшүүлэн ажиллажээ.
Он гарсаар улсын хэмжээнд 4129 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарч алба хаагчид 3653 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 260.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Түүнчлэн Агаараас эрэн хайх, аврах анги энэ оноос ард иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлж, 42 удаагийн дуудлагаар 59 иргэнийг эмнэлэгт хүргэж, амь насыг нь авран хамгаалаад байна.
Монгол Улсын Засгийн газрын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор энэ онд 163 дугаар тогтоол баталсан. Үүний дагуу Говь-Алтай аймгийн Цогт, Увс аймгийн Давст, Завхан аймгийн Сонгино, Архангай аймгийн Тариат, Дундговь аймгийн Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгүүд, Булган аймгийн Хутаг-Өндөр, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум дахь Эрэн хайх аврах салбарууд, Төв аймгийн Батсүмбэр сум, нийслэлийн Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 4-р зэрэглэлийн анги, нийт 9 анги, салбар, бүлгийг байгуулсан.
Алба хаагчдыг мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилгоор Улсын нөөцийн анги, салбар, цэгийн төрийн үйлчилгээний 24 албан тушаалын 303 албан хаагчийн ангилал, зэрэглэлийг үе шаттайгаар төрийн тусгай зэрэглэлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, 1007 албан хаагчид мэргэжлийн зэргийг олгосноор албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, тэтгэмжийг нэмэгдүүлсэн бол тусгай зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангалт 34.0 хувиар өссөн зэргээр албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангажээ.
Мөн ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг анги, салбар, алба хаагчдаа шалгаруулж, шагнал гардууллаа. “Тэргүүний бүс”-ээр хурандаа Г.Ганбаатар даргатай Хойд бүс, “Тэргүүний газар”-аар хурандаа Л.баярсахайн захирагчтай ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар анги, хурандаа Ж.Алтангэрэл даргатай Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, “Тэргүүний хэлтэс”-ээр хурандаа Л.Чинбат даргатай НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Тэргүүний анги, салбар”-аар ахмад Э.Энхбаяр захирагчтай НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, хошууч М.Ганбаатар даргатай Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь эрэн хайх, аврах салбар, “Тэргүүний салаа, бүлэг”-ээр ахлах дэслэгч М.Мөнхтөгс захирагчтай НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн I салаа, ахмад О.Хосбаяр даргатай НОБГ-ын Аврах ангийн II бүлэг, “Шилдэг удирдах ажилтан”-аар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, “Шилдэг мэргэжилтэн”-ээр НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч, Б.Ариунболд, “Шилдэг аврагч”-аар нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлагч Б.Одбаяр, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-химичин, ахлах ахлагч Н.Ганбаяр, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Б.Цогтгэрэл, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Гантулга нар шагнагдлаа.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан