Дэлхий дахины анхаарал татсан Хятадын Коммунист нам (ХКН)-ын ХХ их хурал дуусаад хоёр долоо хонож байна. Үр дүнд нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин албан тушаалдаа хэвээр үлдэв. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Төв хорооны бүрэлдэхүүнд орсонгүй, хуульд зааснаар тэрбээр ирэх оны гуравдугаар сард халаагаа өгөх аж. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын (БХАТИХ) Байнгын хорооны дарга Ли Чаньшу, Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Ван Ян, Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч Хань Чэн нар ч Төв хорооны бүрэлдэхүүнээс хасагдлаа. Ли Чаньшу, Хань Чэн нар тэтгэврээ хүлээж буй юм байна. Бичигдээгүй ч Хятадад 30 орчим жил мөрдөж буй журмаар Үндэсний конгресс болох үед 68 нас хүрсэн өндөр албан тушаалтан шинэ албан албанд томилогдох юм уу, хуучнаа хадгалж үлдэх боломжгүй аж. Харин БНХАУ-ын одоогийн дарга (Ерөнхийлөгч) Си Зиньпин 69 нас хүрсэн ч энэ журам түүнд үйлчилсэнгүй. Шинээр сонгогдсон Төв хороо 205 гишүүнтэй, Улс төрийн товчоо 25, Байнгын хороо нь долоон хүнтэй байх юм.
Ард түмнээ бүх нийтээр нь чинээлэг амьдруулах, өндөр хөгжилд нөлөө үзүүлэх, бүхий л үйл ажиллагаанд илүү өргөн цар хүрээтэй, илүү боловсронгуй ардын ардчиллыг хөгжүүлэх, Хятадын ардын армийг дэлхийн тэргүүлэх түвшний зэвсэгт хүчин болгож өөрчлөх, “нэг улс, хоёр байгуулал” бодлогыг амьдралд бүх талаар хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх, “тусгаар тогтносон Тайвань” гэгчийн төлөө тэмцдэг салан тусгаарлах хүчийг шийдвэртэй тас цохиж, зогсоох тухай нэмэлтийг намын дүрэмд оруулахыг Их хурал санал нэгтэй дэмжлээ. “ХХ хурлын баталсан бүх шийдвэр, төлөвлөгөө, тэдгээрийн үр дүн өөрчлөн сайжруулсан социалист улсыг бүх талаар байгуулах, хятад үндэстэн сэргэн мандах үйл явцыг бүхий л талаар урагш ахиулах, Хятадын онцлогтой социализм байгуулах үйлсдээ шинэ ялалт, амжилт олоход онцгой чухал үүрэг гүйцэтгэх болно” гэж Си Зиньпин дүгнэлээ.
ХКН тэмцлийн 100 жилийн зам туулж, шинэ зорилт хэрэгжүүлэх шугамдээр гарсныг тэр тэмдэглэв.
Их хурлыг хаадаг өдөр Төв хорооны шинэ бүрэлдэхүүний төлөө төлөөлөгчид санал хураасны дараа Ерөнхий нарийн бичгийн дарга асан, 2012 онд Си Зиньпинийг эрх мэдэлтэй болохоос өмнө намыг 10 жил удирдсан Ху Жиньтаог гараас нь хөтлөн дэлхий дахины нүдний өмнө хуралдааны танхимаас гаргасан нь олны анхаарлыг татав. Хурлын нээлт, хаалт дээр Си даргын зүүн гар талд сууж байсан 79 настай Ху өөрийнхөө өмнөх улаан хавтастай бичгийг уншихыг оролдоход хажууд нь байсан БХАТИХ-ын дарга Ли Чаньшу уг хавтсыг авснаа түүнтэй нэлээд удаан ярилцлаа. Энэ үед Си дарга Төв хорооны ажилтан Кун Шаосюнийг туслуулахаар дуудав. Тэд хэсэг ярилцсаны дараа аюулаас хамгаалахын нэг ажилтан ирж, гайхаж хоцорсон Хуг танхимаас авч гарав. Тэр том дарга нар хоорондоо юу ярьж, хэлснийг амных нь хөдөлгөөнөөр таах аргагүй, Хуг авч гарсан хүмүүс зориулалтын баг өмссөн байлаа. Энэ явдал “Ковид”-ын эерэг хариу гэнэт гарснаас аваад шинэ Төв хорооны гишүүдийн нэрсийг хуучин ерөнхий нарийн бичгийн дарга уншсаны дараа Си, Ху нар маргалдсан гэх хүртэл олон янзын таамаглал тэр даруй гарсанд гайхах юун. Их хурлын эхнээс л Хугийн царай ихэд өтөлсөн, хүмүүсийн туслалцаа хэрэгтэй нь анзаарагдаж байсан учраас түүний бие гэнэт муудсанаас баримжаагаа алдсан хөгшнийг амралтын өрөөнд аваачихаар нөхөд нь шийдсэн байхыг үгүйсгэмгүй. Ерөнхий нарийн бичгийн дарга асны ганц хүү Лишуй хотын намын хороог удирддаг Ху Хайфэн хурлын төлөөлөгчийн хувиар энэ үед танхимд сууж байжээ. Хэрэв Хуг “ангуучлахаар” Си төлөвлөсөн бол салбартаа монопол, олон тэрбумын өртөгтэй гэрээ байгуулж асан Nuctech компанийг толгойлж байсан хүү Ху нь аятайхан бай болох байсан нь гарцаагүй. Долоо хоног үргэлжилсэн хурлын эцэст Хугийн талын бүх хүнийг Улс төрийн товчооноос зайлуулж, Хятадад Сигийн ганц хүний засаглал бүрэн хэмжээгээр тогтлоо. Тэрбээр Улс төрийн товчооны байнгын хороог өөрийн хүмүүсээр бүрдүүлээд зогссонгүй Хятадын дээд зиндааныхныг халж, сольж байдаг олон дүрэм, журмыг “хог дээр” хаяв. Дэлхийн хоёрдугаар гүрний хүнд суртлын машин эзэн хаан Сигийн санаа зоригийг сөрөх тэнхэлгүй боллоо.
Саяны их хурал 2017 оны аравдугаар сард болсон XIX их хурлаас дэвшүүлсэн чиглэл хандлагын үргэлжлэл болсонгэж хэлж болно. Маозмын гажуудалд үзүүлсэн хариу үйлдэл болж 1980-ад онд Дэн Сяопиний үед гарч ирсэн эрх мэдлийг шилжүүлэх механизмыг чухам тэгэхэд Си Зиньпин эвдэж чадсан юм. 1992 оноос мөрдөж ирснээр Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нар харилцан хамааралтайгаар тус бүр таван жилээр хоёр удаа бүрэн эрх эдэлсээр иржээ. Эхний хугацаа дуусахаар энэ хоёр албан тушаалтны аль нь ч орны хүнээ өөрөө сонгодоггүй нь нэг бүлэглэлийн гарт эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлж буйтай холбоотой. Нэр дэвшигчдийг заавал тохиролцооны дүнд гаргаж ирэх ёстой. Удирдагч бүр өөрийн хүмүүсийг албан тушаалын шатаар алгуур өгсүүлж гаргаж ирэхдээ өөрөө бие даасан удирдах ажилтан байсан үеийнхээ итгэлтэй хүмүүсээс шилж сонгоно. Тухайлбал, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Зян Зэминь 1980-ад онд Шанхайн намын хороог удирдаж байсан. Тэгээд Коммунист намын удирдлагыг дороо байсан хүмүүсээр дүүргэсэн байдаг. Энэ нь тэтгэвэрт гарсан хойноо ч албан ёсны бус нөлөөгөө хадгалж үлдэхэд нь тус болдог. Ху Жинтао ч ялгаагүй 1980-ад оны Хятадын залуучуудын байгууллагыг удирдаж байхдаа өөрийн хүмүүсийн сүлжээг бий болгосон байв. 2012 онд XVIII их хурлаар Сиг Ерөнхий нарийн бичгийн дарга болоход л хамтрах зарчмаар Хугийн Ли Көцян Ерөнхий сайд болсон байна. Тэр үед эрх мэдлийг солих механизм өөлөх юмгүй ажиллаж байж. Нэг талаас намд төлөвлөлтийн өргөн орон зай, сонгогчдын олон аашаас үл хамааран стратегийн нэгдмэл бодлого явуулах боломж байхад нөгөө талаас эрх мэдлийг гарцаагүй сольдог тогтолцоо, хамтын удирдлага гэсэн хоёр хамгаалагч Мао Зэдун шиг ойворгон дарангуйлагч гараад ирэхээс сэргийлэх механизм болдог байна. Гэтэл энэ механизмыг Си эхний таван жилдээ л эвдэж орхиж. Авлигын эсрэг кампанит ажлаа эхлүүлснээр шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга 2012-2017 онд хүчтэй өрсөлдөгчөөсөө намаа цэвэрлэж, ойрын хамтран зүтгэгчдийг нь баривчилж, өөрийн өмнөх удирдагч Зян Зэминь, Ху Жинтао нарыг сулруулжээ. Үүний дүнд ХIX их хурлын эцэст Улс төрийн товчооны Байнгын хорооны долоон гишүүнд өмнөх үеийнхний залгамжлагч байж болзошгүй, Сигээс 10 насаар залуу хэнийг ч оруулсангүй. Эрх мэдлийг төвлөрүүлэхдээ Си зөвхөн айдас ашиглаад зогссонгүй, намын эрх мэдлийг хадгалахын тулд бүтцийн эрс хатуу өөрчлөлт хэрэгтэй тухай ярих болжээ.
Хятадын удирдлагын дээд түвшинд халаа сэлгээ хийх дүрмийг үндсээр нь өөрчилсөн нь Улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг урьдчилан таамаглах гэсэн тэргүүлэх Хятад судлаачдын оролдлого хол зөрж байгаагаас харагдаж буй юм. Хятад руу зорчиж, эх сурвалжтай мэдээлэл солилцох боломжтой байсан нөхцөлд таамаглал өндөр магадлалтай байхад их дөхөмтэй байдаг байж. Саяны их хурлын өмнө бол дүн шинжилгээ хийхээс тааварлах нь илүү байлаа гэдэгт Хятадаар мэргэшсэн шилдэг хүмүүс санал нэгдэж байжээ. Сүүлийн таван жилд Хятадын нийгэм их хаалттай, ойлгомжгүй болсон байна. Мэдээллийн чухал эх сурвалж болдог байсан Америкийн тэргүүлэх хэвлэл, мэдээллийн хэрэгслийн олон сэтгүүлчийг Дональд Трампын үед цар тахлаас өмнө дэгдсэн “визийн дайн”-ы хүрээнд Хятадаас гаргажээ. Гэлээ ч ялангуяа Wall Street Journal боловсон хүчний зарим томилолтын талаар урьдчилан мэдэж чадсан аж.
Ерөнхий сайд Ли Көцян хоёр бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй тул тэртэй тэргүй “явах” нь тодорхой, түүнийг улс төрийн амбицгүй технократоор солино гэж таамаглах нь оновчтой. Тийм хүн нь Хугийн гаргаж ирсэн, Сид үнэнч байх нь цаг хугацаагаар шалгагдсан, 2012-2017 онд Ерөнхий сайдын орлогчоор тун дажгүй ажилласан, одоо Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийг тэргүүлж байгаа Ван Ян юм уу, Ерөнхий сайдын нэг орлогч Ху Чуньхуа нар юм. Түүнээс гадна 2027 онд болох дараачийн их хурал хүртэлх хугацаанд эрүүл мэндэд нь ямар нэг таагүй юм учирч болзошгүйг харгалзаж Си Улс төрийн товчооны Байнгын хороонд өөрийн хүмүүсээс 10 насаар залуу улсыг дэвшүүлэхийг хүсэж буй. 1960-аад онд төрсөн, Чунцин хотын намын байгууллагыг удирдаж буй Чэнь Миньэр, Намын төв хорооны Тамгын газрын дарга Дин Сюэсян нар энэ шалгуурт илүүтэй нийцсэн гэж үзэж байгаа аж. Байнгын хорооны долоон гишүүнээс Сигээс гадна хоёр хүн суудлаа хадгалж үлдэж байгаа юм. Энэ нь Зян Зэминь, Ху Жинтао нарын үед голлох үзэл сурталч гэгдээд байсан онолч Ван Хунин, 2017 оноос намын Сахилгын комиссыг удирдаж байгаа Чао Лэци нар. Байнгын хороонд шинээр орж ирсэн дөрвөн хүн нь Си даргын ойрын зүтгэлтнүүд юм байна. Шанхай хотын намын байгууллагын одоогийн тэргүүн Ли Цян нам дотроо хоёр дахь хүн болсноор ирэх оны гуравдугаар сард Ерөнхий сайд болох нь тодорхой болоод байна. Саяны их хурлаас өмнө Бээжин хотын намын хорооны дарга байсан Цай Ци намынхаа тав дахь хүн боллоо. 126 сая хүнтэй Гуандун мужийн намын байгууллагыг удирдаж байсан Ли Си Сахилгын төв комиссыг тэргүүлнэ. 60 настай, инженер мэргэжилтэй, Сиг Шанхайд түр хугацаагаар ажиллахад ажлын аппаратыг нь удирдаж, 2012 оноос Сигээс салаагүй Дин Сюэсян долоон гишүүн дотроо хамгийн залуу нь болж байна.
Улс төрийн товчооны 24 гишүүн дотор макро эдийн засагч ганц байгаа нь 1990-ээд оноос Ситэй танил, туслах нь байсан Хэ Лифэн. Энэ хүн гуравдугаар сард Ерөнхий сайдын нэг орлогчийн албыг хашна.
Дэн Сяопиний өөрчлөлт шинэчлэл эхэлснээс хойших хамгийн төвөгтэй үе рүүгээ Хятад улс орж явна. Хотжих үйл явц дуусаж, хүн ам нь ихэд хөгширч, бүтээн байгуулалтын хурдцын урьдын эх үүсвэр нөөц боломжоо шавхаж, өрийнх нь хэмжээ нэмэгдэж байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант