Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдааныг зарлаж байна.
“Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан 3 500 000 / гурван сая таван зуун мянган / төгрөг хүртэлх тэтгэлгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгоно. Уралдаан нь урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэй.
Өнгөрсөн жил Питер Морроу-ийн нэрэмжит “Гэрэлт морьд” уран бүтээлийн тэтгэлэгт хөтөлбөрт уран бүтээлч Ж.Мөнхжаргалын “100 өдөр-100 уран бүтээлч” баримтат гэрэл зургийн төсөл, соёл судлаач Ц.Солонгын “Дүрслэх урлагийн салбарын тогтмол хэвлэлд хийсэн судалгаа” төсөл тэргүүлж, нийт 5,000,000 төгрөгийн санхүүжилт хүлээн авсан билээ.
Тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг гуравдугаар сарын 25-ныг хүртэл arts@artscouncil.mn хаягаар хүлээн авна гэж МУЗ-өөс мэдээлэв.