Нээрээн, ингэхэд Цоодол ах, Цэвэлмаа эгч хоёроос охиндоо яагаад Хулан гэдэг нэр өгсний учрыг асууж байгаагүй юм байна шүү дээ. Яг одоо энэхүү бяцхан хөрөг-нийтлэлийг бичиж суухуй дор ийнхүү бодогдож байна. Магадгүй, дэлхийд зөвхөн Төв болон Дундад Азид, тэр тусмаа Монголын зах хязгааргүй шаргалтах говь, туулж барамгүй тал нутгийг гагц салхитай л ханьсан эзэгнэн хурдлагч тэрхүү ганган, зэрлэг, онгон, дошгин, эрх чөлөөт, зүс хонгор, хийморьлог амьтан мэт ямагт омог бардам амьдарч яваарай хэмээн бэлгэдэж ийн нэрийдсэн байж болох.
Хулан маань өөрөө ч бүхий л төрх байдал, зан ааль, сэтгэлгээгээрээ бусдаас содон, өвөрмөц, үнэнхүү ихэмсэг, үзэсгэлэн гоо, эрх зоргоороо, яг л бичдэг шүлэг найраг, нийтлэл шигээ цалгиж халгисан, яруу тансаг, омог бардам хүн.
Хэний тухай бичиж буйг минь уншигч та хэдийн гадарлаа биз ээ. Тийм ээ! Монголын яруу найраг, утга зохиолын ертөнцөд XX зууны сүүлийн арваад, XXI зууны эхний арваад жилд эдүгээ “Мөнгөн үеийнхэн” гэгдэх болсон хэсэг залуус жинхэнэ тэсэрч гарч ирсэн юм. Тэдний шүлэг, найраг, бичвэрүүд нийгмийг жинхэнэ хуйлруулан дагуулж байлаа шүү дээ, бурхан минь! Тэдэн дундаас бүтээлээрээ ч, бие зүсээрээ ч хамгийн содон нь яах аргагүй Дөнгөтийн Цоодолын Хулан байлаа. Энэ гурван холбоо нэрийг чухам л тэр л цаг үеэс сонгодог шүлгийн шад мэт монголчууд цугт нь хэлэх болсон юм даг.
…Хулантай танилцаж, нөхөрлөөд хорь гаруй жил болжээ. Анх төрийн төв хэвлэл “Ардын эрх” гэж сонин байхад бид нэг редакцад ажилладаг байсан юм. Юу, юугүй нисэх гэж байгаа эрвээхэй шиг дэрвэлзсэн гоё нүд, сормуустай, тайрмал үстэй, зөвхөн Хуланд л зохидог нэг тийм аальгүй ч гэмээр, эрх ч гэмээр наалинхай, эрчүүдийн харцыг булааж, сэтгэлийг татсан донж маягтай, хэнтэй ч дотносон нөхөрлөж чаддаг, чөлөөтэй, нээлттэй харилцаатай, баахан дураараа, жаахан хэтрүүлж хэлбэл танхайдуу гэмээр эрх чөлөөтэй бүсгүй байж билээ. Одоо ч бараг тэр хэвээрээ л дээ.
Миний мэдэхийн л эмэгтэйчүүдтэй гэхээсээ илүү эрчүүдтэй найзалж, нөхөрлөдөг, уян зөөлхөн атлаа басхүү эршүүд зоримог, нөхөрлөлдөө үнэнч нэгэн бол Хулан. Түүн шиг олон найзтай хүн ер нь бидний үеийнхэн дунд байгаагүй юм шүү. Нийгмийн бүхий л давхаргын төрөл бүрийн ажил мэргэжлийн, өөрөөс нь ахмад, залуу, үе чацуутан эр, эм гээд ёстой түмэн найз бий дээ. Хорь хүрэхгүй настай, хонгор зүстэй байхаасаа Монголын ард түмэнд танигдсан “од” гэвэл Хулан л байлаа шүү дээ.
Улс төрийн шийдвэрээр 1996 онд “Ардын эрх” сониныг татан буулгасны дараа “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулалцаж, Ц.Балдорж эрхлэгчийг даган гарсан анхны 13 хүний дотор цор ганц эмэгтэй сэтгүүлч байсан нь аанай л Цоодолын Хулан. Тэр үеэс бид улам дотно нөхөрлөх болсон хэрэг.
Эрхлэгч маань нэг өдөр Н.Лутбаяр, Ц.Хулан, Д.Энхболдбаатар, Ж.Гэрэлмөнх, Д.Заяабат бид зургааг дуудаад “За, та хэд өнөөдрөөс эхлэн ерөнхий эрхлэгчид шууд харьяалагдах сонины “цохилтын бүлэг”-ийг бүрдүүлнэ. Хамгийн дуулиантай, ээдрээтэй үйл явдлыг хөөж, өөр ямар ч сэтгүүлч, сонинд юм үлдээлгүй, мухарлаж бичих болно. Долоо хоногт хүн бүр заавал нэг, нэг “хадаас” материал оруул! Тэр материалуудыг чинь би өөрөө уншиж, редакторлоно” гэв.
Ингэж Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд бидний бүлэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйг цоо шинэ түвшинд анх гаргаж ирсэн юм. Үүнийг би хаана ч бардам хэлнэ ээ! Үнэхээр ч үйл явдлыг бид ёстой л тал талаас нь бүхий л байж болох эх сурвалжаас авсан баримтаар бялхуулж бичдэг болсон доо.
Ц.Хулангийн нийтлэл, ярилцлагууд ямагт л “хадаас” болно. Үнэхээр сайн. Тэр маш мэдрэмжтэй, сонирхолтой, мэдлэгтэй, их цэгцтэй бичдэг юм. Түүний бичсэнийг унших ямар урамтай гээч. Тухайлбал, түүний Дээрхийн гэгээн XIV Далай ламтай хийсэн ярилцлагыг нь тод санаж байна. Дээрхийн гэгээнтэн чухам Хулангийн асуултад хариулахдаа монголчууд бидэнд хандсан нөгөөх алдарт “Архиа бага ууж, айргаа тааваараа хүрт!” гэсэн захиасаа хэлсэн байдаг юм.
Хулангийн тухай бичих юм бол сайхан аав, ээж хоёрынх нь тухай өгүүлэхгүй өнгөрнө гэвэл ёстой алдас болно. “Намайг мэдье гэвэл аавыг минь, аавыг минь таних гэвэл намайг мэдэх хэрэгтэй”, “Тэгээд ч би Цоодолын Хулан юм уу, Хулангийн Цоодол ч юм уу” хэмээн мань хүн хэзээний ч билээ нэг ярилцлагадаа омог бардам хариулсныг нь санаж байна. Сайхан аав, охин хоёртой бид бүгд хамтдаа нэг сонины “гал тогоонд” ажиллаж, үдсэн он жилүүдийг хэрхэн мартаж чадах билээ.
Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол абугайг хайрлахгүй байхын аргагүй гайхамшигтай сайхан хүн. Ямар ч ууртай, уцаартай хүн Цоодол ахын хажууд эрхгүй намбайгаад номхорчихдог юм. Тайван, зөөлөн, аядуу дуу хоолойгоор өнгөрсөн, эдүгээгийн үйл явдлыг хүний элэг хөштөл ярина. Цоодол ахын ухаалаг, сургамжтай, сонирхолтой яриаг сонсож суух гэдэг ёстой л дээдийн таашаал. Яагаад ч юм яриа нь нэг тийм гоё, хүнийг аз жаргалтай болгочихдог шидтэй гэмээр. Тиймээс ч зан сайтынд хүн цуглана гэдэг шиг Цоодол ахынх хөл тасарна гэж үгүй. Бараг жилийн дөрвөн улирлын турш зочдоор бялхдаг шиг байгаа юм. Тэр тусмаа “Өнөөдөр” сонины үе үеийн сэтгүүлчдийн хувьд тэднийх ерөөсөө л хоёр дахь “гэр орон” нь гэсэн үг. Цэвэлмаа эгч гэж орсон, гарсан хэн бүхэнд “уу, ид” болж дайлж, цайлсан, тайван амгалан ёстой л нэг хэн бүхний “Өндөр ээж” болсон сайхан хүн бий дээ.
Хулан хаана ч явсан инээд цалгиаж явна. Бүр тас тас инээнэ. Дуу хоолой нь ч өвөрмөц, аав шигээ тод хэрнээ их зөөлхөн өнгөөр шүлгээ унших нь онцгой сэтгэгдэл төрүүлдэг юм. Дуулахдаа ч намбалаг, тун ч донжтой. Ц.Хуланд аав, ижийгээс нь дамжин цаанаасаа нэг язгуурын намбалаг монгол соёл, уламжлал, ухааны хүчирхэг ген хүчтэй өвлөгдсөн санагддаг. Хоёр хөгшин бол яг л тийм хүн.
Ингэхэд түүнийг гуньж, гуниглаж, унжийж байхыг нь харж байгаагүй юм байна. Мах, цусанд төрсөн хүн л юм хойно уйлж, дуулах, уурлах ундууцахаас хэрхэн зайлах билээ л. Хулан сайхан бүсгүйнхээ хувьд ч, хэн хүнд заяахгүй авьяастай найрагчийнхаа ч хувьд, басхүү зүрх сэтгэл, оюун санааны өндөр түвшинд гарчихсан боловсролтой цөөхөн эмэгтэйн нэг мөний хувьд ч тэр, нэлээд хүний атаа, жөтөө, дургүйг хүргэж амьдрах үйлийн үр, тавилантай бүсгүй гэж бодогддог. Хулангийн талаарх хов жив, цуу яриа ч ямар тасрах биш. Тэгээд ч өөрөө энэ бүхнийг даанч нэг тоож үзэхгүй гудиггүй явах нь гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг юм. Магадгүй энэ бүх хар, хор түүний аргыг нь барж “Зүгээр л нэг амьдрах сан” хэмээн дуун алдуулсан ч юм болов уу, гэж боддог.
“…Ер нь хямрахдаа тулбал амьдрал өдөр болгон, агшин бүрт хямарч байдаг юм биш үү? Харин үүнийг давж гардаг нэг зүйл юу юм гэвэл тогтвортой байдал. Энэ нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлаас илүү хүн сэтгэлээ тогтвортой байлгаж чадах чадвар юм” гэж нэг ярилцлагадаа тэр хэлсэн. Эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд хамаатай маш чухал аксиом байгаа биз түүний энэ үг. Магад өнөөгийн ороо бусгаа, дэндүү давчуу, хайр найргүй, харгис хэрцгий, хиймэл албархуу, худал хуурмаг нь дэндсэн цаг үед гүн бодрол, авьяас билгээс ундарсан алт эрдэнэсээс ч үнэ цэнтэй ийм үнэн үгийг Хулан л хэлэх биз.
Түүний дотоод ертөнц, амьдралын гүн ухааныг илүү мэдье, танъя гэвэл шүлгүүдийг нь унших ёстой болов уу. Хулан энэ бүхнээ хүнд ярихаасаа илүү уран бүтээлдээ сийлчихсэн байдаг юм. Тухайлбал
…Тэнгэрийн үйл мэтгэхүй ч
Газрын явдлаас хол дээгүүр амьдарлаа
Тэнд хожмоо зовохгүйн тулд
Энд хамаагүй жаргаж болохгүй
Үхлээс би буцахгүй, хагацлаас л жаахан айдаг
Үрээн үлдээх орчлон гэхээр дуугүй явж чаддаггүй…
гэсэн мөрүүдээс нь ер бусын Хулан харагддаг. Тэнгэр, газрын савслага дахь хүний амьдралыг ердийн бишээр харж, туулж, бясалгаж яваа нь мэдрэгддэг. Гэхдээ миний л, надад л төрдөг бодол, сэтгэгдэл юм. Би бол шүлэг, найргийн тухайд нь задлан, тайлбарлаад байхаар түвшний ойлголттой хүн биш л дээ. Баахан хөндий нэгэн. Гэвч Хулангийн шүлэг, нийтлэлүүдэд нь, нийгэмд хандсан ил захидлуудад нь дуртай. Ямар ч бүтээлийг нь гүйлгэж, алгасахгүйгээр бүрэн уншдаг цөөхөн авторуудын нэг. Үнэнээ хэлэхэд, Ц.Хулангийн шүлгүүдэд ганц би мэт биш, монголчууд хуйгаараа асар дуртай байдаг юм. Монгол орны өргөн уудам нутгийн хаана ч очоод, хамгийн түрүүнд тааралдсан, аль ч насны хүнээс хамгийн дуртай нэг шүлгээ уншаач гэхэд за даа ихэнх нь л “…Зүгээр л нэг амьдрах сан, зүлгэн дээр гэрээ бариад…” хэмээн эхэлнэ дээ. Түүний шүлгүүд уншууртай, сэтгэл зүрхэнд гүн нэвчиж, асар амархан хоногшин тогтддог юм. Басхүү Хулангийн шүлгүүд нь цэвэр монгол ахуйтай, ухааралтай, эмзэглэлтэй байдаг болоод тэр байх. Өөр бусдын шүлэг надад л лав тэгж амар цээжлэгддэггүй, цээжилсэн ч марчихсан байх нь олон.
“Таны шүлгүүд тал нутгийн монголчуудын сонгодог унаган ахуй, төрөлх сэтгэлгээний гэгээн сүнсэнд үнэнч байж, аугаа нүүдэлчин соёлын сүүлчийн халуун амьсгалыг бидэнд дамжуулж, аугаа их нам гүм, цэнхэр үлгэрийг шивнэж байдагт бид танаар бахархан баярладаг гэж хэлэхийг минь зөвшөөрнө үү” гэж утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор С.Энхбаяр хэмээх эрхэм ганц Ц.Хуланд л зориулж хэлсэн байдаг юм билээ.
“Залуу насаа би нэг их шаргал өвсөн дундах ганцхан хөх цэцгээр дүрслэн бодном. Энэхэн удаа бусдаас содон амьдарч сондгойрохын бөөн хүслэн явжээ. Гэсэн ч миний залуу нас олонх хүний боддог шиг хялбар байсангүй. Ганц хүүгээ хүн царайчлалгүйгээр өсгөх гэсэн далдуур хор шар, хүүдээ аав болж чадаагүй хүний хойноос мөрөөсөх гуниг, энэ бүхний зэрэгцээ аавынхаа нэрийг унагачихгүйн шамдал, алдаа оноогоор дүүрэн он жилүүд байв” гэж олон жилийн өмнө Хулан өөрийн тухай дурсан бичсэн байсан. Эндээс Ц.Хулангийн маань омголон хэрнээ уян зөөлөн авир харагдана. Тэрбээр цааш нь үргэлжлүүлж “… Бас л багад юм даг. Хэзээний архи ууж нэг их сүйд болдоггүй. Уусан ч, авир зангаа эвддэггүй аав минь нэг удаа халамцуу ирээд, орон дээрээ нулимс бөмбөрүүлэн “би хүүгүй болчихсон хүн” гэж уйлж байсныг санадаг. Тэгэхэд би эрэгтэй болж төрөхгүй яав даа гэж бодохын сацуу эрэгтэй хүн тийм л өөр байдаг юм байх даа гэж гайхаж байсан сан. Эршүүд, омголон гэж хэлэгдэх болсон минь үүнээс үүдэлтэй ч юм бил үү, хэн мэдлээ…” гэж бичжээ. Гэвч миний бодлоор түүнийг байнга хатгасан, ерөөсөө яруу найрагчдын дунд өдгөө ч оршин байдаг нэг тийм өөдгүй хов жив, атаа хорсол, нийгэм, улс орны амьдралын дорой байдал, унхиагүй, бодлогогүй, мэдлэггүй, улстөрчид, сэхээтнүүдийн бэртэгчин зан түүнийг эл бодлоос нь илүү хурцалсан байх аа!
“Сайн сайхныг, бас эмзэг арчаагүйг хамгаалж, хэзээ нэг цагт өмгөөлнө дөө гэж хойш тавьсаар явтал цаг хугацаа өнгөрчихсөн байх нь бий. Нэг л мэдэхэд өөрөө ч бэртэгчин болж орхиод, зодуулан гангинах нялх гөлөг, нөхөртөө ч юм уу, дээрэлхүүлж буй ядмаг бүсгүйн дэргэдүүр жишимгүй өнгөрдөг болох вий… Хашир зөнгөр болж, орчлонгийн гоё сайхныг үл мэдрэн, энэ ертөнцөд мөнгө хөрөнгө хураахын тулд л ирчихсэн мэт загнах вий… Уран бүтээлдээ ч цаг үеэ ямар нэг хэмжээгээр эс тусгаж, цаг үеийнхээ өмнөөс үг хэлэх тэнхээгүй, эс тоож, эс ухаарсан мэт явах нь бас л амиа бодсон бэртэгчний араншин мөн. Хүнд үг, малд шилбүүр л таарна бус уу гэж би гөжин, хэн хүнд, өөдгүй юмнуудад хүртэл зөөлөн аядуу байх гэдэг аавыгаа ч хааяа шүүмжилдэг тэрслүү үзэлтэн болсон юм. Амьдрал надад хялбар замыг өгч, хэн нэгний өмөг түшгийг эртхэн насанд минь соёрхсон бол ийм адайр амьтан болохгүй ч байсан уу, хэн мэдэх вэ” хэмээн түүний өөрийгөө бүрэн илэрхийлсэн үгс байхад би юухан бичих билээ. Гэхдээ л ийм ухаарал хүн бүрт эрт төлөвшдөгсөн бол Монгол орон хөгжлийнхөө дээд биш юм гэхэд дунд түвшинд хүрчихсэн байх сан.
“Би залуу хүн хойно аливаа алдаанаас өөрийгөө өдгөө ч бүрэн хамгаалагдсан гэж хэлж чадахгүй. Тэгээд ч хөгийн нийгэмд дасан зохицохын тулд “баг” өмсөх хэрэг гардаг. Харин хүн чанараасаа тэгтлээ урваж, голгүй муухай зүйл үйлдэж явсангүй гэж цагаатгах нь элбэг ээ. Хохирвол би өөрөө л хохирох тийм бүтэлгүй алдаанууд өнөө ч надаар дүүрэн байж мэдэх. Хүнийг хайрлах, гэнэхнээр итгээд хууртагдах, өөдгүй юманд таарсан хариуг нь барих… хүнд л байдаг алдаанууд шүү дээ… Дэрэндээ нүүрээ нааж уйлчихаад, өглөө нь юу ч болоогүй мэт гудамжаар огт өөр хүн болон инээж алхдаг асан он жилүүддээ би хайртай, нуухыг ч хүсэхгүй нь. Ертөнцийг, хүмүүсийг гоё сайхнаар төсөөлж, бодит амьдралд хичнээн өөр болохыг нь үзээд гутрахдаа эр хүн сэн бол агсан тавьмаар, нэг их сайхан шүлэг биччихээд хол явчихмаар үе ч бишгүй байсан юм” гэж хэлж. Эндээс түүний дотоод ертөнцийн тэсрэлт, зөрчил, ухаарал гээд бүгд нэвт харагдаж байгаа биз. Ийм гоё, шударга, ил тод нээлттэй хүн бидний дунд хэр олон билээ. Маш цөөн. Бүгд хумсаа нуусан муур шиг л гэтэж амьдарцгаадаг болсон шүү дээ. “Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг” гэх алдартай афоризмын эзэн нь аанай л Ц.Хулан юм. Энэ үг өөрийнх нь залуу, халуун насыг үнэхээр тодоор илэрхийлж чадна шүү. Үеийнхнээсээ тэр яруу найргаас гадна өмссөн зүүснээрээ онцгойрдог нэгэн байлаа. Хулан европ гэхээсээ хачин загварлаг үндэсний монгол дээл, хувцас, малгайгаар гангардаг юм. Зохино ч гэж ванлий л даа. Час улаан өнгөөр уруулаа будна. Хумсаа ч бас. Улаан цүнх, улаан малгай…гээд энэ өнгөнд их дуртай юм шиг ээ. Яагаад гэдгийг нь мэдэхгүй л дээ. Их л зоримог, өөртөө итгэлтэйн шинж юм уу гэж санагддаг. Анхны хүүгийнхээ эцэгтэй үүсгэсэн амьдрал нь бүтэлгүйтснээс хойш олон жил ганц бие амьдралыг туулсан. Туулахдаа ёстой л дотогшоо уйлж, гадагшаа инээж юунд ч ажраагүй мэт нугаралгүй бардамхан туулсан юм даг. Одоо бол тэр цагийн дэгэж, дэрвэсэн Хулан ээж шигээ намбалаг, ирсэн, гарсныг цайлж, дайлсан, өөрийг нь яг хуулсан мэт дуурайсан хөөрхөн охинтой, нэгэн насны түшиг тулгуур болсон сайхан ханьтайгаа, өнөр өтгөн, ёстой шүлэг шигээ амар түвшин, аз жаргалтай амьдралын эзэгтэй болсон байна билээ. Нэгэн үеийн анд найз, нөхрийн хувьд Ц.Хуланг, оюуны чадал чансаа, эзэмшсэн боловсрол, уншиж судалсан өргөн мэдлэгээ Монголынхоо гэгээрлийн төлөө, соёлын төлөө, ухаарал, сэрэхүйн төлөө илүү шаргуу зориулах байхаа гэж найддаг, итгэдэг. Монголын төр, засаг ч гэсэн түүнийг илүү ашиглаасай гэж боддог. Түүнд оюуны чадал, хамгийн гол нь Монголын хувь заяаны төлөө гэсэн хэн хүнд ховордоод байгаа агуу сэтгэл байдаг юм. Түүний туулж өнгөрүүлсэн залуу халуун насны амьдрал, өнөөг хүртэл бүтээсэн түүх нь бусдын атаархлыг байнга босгож, тэднийг амар тайван байлгадаггүй байсан. Цаашдаа ч тийм байх биз. Яагаад гэвэл яруу найрагч Хулан, сэтгүүлч, нийтлэлч Хулан, нийгмийн зүтгэлтэн Хулан, соён гэгээрүүлэгч Хулан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хулан, Дөнгөтийн Цоодолын Хулан гээд энэ олон өнгө, төрх, цол гуншингийнхаа алинаар нь байсан ч бусдад өрөвдүүлж биш, бусдыг атаархуулж амьдралыг бүтээж, туулж ирсэн хүн. Тийм л заяа, тавилантай генийн гялбаа. Тийм л байхыг эрхэмлэдэг мөнхийн зарчим, үзэл санаатай гайхамшигтай бүсгүй билээ л найз минь. Чамдаа “Өнөөдөр” сониныг хамтдаа үүсгэн байгуулалцсан 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе! Энэ бол яалт ч үгүй чи, бидний баярын өдөр өө!
Ц.Хулан 1997-1998 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан. 2013 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
Ш.Даваадорж