Энэ сарын 4-ны өдөр Ливаны нийслэл Бейрут хотод маш хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд нас барсан хүний тоо 135 хүрч, 4 мянга гаруй хүн шархаджээ. Дэлбэрэлт Бейрут хотын боомтод гарсан бөгөөд тэндэхийн агуулахад байсан 2.75 тонн аммонийн нитрат руу оч үсэрснээс болсон байна. Reuters агентлагийн мэдээлснээр дэлбэрэлт засаг захиргааны хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас үүдсэн байж болзошгүй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ийм их хэмжээний аммонийн нитратыг Ливаны гаалийнхан 2014 онд ОХУ-ын иргэний эзэмшлийн усан онгоцноос хурааж авсан бөгөөд өдий болтол устгалд оруулаагүй боомтын агуулахад хадгалсаар байсан байна. Их Британийн Шеффилд их сургуулийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дэлбэрэлтийн хүч дэлхийн II дайны төгсгөлд Японы Хиросима хотод хаясан атомын бөмбөгний аравны нэгтэй тэнцэхүйц хүчтэй байжээ. Дэлбэрэлт хөрш зэргэлдээ Кипр улсад хүртэл мэдрэгдсэн байна. Ливаны эрх баригчид Бейрут хотод онц байдал тогтоогоод байна. Хохирлын хэмжээ 10-15 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ гэж тус хотын амбан захирагч Марван Аббуд орон нутгийн телевизийн сувгаар ярихдаа мэдэгджээ. Хэдэн зуун хүн байшин барилын нуранги дор үлдэж, 100 гаруй хүн дэлбэрэлтэд далай руу шидэгдсэн аж. Бейрут хотын тал орчим хувийн байшин барилга дэлбэрэлтийн улмаас нурж гэмтжээ.