Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо (ЗӨАУХ), Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт (ЗАДХУ)-ын гишүүн орнуудын удирдагчдыг хүлээн авахаар Сингапур бэлтгэж байна. Уулзалтад ОХУ, АНУ-ын удирдагчид оролцож магадгүй. Сингапурын эрх баригчид Владимир Путинд урилга хэдийн илгээсэн. Харин Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сард болох уулзалтад оролцохоо урьдчилан мэдэгджээ. Ази, Номхон далайн бүс нутгийн зах зээлийн эдийн засгийн нээлттэй байдал, Өмнөд Хятадын тэнгисийн байдал, технологи, тоон ирээдүй, тэрчлэн терроризмтой тэмцэх асуудлыг энэ уулзалтаар хэлэлцэхээр товлосон байна.
Мөн бүс нутгийн аюулгүй байдал, өнөөгийн сорилт хийгээд аюулын эсрэг хариу арга хэмжээ авах, зах зээлээ нээлттэй болгох, тоон технологио хөгжүүлэх, тэдгээрийг амьдралд нэвтрүүлэх зэргээр эдийн засгаа цаашид нэгтгэхийг дээд хэмжээний уулзалтын ажлын гол сэдэв хэмээн тодорхойлжээ. Тэрчлэн Өмнөд Хятадын тэнгист үйлчлэх хуулийг зөвшилцөх аж. Үүний сацуу уулзалтаар Зүүн өмнөд Азид “Ухаалаг үндэстэн” төслийг цаашид хэрхэн хөгжүүлэхээ хэлэлцэх гэнэ.
ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТҮНШЛЭЛ БА ХЯТАД
ЗӨАУХ-ны гишүүн орнууд Австрали, Энэтхэг, Хятад, Шинэ Зеланд, БНСУ, Япон гэсэн зургаан түншийн хамт Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншлэл (БНБТЭЗТ)-ийн гэрээнд нэгдвэл дэлхийд хамгийн том чөлөөт худалдааны бүс болох юм. Ийм гэрээ байгуулахаар 2012 оноос хойш хэлэлцээ хийж байгаа билээ.
Өдгөө БНБТЭЗТ-ийн гишүүдийн ДНБ-ий хэмжээ 49.5 их наяд ам.доллартой тэнцэж байгаа нь дэлхийн үзүүлэлтийн 39 хувийг эзэлж байна. 2050 он гэхэд энэ үзүүлэлт 250 их наяд ам.долларт хүрч магадгүй. Тухайлбал, зөвхөн БНХАУ, ЗӨАУХ хоорондын худалдааны хэмжээ 2020 он гэхэд нэг их наяд ам.долларт хүрнэ. ЗӨАУХ-ны эдийн засаг жил тутам таван хувиар өсдөг. Үүнээс үзвэл 2020 он гэхэд ДНБ нь дөрвөн их наяд ам.долларт хүрснээр бүс нутгийн тус байгууллага дэлхийн долоо дахь том эдийн засаг болох боломжтой.
Дашрамд хэлэхэд, ЗӨАУХ-ны гишүүн орнуудаас гадна БНБТЭЗТ-ийнхэн Бээжинг Номхон далай дамнасан түншлэлийн талаарх Америкийн саналын эсрэг идэвхтэй лоббиддог гэж шинжээчид үзэж байна. Үнэндээ Вашингтон уг түншлэлээс гарсны дараа Хятад улс БНБТЭЗТ-д нэгдэх гэж яарахгүй хэмээн үзэх үндэслэл бий.
БНХАУ сүүлийн жилүүдэд Зүүн өмнөд Азийн олон орныг багтаасан “Нэг бүс, нэг зам” санаачилгаа идэвхтэй хөгжүүлж буй. Үүний хүрээнд Бээжин олон улстай худалдааны болон бусад хэлэлцээ хийж байгаа билээ.
Хэрэв БНБТЭЗТ-ийн хэлэлцээр хамтынх байх ёстой бол Хятад ч, Энэтхэг ч нэгдэх учиртай. Олон салбарт хоёр талын харилцаа сайнгүй болохыг харгалзан үзвэл тэднийг нэгтгэхэд амаргүй. Гэсэн ч Сингапурын Ерөнхий сайд Ли Сян Лун энэ онд багтаан уг баримт бичгийг батална хэмээн найдаж байгаа юм.
ҮЛ ОЙЛГОЛЦЛЫН ДАЛАЙ
Дээд хэмжээний уулзалтын гол асуудлын нэг нь аюулгүй байдлын салбар, тэр дундаа Өмнөд Хятадын тэнгисийн байдал юм. Хятад улс хийгээд ЗӨАУХ-ны гишүүн Бруней, Вьетнам, Малайз, Филиппин хоорондын нутаг дэвсгэрийн маргаан тус бүс нутгийн хил хязгаараас хэдийн хальсан. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Сингапурт үг хэлэхдээ Вашингтоныг тус бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож байна хэмээн буруушаасан билээ. “Хэн нэг нь стратегийн зэвсэг, нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд илгээж байхад тогтвортой байдлын тухай ярьж болно гэж үү” хэмээн тэрбээр хэлжээ.
АНУ-аас гадна маргаанд хөндлөнгөөс Европын холбоо, Япон идэвхтэй оролцдог. ЗӨАУХ-ны орнууд саяхан дуу хоолойгоо нэгтгэснээс үзвэл Хятадтай яриа хэлэлцээ хийхээр шийдсэн байж магадгүй. Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг зохицуулах хууль батлах тухай олон жил үргэлжилсэн хэлэлцээнд ахиц гарсан нь үүний нотолгоо юм. “Бүс нутаг, Өмнөд Хятадын тэнгист илүү тогтвортой байдал бий болгож болно. Энэ нь Бээжин, ЗӨАУХ-ны орнуудын хамтын ажиллагаанаас шалтгаална” гэж Сингапурт болсон БНХАУ, ЗӨАУХ-ны сайд нарын зөвлөлгөөний үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлжээ. Өмнөд Хятадын тэнгисийн байдлыг зохицуулах хуулийн төслийг зөвшилцөх нь чухлыг тэрбээр онцолсон байна.
Парасел, Спратли арлын харьяаллын асуудал ч нутаг дэвсгэрийн маргаантай. Хятадын худалдааны 60 орчим хувь, тус улсын нефтийн импортын 80 хүртэл хувь дамжин өнгөрдөг Малаккийн хоолойгоос холгүй орших бүсийг тухайлбал, цэргийн хүч ашиглах замаар хяналтдаа авах гэсэн оролдлого нь маргааны гол шалтгаан юм.
“УХААЛАГ ҮНДЭСТЭН”
Хурууны хээгээр бус, нүдний торлогийн тусламжтайгаар төлбөр хийх, нисэх буудалд паспортын хяналтаар нэвтрэхдээ мөн тийм арга хэрэглэх, жолоочгүй тээврийн хэрэгслийг идэвхтэй нэвтрүүлэх болон өөр бусад аргыг Сингапур “Ухаалаг үндэстэн” хөтөлбөрийн хүрээнд хөгжүүлж буй. Үүнийг ч дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ.
Сингапурчууд шинэ технологио Зүүн өмнөд Азийн бусад улсад ч нэвтрүүлэхийг хүсэж байна. Тодруулбал, ойрын хугацаанд ЗӨАУХ-ны орнуудын 26 хотод Сингапурын удирдлаган дор “Ухаалаг хотууд” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх гэнэ. Төлбөр тооцооны нэгдсэн системтэй болох нь удахгүй хийх дээд хэмжээний уулзалтаар идэвхтэй хэлэлцэх асуудлын нэг юм. “Санхүүгийн технологи ашиглах нь банкны дансгүй, санхүүгийн орчин үеийн үйлчилгээ авах боломжгүй олон хүн байдаг ЗӨАУХ-ны хувьд асар их боломж” гэж Сингапурын Ерөнхий сайдын орлогч Тарман Шанмугаратнам хэлжээ. “Сингапур болон Тайланд төлбөрийн системээ холбохоор хэлэлцээ хийж байна. Системээ нэгтгэвэл мөнгөн гуйвуулга, төлбөр тооцоог гар утасныхаа бүртгэлтэй дугаараас хийх боломжтой болно” гэж тэрбээр тэмдэглэжээ.
Гэвч олон улсад, тухайлбал, Сингапурт ийм технологи хөгжихийн хэрээр хакерын хардлагад илүүтэй өртөж байна. Тиймээс тус улс технологио хөгжүүлэхийн зэрэгцээ хакеруудаас хамгаалах арга хайж буй. Үүний тулд олон улстай хамтран ажиллах сонирхолтой байгаа аж. ЗӨАУХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакринан үг хэлэхдээ кибер аюулгүй байдлыг хангах дэлхийн конвенц боловсруулахыг санал болгожээ. Энэ баримт бичгийг НҮБ-аар дамжуулан заавал биелүүлэх ёстой конвенц болгох ёстой хэмээн тэрбээр үзэж байна.