Үндэсний их баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохицуулсан талаар бид ЭМЯ-ны олон нийттэй харилцах албаны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.
-Баяр наадмын үеэр түргэн тусламж, осол гэмтэл ихээр бүртгэгддэг. Иргэд олон нийт "Эмч нар ажил хаячихгүй байгаа" гэж санаа зовниж байна. Тэгвэл эдгээр өдрүүдэд амрах уу, ажиллах уу, ажил хаях уу?
-Баяр наадмын үе буюу 2018 оны 7 дугаар сарын 11-ны өдрийн 9:00 цагаас 7 дугаар сарын 16-ны 9:00 цаг хүртэл эмч, эмнэлгийн ажилчид маань бэлэн байдалд ажиллах болно. Бид 24 цагийн турш иргэдээ сонсож үйлчлэх, ээлжийн цагийн хуваариа гаргасан байгаа. Эрүүл мэндийн яам маань ч ажилчиддаа үлгэрлэн 24 цагаар ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
-Эдгээр өдрүүдэд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгнө үү?
323002 иргэдээ сонсох утаснаас яаралтай тусламж үйлчилгээ, санал хүсэлт болон хэрэгцээт бусад мэдээллээ авах боломжтой.
- Улсын эмнэлгүүдийн хэвтэн эмчлүүлэх тасаг 24 цаг,
- Есөн дүүргийн өрхийн эмнэлэг 10:00-15:00 цаг хүртэл,
- Нийслэлийн шүдний эмнэлэг, гэмтлийн тасаг 10:00-15:00 цаг хүртэл тус тус ажиллана.
-Наадамчин олонд болзошгүй аюулаас сэргийлж юу гэж зөвлөх вэ?
-Баяр наадмын өдрүүдэд бороо хур их орох төлөвтэй байна. Тиймээс бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтыг сайжруулж, ах дүү, найз нөхөд, гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа зохион байгуулалт сайтай явах, голын усны түвшин нэмэгдэх тул тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүр, гарам, гарцаар зорчих, архи согтууруулах ундааг тохируулж хэрэглэхийг зөвлөж байна.
Мөн амралт, аялал зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээг судлах, голын ай сав, хуурай сайр, уулын усны буулт бүхий газар хоноглохгүй байх, үргэлжилсэн бороо орох үеэр төл мал осгох, мөндөрт цохиулах тохиолдол гарч байгаа тул анхаарч, үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.