Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, анагаахын шинжлэх ухааны доктор, академич Пагважавын Нямдавааг “Өнөөдөр” сонин хоймортоо урьж ярилцлаа. Тэрбээр Монголд гарын арван хуруунд багтах вирус судлаачийн нэг бөгөөд элэгний В вирусийн эсрэг дархлаажуулалтыг эх орондоо анх нэвтрүүлсэн, монгол вакцин гаргасан, хүүхдийн тархи, нугасны халдварт саа өвчнийг бүрэн устгахад гавьяа байгуулсан, Эрүүл мэндийн сайдаар 10 гаруй жил ажилласан гээд түүний хийж бүтээсэн ажлыг тоочоод баршгүй.
-Та Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Сайхан хаваржиж байна уу?
-Сайхаан сайхан. Би удамдаа хамгийн ахмад нь болжээ. Өнгөрсөн жил 70 нас хүрлээ. Сар шинийн эхний хоёр өдөр гэрээсээ гардаггүй, шинийн 3-нд гурван хөгшнийд очиж золгодог юм. Бидний үед Цагаан сар тэмдэглэх хориотой байв. Эмч болсны дараа ч Цагаан сар хийлгэхгүй хэвээр, эмнэлэг гэгээрлийн ажлаар гэр хорооллын айлуудаар явуулдаг байлаа шүү дээ. Ураг төрлөө мэддэг уламжлалт энэ баяраар жил ирэх бүр хүн нэмэгддэг нь сайхан.
Гэхдээ хэтэрхий хөл болж, зардал их гаргаж байна. Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Монголын нууц товчоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэх зарлиг гаргасан байдаг. Үүний дагуу бид битүүнд хүүхдүүдээ цугларахаар “Монголын нууц товчоо”-ны нэг бүлгийг уйгаржин, кирилл, англи хэлээр уншуулдаг уламжлалтай. Зарлиг гарсны дараачаас айл болгон “Монголын нууц товчоо”-гоо эрхэмлэн дээдэлж, хүндэтгэн залж байв. Харин одоо тэр бүр уншаад байдаггүй бололтой. Удам судраа мэдэж, түүх, соёлоо дээдэлбэл их сайхан баяр л даа.
-Анагаах ухааны дэд эрдэмтний зэргээ ХБНГУ, доктороо ОХУ-д хамгаалсан юм билээ. Эдгээр эрдмийн их сургууль танд өндрөөс өндөрт нисэх даль жигүүр ургуулж өгсөн гэж таны шавь, академич Ц.Лхагвасүрэн бичсэн байна лээ.
Хоёр улсад эрдмийн зэрэг хамгаална гэдэг ховор тохиол болов уу?
-Би багаасаа эмч болно гэж бодож байсангүй. Айлын тэрсхэн зургаан хүүгийн хамгийн том нь. Ээж минь намайг эмч болгоно гэж их зүтгэсэн. Хүн эмнэлгийн техникумд ээжийнхээ хүслээр орсон юм.
Багш нарынхаа ачаар анагаах ухаанд дуртай болж, гайгүй суралцсаны хүчээр Герман, Орост номын дуу сонссон. Вирус судлаач гэдэг ховордуу мэргэжил. Манай улсад гарын арван хуруунд л багтах мэргэжилтэн бий. Эмч болгох гэж зүтгэсэн ижий, аав, сургамжилж өдий зэрэгт хүргэсэн багш нартаа баярлаж явдаг.
-Вирус судлаач чухам юу хийдэг юм бэ. Хүмүүс тэр бүр ойлгодоггүй шүү дээ. Та мэргэжлээ энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?
-Вирус гэдэг хамгийн жижиг, нүдэнд үзэгдэхгүй нян. Бактертай харьцуулахад хэдэн зуу дахин бага. Нян гэдэг ерөнхий нэршил юм. Вирусийг дэлхий нийтээр хамгийн сүүлд олж мэдсэн нян болохоор, бага судалсан байдаг. Ердийн гэрлийн микроскопт харагдахгүй. Харин орчин үед генетекийн, дархлал судлалын арга сайжирч, электрон микроскоп гэлгүй харж болдог болж.
Биднийг сурч байх үед вирусийг тухай бүрт нь илрүүлж онош тавина гэж байгаагүй. Багаж нь их үнэтэй. Тиймээс голдуу өвчин дэгдсэний дараа л мөшгин судалдаг байв. Бактераар сэдээгдсэн өвчнийг антибиотикоор дарна. Гэтэл вирус антибиотикт дарагдахгүй. Сүүлийн 20-иод жилд л вирусийн эсрэг эм гарч байна. Өмнө нь эмчлэгддэггүй байлаа.
1960-аад оны дунд үеэс манай улсад ханиад томуу, халдварт шар өвчний вирус цар хүрээгээ тэлж, асуудал болж эхэлсэн. Анагаах ухааны вирус судлал гэдэг тухайн вирусийн хүнд үүсгэдэг өвчнийг судлах, түүнээс сэргийлэх, эмчлэх арга хайдаг лабораторийн шинжлэх ухаан юм л даа.
-Манай улсад элэгний өвчлөл их. Харин та элэгний В вирусийн эсрэг дархлаажуулалтыг анх удаа Монголд нэвтрүүлсэн гавьяатай. Хэрхэн, яаж нэвтрүүлэв?
-Бидний үед вируст гепатитын өвчин хавтгайрсан байлаа. Шарласан өвчтөнөө багтаах эмнэлэг хүрэлцэхгүй, рашаан дагуулан майхан барьж хэвтүүлдэг байв. Тухайн үеийн төр, засаг үүнд онцгой анхаарч, энэ вирусийг судлах хэрэгтэйг ойлгож, мэргэжилтэн бэлтгэсний нэг нь би. Халдварт өвчнийг дарах хамгийн зөв арга бол сэргийлэх бэлдмэл буюу вакцин. Энэ нь өвчин үүсгэдэг нянг ашиглан гаргасан, түүнээс сэргийлэх бэлдмэл юм. Вакцин үйлдвэрлэнэ гэдэг амар ажил биш.
Циркийн амьтан сургагчтай адил. Өөрөөр хэлбэл, бидний эсрэг хийх үйлдлийг эерэг болгон ашиглана гэсэн үг. Өвчин үүсгэдэг чанарыг нь багасган, сэргийлэх чанарыг нь ихэсгэж вакцин гаргадаг. 1974-1978 онд Германд суралцаж, дэд эрдэмтний зэрэг хамгаалсны дараа надад энэ ажлыг хариуцуулсан юм. Одоогийн НЭМҮТ-ийн хашаан дотор Вирус судлалын лаборатори гэж байв. Уг лабораторийг үүсгэн байгуулсан хүн нь миний багш Жамбаа профессор.
Тухайн үедээ яамны нэгдүгээр орлогч сайд байсан юм. Тэрбээр ийнхүү удирдах ажилд томилогдсон учир залгамж халаагаа бэлтгэн сургасан олон шавийнх нь нэг би. Элэгний В вирусээс сэргийлэх вакциныг эхлээд бид өөрсдөө хийхээр оролдсон. Вирус тээгчээс цус авч, түүнийг нь тунгаан цэвэрлэж, нуклейн хүчил гэдэг үрждэг хэсгээс нь салган, вакцин хийсэн. Тайваньд анх хийсэн вакциныг бид зориглож туршсан нь амжилттай болсон юм. Гэхдээ өртөг өндөр гарсан.
1980-аад онд анх гаргасан нэг хүнд тарих тун вакцины өртөг 100 ам.доллар байлаа. Ийм үнэтэй вакциныг маш баян улс хэрэглэнэ. АНУ-д бол хэрэглэж л байсан. Манайд бололцоо байгаагүй. Харин хүүхдийн тархи, нугасны халдварт саа өвчнөөс сэргийлдэг аманд дусаадаг ягаан өнгөтэй, шингэн вакцины нэг дусал нь таван центийн үнэтэй учраас нийтээрээ хэрэглэх боломжтой байв. Бидний бүтээсэн вакцин өндөр өртгөөр бүтсэн болохоор нийтэд нэвтрүүлж чадаагүй ээ.
Биднийг ингэж вакцин гаргах гэж ноцолдож байхад гадаадын том орон молекул генетикийн аргаар буюу илүү зардал багатайгаар гарган авч, хямд үнээр борлуулах болсон. Нэг хүн тун вакцин 50 центийн үнэтэй болсон. Азаар юм уу, тэр үед нь би Эрүүл мэндийн дэд сайдаар анх томилогдон, дараа нь сайд болсон учраас энэ вакциныг улсдаа нэвтрүүлсэн дэлхийн анхны таван орны нэг болсон юм. Ингээд элэгний В вирусийг эсрэг вакциныг 1987 оноос туршиж, 1990 он гэхэд бүх хүүхдэд тарьж эхэлсэн.
-Таны бүтээсэн монгол вакцин “Хепвак Б” хэдий үр дүнтэй байсан ч өртөг өндөртэй гээд үйлдвэрлэхээ больсон гэсэн үг үү?
-Тийм ээ. Үр дүнтэй байсан. Элэгний В вирусийн вакциныг тэр үед зөвхөн сармагчинд тарьж, үр дүнг нь баталдаг байв. Манай улсад сармагчин байхгүй учраас бидний хэсэг нөхөр бүтээсэн вакцинаа өөрсдөдөө тарьж туршсан. Цөөн тоогоор үйлдвэрлэнэ гэдэг өртөг өндөртэй. ДЭМБ-аас 30 саяас доош хүн амтай улс вакцин үйлдвэрлэх нь эдийн засагт ашиггүй гэсэн тооцоо гаргасан байдаг юм.
-Монгол Улс 2000 онд хүүхдийн тархи, нугасны халдварт саа өвчнийг бүрэн устгасан орон хэмээн ДЭМБ-аас батламж авсан нь мөн л таны гавьяа гэдэг. Үүнийг тодруулахгүй юу?
-Тархи, нугасны халдварт саа гэдэг оновчтой орчуулга биш. Нэг үгийг нэг үгээр орчуулбал ойлгоход хялбар. Театр, кино, телевиз гэдэг шиг полиомиелит өвчин гэж ярьж хэвшсэн нь дээр санагддаг. Хэлэнд шинэ үг орохыг ор тас эсэргүүцэж болохгүй. Харин Монголоор орлуулж болох үгийг гадаадаар хэлнэ гэдэг хорлонтой. Полиомиелит гэдэг нугасны бор бодисыг гэмтээдэг вирус. Энэ бодис нь хүний дурын хөдөлгөөнийг зохицуулдаг.
Гэмтэхээр саажилт үүсдэг юм. 1970-аад онд дээрх өвчний эсрэг вакцин нэвтрүүлээд бүрэн устлаа гэж үзэж байтал 1982 онд бүх нийтийг хамарсан өвчин дэгдсэн. Тэр үед би Вирус судлалын лабораторийн эрхлэгч байсан болохоор учир шалтгааныг олох гэж, зарим сорьцыг нь ОХУ-д аваачиж шинжилж байв. Сорьц гэдэг нь энүүхэндээ хэлэхэд, өвчилсөн хүүхдүүдийн ялгадас.
Ингэж баахан баас үүрээд Москвад очиж, шинжлүүлсний дараа халдварт саа өвчин болохыг нь баталж байв. Тухайн үед хэрэглэж байсан үрлэн вакцин манайх шиг хуурай оронд тохирохгүй байж. Тодруулж хэлбэл, хуурай орчинд үрэл доторх вирус нь хатчихдаг. 1983 оноос шингэн вакцин хэрэглэж эхэлснээс хойш ийм өвчин манай улсад дахин гараагүй. Дэлхий дахинд энэ өвчнийг бүрэн устгахаар зорьж буй ч Африк, Зүүн Өмнөд Азийн зарим оронд тохиолдсоор байна.
-Таны бүтээлүүд Монголоос хальж дэлхийд гарсан. Дэлхийн дахины мэдээллийн санд таны олон бүтээл орсон байдаг. Монголын анагаах ухааны академичдын дотор гадаадын хамгийн олон уншигчтай монгол эрдэмтэн болжээ.
Багшлах, төрийн сайдын үүрэг гүйцэтгэх их ажлын хажуугаар эрдэм шинжилгээний бүтээлээ яаж амжуулж байв?
-Эрдэм шинжилгээний бүтээл туурвих бол миний жинхэнэ ажил. Сайд хийж хүн загнана гэдэг үндсэн ажил биш. Аргагүй эрхэнд үүрсэн ачаа. Эрдэм шинжилгээний ажлыг дэлхий дахинд ямар түвшинд хийж байна тэр хэмжээнд бүтээж туурвих хэрэгтэй. Дэлхий мэдэхгүй, Монголд л байдаг эрдэмтэн гэвэл ерөөсөө эрдэмтэн биш. Орчлон ертөнц ийм уужим болсон үед шүү дээ. Эхнээсээ азаар ч гэх юм уу, хоёр том оронд вирус судлалыг сурсан.
Тухайн үед вирус судлалын талаар монгол хэлээр унших юм байгаагүй. Ихэвчлэн англи, орос хэлээр уншиж судална. Би гадаад хэлийг харилцааны хэрэглүүр болгож, адил мэргэжлийн хүн маань ойлгох түвшинд сурсан. Анхнаасаа энэ чиглэлээр явсан учраас миний бүтээлүүд англи хэлээр нэлээд сайн хэвлэгдсэн гэж шавь нар судалж гаргасан байна лээ. Интернэт хөгжсөн энэ үед англи хэлээр бичсэн бүтээлийг ямар сэтгүүлд хэн, хэдэн удаа эш татсанаар нь үнэлэх боломжтой.
Тэр утгаараа миний бүтээл анагаахын салбар дотроо гайгүй гэж үнэлэгдэж байгаа юм. Энэ бол миний гавьяа биш, вирус судлал гээч ухааны л ач. Вирус судлалыг дэлхий нийтээр англи хэлээр л уншиж, судалж байна. Зарим нэр томъёог монгол хэлээр хэлэхэд ч түвэгтэй шүү дээ. Эрдэмтэн хүний бүтээлийг өөр нэгэн хэр зэрэг уншиж, иш татаж байна гэдгээр дүгнэх ёс бий . Энэ нь ч эрдэмтдийг үнэлдэг дэлхий дахинд тогтсон жишиг.
Үүнийг манайхны зарим нь “Чи монгол эрдэмтэн үү, англи юм уу” гэж шүүжилдэг. Би ганцхан Монголдоо зориулагдсан эрдэмтэн биш, мэдэхийн төлөө явдаг хүн. Хэд хэдэн гадаад хэл сурч мэдсэн минь ЭМЯ-нд ажиллаж байхад ДЭМБ, бусад улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй ойлголцох, хамтран ажиллахад их тус болсон. Ер нь орчуулгатай уулзалт хийнэ гэдэг ярианыхаа тал хувийг алддаг.
Ялангуяа мэргэжлийн бус орчуулагчтай тохиолдолд ярианыхаа 70 хувийг нь алдана. Тиймээс би яаманд ажиллаж байхдаа ч нөхдөдөө хэл сурах шаардлага тавьж байсан. Хэл мэдэхгүй дарга, сайд орчуулагчтай гадагшаа явна гэдэг бас л илүү зардал гаргана шүү дээ. Тиймээс ЭМЯ хамгийн түрүүнд англи хэл мэддэг мэргэжилтнүүдтэй болсон.
-Гадаадын мэргэжилтнүүдийг овжноор “ашиглаж” дээ
-1990 оноос АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд манай улсад ирж эхэлсэн. Тэднээр яамныхандаа англи хэл, компьютер заалгасан юм. Манайхан мэргэжлийн англи хэлийг маш хурдан сурсан шүү.
-Мэргэжлийн салбарт мэргэжлийн хүн тавих чухал гэдэг ч мэргэжлийн бус хүн ажиллах нь элбэг. ЭМЯ-нд тань шиг эрдэмтэн сайд байгаагүй гэдэг...
-Эрүүл мэндийн албаар дамжсан хүн энэ салбарын сайд байвал илүү сайн. Гэхдээ томилгооны үед эмч нэртэй боловч сулавтар сайд гарч байсан. Энэ нь эмч сайдын нэр хүндийг унагасан. Ер нь бол мэргэжлийн салбарт мэргэшсэн хүн байх нь зүйтэй. Улс орон хөгжсөн үед мэргэжлийн ялгаа алга болдог юм шиг байна. АНУ, Японд гэхэд удирдлага нь заавал мэргэжлийн байх албагүй.
Яагаад гэхээр мэргэжлийн болон улс төрийн аппарат нь сайн салсан байдаг. Сайд солигдлоо гээд тухайн яамны хүнийг өөрчлөх эрхгүй. Төрийн нарийн бичгийн дарга л яамны ажилтнуудаа томилох ёстой. Сайд томилохгүй. Манайд бүх зүйл хуультай, гэвч хуулийнхаа эсрэг хийдэг болчихоод байна. Эмч нарыг мохоочихсон юм шиг байгаа юм. Мөрөөрөө ажлаа хийгээд явах нь хамаагүй амар гээд итгүүлчихсэн.
Хуулиа мөрдөхгүй, зөрчсөн тохиолдолд албан тушаалтанд хариуцлага тооцохгүй, иргэд шоронд орчихдог болж. Бидний үед хууль зөрчсөн л бол байраа тавь гэдэг байсан. Хариуцлага үүрч, сайд болсноос биш бүх юмаа дэнчинд тавьж байсангүй.
-Эрүүл мэндийн сайдаар хоёр удаа ажиллахдаа хийж амжаагүй гэж харамсдаг зүйл байдаг уу. Одоогийн эрүүл мэндийн салбарт ийм юм хийх юм сан гэж боддог биз дээ?
-Байлгүй яах вэ. Гэхдээ одоо тийм юм хийгээсэй гэж яримгүй байна. Харин тэр үед илүү анхаарах байж дээ гэж боддог зүйл нь хувийн салбарыг хөгжүүлэх. Энэ салбарыг бэхжүүлэхэд хүн амын худалдан авах чадвар муу, эрүүл мэнддээ анхаардаггүй явдал их саад болж байсан. “Бүх зүйлийг төр, засаг даана, ажлаа л хий” гэдэг байсан нь буруу байж. Би дөрвөн Засгийн газарт ажиллаж байсан.
Тэр үеийн Ерөнхий сайдууд бүгд эрүүл мэндийн салбарыг хувьчлах гэж бужигнуулаагүй. Энэ нь ч зөв болсон. Харин одоо хувийн салбарыг бэхжүүлэх нь чухал байна. Улсын эмнэлгийн чадахгүй байгаа үйлчилгээг хувийнхан үзүүлж болно. Адилхан хоёр орон дээр хэвтэж буй өвчтөнд улсынх, хувийнх гээд ялгаж, эрүүл мэндийн даатгалын мөнгийг тэгш бус хуваарилж буй тогтолцооны эхлэл бидний үед тавигдсан.
-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Та зургаан хүүтэй айлын ууган нь. Багадаа гэрээ буулгахаас эхлээд аав, ээжийнхээ чихийг халууцуулдаг байв уу?
-Манай аав урт насалж чадаагүй, 51-тэйдээ таалал төгссөн. Би анагаахын сургуулиа төгсөөд нэг жил болж байлаа. Тиймээс бүх зүйлийг толгой дааж шийдэх хэрэгтэй болсон. Би зургаан хүүтэй айлын том, өөрөө гурван хүүтэй, найман ачийн минь тав нь эрэгтэй. Эмэгтэйчүүдээ муулж байгаа юм биш шүү, эрчүүдийн нэг сайхан нь “За гэвэл ёогүй”, гарын ая даана. “Чи сайхан мэдээрэй” гээд хэлчихэд болдог байв.
Ийм л аргаар миний ажил явж ирсэн. Гэхдээ 90 хувь нь эмэгтэйчүүд ажилладаг салбарт байсан л даа. Манай эрүүл мэндийн салбарынхан үг даадаг. “Тангараг өргөсөн хүн” гэдгээр нь түрээ барина. Олон эрэгтэй дүү, хөвгүүд заяасанд гомддоггүй. Хөвгүүд минь хүнтэй сууж охинтой боллоо.
Бид багадаа гэр орноо нээх түйвээж байсангүй. Эрэгтэй хүүхдүүд сахилгагүй нэртэй ч өөрсдийн гэрээ нураагаад байж болохгүй шүү дээ. Өсвөр насандаа зодоон цохион хийх гээд байдгийг эс тооцвол ахынхаа үгнээс дүү нар минь гараагүй шүү.
-Таны дүү нар бүгд доктор, профессор юм билээ. Үр хүүхдүүдээ эрдэм номын мөр хөөлгөхөд аав, ээж тань их анхаардаг байжээ. Бас таны нөлөө дүү нарт тань байсан гэдэг юм билээ...
-Би нэг их шүтлэгтэй биш. Гэхдээ хүн ер нь зурсан зургаараа амьдардаг гэж боддог. Миний ижий, аав ном нь багтаж ядсан хүмүүс байгаагүй. Миний аав Махбалын Пагважав ерөнхийдөө сургууль төгсөөгүй. Лам байж байгаад хийд татан буулгахад худалдааны сургуульд орж, нягтлан бодогч болсон. Гэхдээ номонд дуртай, “Ном сурч байж хүн болно” гэж захидаг байсан.
Ээж Сэрээнэнгийн Чимэд мөн л бага сургууль ч төгсөөгүй, тэр үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатарт байхдаа Хөдөө аж ахуйн техникумд галч хийж байгаад, тэндээ сурч төгссөн гэдэг. Аав, ээж минь биднийг онц л сурах ёстой гэж шаарддаг байсан. Би дүү нараа зааж, залаад байсан зүйлгүй дээ. Сурсан бүх сургуульдаа би онц сурсан минь тэдэнд үлгэр дуурайл болсон болов уу. Би хүүхдүүддээ “Ном сайн үз. Гэхдээ системтэй үз” гэж захидаг. Ялангуяа сонгодог уран зохиол унших хэрэгтэй.
Мэдээлэл авах суваг бидний үеэс дэндүү олон болжээ. Интернэтээс бүх мэдээллийг авна гэж бодож болохгүй. Хүн өөрийн хүссэн, сонгосон мэргэжлийнхээ төлөө явах нь зөв юм билээ. Би том хүүгээ эмч болгох гэж нэлээд зүтгэсэн. Харин дараагийн хоёр хүү минь эмч болсон. Ач нараас минь эмч болохоор зорьсон нь ч бий. Дор хаяж гадаад хоёр хэл сурахыг үр ачдаа захидаг. Хоёр хөршийнхөө хэлийг дунд сургуулийн хөтөлбөрт оруулахгүй байгаа нь буруу гэж боддог.
Би хятад хэл сураагүйдээ ичдэг юм. Энэ хоёр хөршөөсөө нүүгээд явчихгүй учир ядаж ойлголцох хэмжээд сур гэж хэлдэг. Эхнээс нь хэлж, шахдаг учраас манайхан сурлагадаа гайгүй шүү.
-“Миний мэргэжлийг үр хүүхэд минь өвлөсөн” гэж эцэг, эхчүүд бахархдаг. Таны эхнэр мөн эмч мэргэжилтэй. Одоо хүүхдүүд, ирээдүйд ач нар тань үргэлжлүүлнэ гэхээс сайхан байдаг байх даа?
-Бидний мэргэжлийг өвлөж, зааж сургаснаар минь явж байгаад хүүхдүүддээ баярладаг. Бага хүү минь 30 гарчихлаа. Одоо хэн нь ч надаар заалгаад байхгүй. Гэхдээ өөрөөрөө жишээ авахад, би эмнэлгийн хүн болохгүй байж болох байлаа. Аав, ээж минь хүссэн, шахсан нь тус болсон. Тиймээс би хүүхдүүддээ хүслээ хэлдэг. Манай удмынхан эрүүл мэндийн талын хүн гэдэг нь тодорхой болсон учраас сэтгэл өег байна.
Эхнэр Т.Оюунбат минь хүний их эмч. Бид гэрлээд 50 жил болжээ. Манай хүний багаасаа авсан хүмүүжил юм уу, хүний ажилд орох гээд байдаггүй. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад “Дэд сайдаараа хэнийг ажиллуулах гэж байна” гэх зэргээр хэзээ ч асууж үзээгүй. “Чи ажлаа л хий. Би ар талыг чинь чадахаараа аваад явъя” гэдэг байсан учраас бидэнд ойлголцохгүй зүйл гарч байгаагүй.
-Нэг айлын зургаан хүү бүгд өндөр боловсролтой, эзэмшсэн мэргэжлээрээ эрдмийн зэрэг цол хамгаалж, дэлхийд танигдана гэдэг ховор хувь тавилан. Ялангуяа таны дүү П.Энхболд богино насалсан ч нэртэй математикч байсан гэдэг.
Та дүүгээ дурсахгүй юу?
-Дүү нарын минь хоёр нь хорвоог орхисон. Аав минь нягтлан байсан болохоор ч тэр үү, дүү нар бүгд математикт сайн. Ялангуяа миний дөрөв дэх дүү П.Энхболд сайн математикч байлаа. Есдүгээр ангид байхдаа улсын математикийн олимпиадад түрүүлж, олон улсынхаас хүрэл медаль хүртэж, МУИС-ийн ангид элсэх урилга авч байв. Харамсалтай нь, эрт нас барсан.
Дүүд минь зориулж математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32 дугаар сургуулийг нэрэмжит болгож, мөн Математикийн тусгай олимпиадыг зохион байгуулдаг. Анагаахын сургуульд нэг хэсэг математикийн шалгалт авдаггүй, математикт дургүй хүүхэд элсдэг байв. Тэр нь хэсэг үеийн эмч нар сул дорой байхад нөлөөлсөн гэж боддог.
“Робокон” тэмцээнд хөдөө аж ахуйн сургуулийнхан орж байхад анагаахынхан оролцдоггүй. Гэтэл эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмж инженерийн сэтгэхүйгүйгээр явахгүй болж. Тиймээс бид “Гялс” төвөө байгуулахдаа эхлээд инженер авсан.
-Та хүүхдийн яриа цуглуулах хообийтой юм билээ. Хэр олон яриа цуглуулав?
-Өөрийн хүүхдүүдийнхээ яриаг тэмдэглэнэ. Хүүхэд муу санаагүй, харагдсан зүйлийг л мэддэг үгээрээ хэлдэг учраас үнэнийг ярьдаг. Одоо нэг их цуглуулахаа больсон. Анхнаас нь тэмдэглэсэн хүүхдийн яриатай дэвтрийг минь нэрийг нь хэлээд яах вэ, нэг нэртэй сэтгүүлч аваад “гол гаргасан”. Тэрэнд их харамсдаг. Голдуу л өөрсдийн хүүхдийн яриаг цуглуулсан учир төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар нь бичээд өгөхөөр их баярлана.
Үүнээс гадна зоос, мөнгөн тэмдэгт цуглуулах болон спортод хообийтой. Дугуй, байт харваагаар хичээллэж, үндэсний шигшээ багт орж байлаа. Өдөрт дор хаяж 30 минут алхах юм сан гэж одоо ч хичээдэг. Эрүүл мэндэд тустай зүйлийг хообий болгож байна даа. Аавтайгаа харьцуулахад урт насалж байна.
-Таныг хожим хүмүүс багш, эрдэмтэн, сайдын алинаар нь мэдээсэй гэж хүсдэг вэ. Аль нь танд илүү ойр байдаг бол?
-Надаас доош насныхныг “багш аа” гэж хэлэхэд их баярладаг. Хичээл заалгаагүй ч “багш аа” гээд явдаг хүн бий. “Сайд аа” гэж дуудахаар тоглоод ч байгаа юм шиг санагддаг. Энэ албаа өгөөд хэдэн жил болж байгаа билээ. Багш гэдэг нэрэнд илүү хайртай. Хэдий мундаг сайн багш биш ч гэсэн 20-30 орчим гарын шавьтай. Их сургуулийн багш нартай харьцуулахад цөөхөн л дөө.
Уг нь бол ажлын гараагаа Анагаах ухааны дээд сургуулийн багшаас эхэлсэн. Өөрийн мэддэг зүйлийг дахин дахин ярина гэдэг тэвчээртэй хүний хийх ажил. Түүн шиг хэвлэлд нэг удаа ярилцлага өгсөн бол 10 жилийн дараа л дахин өгөхгүй бол дэмий гэж боддог шүү.