Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Туул голын ойр орчимд анхааруулах самбарууд байршуулав

Туул голын эрэг дагуух, үерлэх, иргэд осолдох эрсдэлтэй 10 цэгт анхааруулах самбар байршуулжээ. ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгийнхэнтэй хамтран судалгаа хийсний үр дүнд тулгуурлан тэдгээр байршлыг тогтоосон аж. Анхааруулах самбаруудад усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаягийг монгол, англи хэлээр бичсэн байна. Мөн цэг тус бүрийн усны гүний мэдээллийг самбарт байршуулсан гэнэ. Үүнээс гадна үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай аж. Туул гол дагуу амарч, зугаалах иргэд ийм самбартай таарвал сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
2024-06-14

Манай улс жендерийн тэгш байдлын үзүүлэлтээр таван байр ухарчээ

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг, жендерийн тэгш байдлын үзүүлэлтээр манай улс энэ жил 146 орноос 85 дугаарт эрэмбэлэгдлээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад таван байраар ухарсан дүн юм. 
2024-06-14

Орхоны хөндийд нутагшуулсан тарваганы тоо 100 хүрчээ

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нутагшуулсан тарваганы тоо өсжээ.
2024-06-14

11 зусланд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүлээн авна

Улсын хэмжээнд хүүхдийн 55 зуслан бүртгэлтэй байдаг аж. Тэдгээрээс 23 нь энэ жил үйл ажиллагаа явуулж, хүүхдүүд хүлээн авч эхэлжээ. Тэгвэл тэдгээрээс тал орчим хувь буюу 11 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг амраах боломжтойгоо мэдэгдсэнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. Эдгээр зуслангийн долоо нь Улаанбаатар хот орчимд, гурав нь Төв, нэг нь Сэлэнгэ аймагт байрладаг юм байна. Тухайлбал, нийслэл орчимд “Маргаашийн хөгжил”, “Баянгол”, “Нарс”, “Жавхлант”, “Анар”, “Сансар” зуслан болон олон улсын “Найрамдал” төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амрах боломжтой. Төв аймагт “Цагаан нуга”, “Мөрөөдөл”, “Цоглог” зуслангийнхан ийм боломж бүрдүүлжээ. Сэлэнгэд “Жаргалант сувилал” зуслангийнхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авах юм байна. 
2024-06-14

“Asia Folk 2024” наадамд 10 орны 160 уран бүтээлч оролцож байна

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцож байна.
2024-06-14

Туул голын эрэг дагуу дуут сэрэмжлүүлэгтэй камер байрлуулжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай таван байршилд хяналтын камер байршуулсан.
2024-06-14

Үйлчлүүлэгчээ зоосны нүхээр хардаг Солонго нүдний эмнэлэг

Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хэрэгтэй хэмээн нийгмээрээ уриалаад ч газар авдаггүй энэ цаг үед иргэд өвдөх эрхгүй болсоор удлаа. Энэ янзаараа эмнэлэг, эмч нарын буруутай үйлдлээс болж хичнээн хүн эрүүл мэндээрээ хохирохыг таамаглахад ч бэрх болоод байна.
2024-06-14

“Хөлөгт тоглоом” клубийнхэн лигт хошуучиллаа

“Амжилтын гараа лиг-3” 100 буудалт даамын тэмцээнд 12 аймгийн 5-10 насны нийт 150 гаруй тамирчин долоон өрөг тоглож, шилдгүүдээ шалгаруулав. Хөвгүүдээс таван насныхны ангилалд “Сонгодог байрлал” клубийн тоглогч Б.Өлзийбаяр, охидоос Баянзүрх дүүргийн тамирчин Х.Эрин түрүүллээ. Зургаан насныхны ангилалд Б.Содбилэг, О.Гэгээ (“Хөлөгт тоглоом”), долоон насныхад З.Чинтөгс (“Хөлөгт тоглоом”), Х.Энхгэрэл (Өмнөговь аймгийн “Манлайлагч” клуб), найман насныхад Б.Алтан-Эрдэнэ (“Эрин эверист интернэйшнл” сургууль), Н.Гуамарал (Өмнөговь аймаг) тэргүүн байр эзлэв. Тэгвэл есөн насныхад Д.Дамдинпүрэв (Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль), Н.Дэлгэржаргал (“Оюут” сургууль, “Хөлөгт тоглоом” клуб) нар алтан медаль хүртжээ. 
2024-06-14

Нийслэлийн бондын хөрөнгөөс Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг төслийг санхүүжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаанаар өчигдөр хотын энэ оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийв. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын танилцуулснаар энэ онд багтаан 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжих болсонтой холбогдуулан төсөвт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.
2024-06-14

Цаг бусын нас баралтыг 30 хувиар бууруулна

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол Улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынхан хамтран халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс орон хоорондын туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагынхан оролцож “Халдварт бус өвчний арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)”-ний төсөл, цаашид баримтлах зөвлөмжийг боловсруулжээ. 
2024-06-14

Шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн судалгаа эхэллээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид Монголд ажиллаж байна. Тус компанийн төлөөлөгчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгаа шинжилгээ хийх юм. 
2024-06-14

Дэлхийн хэмжээнд жилд 108 сая орчим донорын цус цугладаг

Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн ачтан доноруудыг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, ялангуяа эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн.
2024-06-14

“Хэнд саналаа өгснийг өөрөөс чинь өөр хүн мэдэх боломжгүй”

ХЭҮК-оос өчигдөр сонгуулийн үйл явцтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тус комиссоос сонгууль зохион байгуулж буй төрийн байгууллагууд болон оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдэд таван зүйл бүхий зөвлөмж өгснийг бид өмнө нь мэдээлсэн. Нам, эвсэл, нэр дэвшигчдэд бусдын нэр хүндэд халдахгүй, гутаан доромжлохгүйгээр шударга, цэвэр, ёс зүйтэй өрсөлдөхийг тэд сануулсан юм. Мөн сонгууль зохион байгуулагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх тэгш боломж бүрдүүлэх, нууцлалыг хадгалах, бүртгэл болон бусад зөрчил, гомдлыг шуурхай шийдвэрлэхийг зөвлөсөн. Сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хамгаалж, жагсаал цуглаан хийх боломжийг хангах, хааж хорих биш, хамгаалахыг цагдаагийн байгууллагад уриалсан байна. Энэ талаар цагдаагийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, хүний эрхийг хэрхэн хангах талаар ойлголт, мэдээлэл ч өгчээ. 
2024-06-14

Шатахуун тээвэрлэгч цистерн дэлбэрч хоёр хүн түлэгджээ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтын аманд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх тээвэр” ХХК-ийн хашаанд цистерн дэлбэрч хоёр хүн түлэгджээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн дэргэд байдаг тус компанийн хашаанд “SCANIA P400” загварын хүнд даацын шатахуун тээвэрлэгч ачааны автомашины ёмкостийг гагнуурчин Т гагнаж байтал дэлбэрсэн гэнэ. Үүний улмаас гагнуурчин Т, жолооч Б нар түлэгдсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
2024-06-14

Гурав дахь удаагаа хорих ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэхгүй

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийг 2021 оны гуравдугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд гурав дахь удаагаа баривчилж байв. Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирэн эмзэг эрхтэндээ нууж яваад баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан юм. Гэвч удалгүй олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн мансууруулах бодис хүлээн аваад “Блью скай” орчимд саатуулагдаж байсан билээ.
2024-06-14

Эрхээ хасуулсан эмэгтэй согтуугаар дахиж автомашин жолоодоод онхолдов

Налайх дүүргийн нутаг, Тэрэлжийн давааны замд өнгөрсөн мягмар гаргийн үдэш зам тээврийн осол гарч, суудлын автомашин онхолджээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт ажиллахад тухайн тээврийн хэрэгслийг Архангай аймгийн харьяатай Л.О гэдэг эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад осолд өртөн гэмтсэн байна. Тэрбээр өмнө нь жолоодох эрхээ хасуулсан нэгэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлэв. 
2024-06-14

Улаанбаатар хотын 34 900 га талбай усанд автах магадлалтай

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан өчигдөр боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар эл хурлаар хэлэлцэв. БХБЯ болон нийслэлийн ЗДТГ-ынхан хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг гаргасан аж. Нийслэлд 1966 оныхтой дүйх хэмжээний үер болбол Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, “ДЦС-4”, Төв цэвэрлэх байгууламж усанд автах эрсдэлтэй гэсэн дүн уг үнэлгээгээр гарсан аж. Мөн 34 900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах магадлалтай гэнэ. Үүнтэй холбоотойгоор хотын үерийн байгууламжуудыг сайжруулах шаардлагатайг төлөөлөгчид онцолсон юм. 
2024-06-14

Өнөөдөр +20 градус дулаан байна

14,15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-14