Зориулалтын бус, стандартын гарц, гарамгүй төмөр болон хурдны авто замаас болж зэрлэг амьтад машинд дайруулах, өргөст торонд сүлбүүлж үхэх тохиолдол манай оронд байнга гардаг. 2016 онд хийсэн судалгаагаар зөвхөн говийн бүсэд 5000 орчим цагаан зээр ийм шалтгаанаар хорогдсоныг экологичид тогтоосон. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Америкийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага (USAID) хамтран энэ төрлийн эрсдэлийг бууруулж, биологийн төрөл, зүйлийг хамгаалах зорилгоор “Азийн шугаман дэд бүтцийг байгальд ээлтэйгээр төлөвлөх нь” төслийг манай улсад хэрэгжүүлж байна.
Талууд байгаль орчин, зам, тээврийн асуудал хариуцсан холбогдох яамдтай хамтран энэ оны тавдугаар сард Төмөр зам болон хурдны авто замын хориг хашааны ерөнхий шаардлага хэмээх үндэсний стандартыг баталсан бол уржигдар байгаль орчны үнэлгээчдэд зориулан “Шугаман дэд бүтцийг зэрлэг амьтдад ээлтэйгээр төлөвлөх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Олон улсад тогтсон ойлголтоор бол шугаман дэд бүтэц гэдэгт цахилгаан дамжуулах агаарын шугам, авто болон төмөр замуудыг багтаадаг бөгөөд тэдгээрийг байгаль, зэрлэг амьтдад ээлтэйгээр, ялангуяа биологийн төрөл, зүйлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулахгүй, аминд нь халгүй байдлаар төлөвлөх стандарт, дүрэм, журам баримталдаг. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд авто болон төмөр замыг байгальд ээлтэйгээр төлөвлөх, тэр дундаа өргөст торыг халах чиглэлд анхаарч, стандарт, журам боловсруулаад буй ч хэрэгжилт нь муу байгаа юм. Олон улсын байгууллагуудын хамтран хэрэгжүүлж байгаа дээрх төсөл нь үүнийг өөрчилж, дэлхийн жишиг, стандартыг нутагшуулах зорилготой аж. Ташрамд дурдахад, “Азийн шугаман дэд бүтцийг байгальд ээлтэйгээр төлөвлөх нь” төслөөс дэд бүтцийн салбарт ажиллаж буй инженер, архитекторуудад зориулж энэ сарын 23-нд цахим сургалт явуулахаар болжээ. Үүнд Монгол, Балба, Энэтхэг улсын мэргэжилтнүүд оролцох нь.