-Гар утсаа алдаад тоохгүй орхивол бүр тоогүй юм болно-
Тэтгэврийн өвөө утсаа алдав. Харамссан хэдий ч олдох хөг нь өнгөрсөн хэмээн тоолгүй хаяжээ. Харин сарын дараа өвөөгийн тэтгэврийг банк зээлэнд суутгав. Учрыг нь олохоор очтол банкны ажилтан та сарын өмнө 15 сая төгрөгийн зээл авсан байна хэмээх нь тэр. Өвөө алдсан утасныхаа гадарт банкны карт, иргэний үнэмлэх зэргээ хийсэн байжээ. Харин утасных нь код дөрвөн тэг. Хулгайч утасных нь кодыг олоход тийм ч хүнд байсангүй, бараг анхны оролдлогоороо амжилттай нэвтрэв. Улмаар иргэний үнэмлэхийнх нь мэдээллийг ашиглан, дээрх хэмжээний зээл авсан байлаа. “Авсан” бол төлөх нь үнэн. Өвөө 15 сая төгрөгийг төлөхөөс өөр гарцгүй болжээ. Уг нь өвөө утсанд алдсан даруйдаа цагдаад дуудлага өгөх ёстой. Улмаар “И монголиа” руу орж “Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах” цэс рүү орж гар утасныхаа IMEI кодоо үлдээсэн бол тэтгэврийн зээлийн өрөнд орохгүй байжээ.
Эндээс хулгайд алдсан болон гээсэн гар утсаа И Монголиа дахь “Алдагдсан, гээгдүүлсэн гар утас бүртгэх” цэс рүү бүртгүүлж болох нь. Энд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн санд бүртгэлтэй гар утасны бүх мэдээлэл ордог аж. Харамсалтай нь, манайхны ихэнх нь гар утсаа хулгайд алдчихаад олдохгүй дээ хэмээн тоохгүй орхидог гэнэ. Үүнээс нь үүдэн бүр тоогүй зүйл тохиолддог аж.
Мөн зохион байгуулалттайгаар гар утас хулгайлдаг бүлэглэл гараад удаж буй гэнэ. Тодорхой хэлбэл, нэг хулгайч дор хаяж 15-20 утас хулгайлдаг, эдгээр утасны эздээс 5 хүрэхтэй үгүйтэй нь гомдол гаргадаг байна. хулгайч гар утасны “ан авд” гарахдаа хоёр гурваараа гардаг. Улмаар гайгүй утасны нэгнийг онилж, анхаарал сарнисан үед нь хулгайлдаг байна. Ингээд үнэд хүрэх утсыг нь ченжүүдэд өгч, хямдыг нь Теди, Монтел зэрэг газруудаар явж сэлбэгт өгдөг аж.
Э.Нямаа: Халаасны хулгайг тусад нь зүйлчилж, ялыг хүндрүүлэх санал гаргасан
НЦУГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Нямаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Халаасны хулгайн хэчнээн хувийг гар утас хулгайлах гэмт хэрэг эзэлж байна вэ?
- Халаасны хулгайн 95 хувь нь гар утасны хулгай байдаг. Үлдсэн хувь нь хэтэвч, нотебүүк, таблет байдаг. Өдөрт нэг хүн дунджаар 15-20 утас хулгайлж байна. Цаг хугацаа ордог ч бид эл гэмт хэргийг илрүүлж чаддаг.
-Гар утасны эздийг олоход хүндрэл учирдаг гэсэн яагаад вэ?
-Гол хүндрэл нь иргэд гар утсаа алдчихаад цагдаад тэмдэглүүлдэггүй явдал. Одоо манай хэлтэст эзэн нь тодорхойгүй маш олон гар утас бий. Хэн ч сураглаж ирдэггүй. Тоодоггүй. Хоёрдугаарт, И монголиад өөрийн бүртгэлээрээ нэвтэрч үйлчилгээнүүд цэсээс “Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах” үйлчилгээг сонгон худалдан авах гэж буй ухаалаг төхөөрөмжийнхөө IMEI дугаарыг оруулан шалгаж мэддэггүй. Уг нь энэ чиглэлийн сэрэмжлүүлэг мэдээллийг бид удаа дараа өгсөн. Одоо ч сэрэмжлүүлсээр байна.
-Гэмт этгээдүүд хулгайлсан гар утаснуудаа хаашаа нийлүүлдэг юм бэ. Эрэлт байгаа учраас хулгайлаад байгаа юм биш үү?
-Гэмт этгээдүүд хулгайлсан гар утсаа ченж нарт борлуулдаг. Ченжүүд харин хил дамжуулж буюу ОХУ-ын Буриад улс руу гар утсаа гаргадаг. Энэ асуудлыг цэгцлэхээр бид Гаалийн ерөнхий газрынхантай санамж бичиг байгуулсан. Учир нь гэмт этгээдүүд хилээр машинтай гарч буй иргэдэд 10,20 мянган төгрөг тарааж өгөөд, гар утсаа өгч гаргаад байна. Гар утас хилээр гаргахад хориотой бараа биш ч нэг хүн хоёр буюу түүнээс дээш утастай бол утсыг нь асаалгах, кодыг нь хийлгэх зэргээр шалгаж байхаар болсон. Энэ ажлыг эхлүүлсэн, удахгүй эрчимжүүлнэ.
-Энэ төрлийн гэмт хэрэгт оноож буй ял нь хэр хүнд юм бол?
-Бид гэмт хэрэгтнийг илрүүлж, таслан зогсоож, шалгаад, яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлдэг. Ченжүүдийг Эрүүгийн хуулийн 18.6-д зааснаар, Хулгайч нарыг 17.1-т зааснаар шалгадаг. Эдгээр хоёр зүйлчлэлд хорих заалт байдаг ч бодит байдалд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах юм уу, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн ялыг нь сонгож оноодог. Тиймээс цагдаагийнхан хэчнээн илрүүллээ ч эл хэрэг дорвитой буурахгүй байна. Улмаар нэг хүн 10,20 утас хулгайллаа ч нэг хүн, нэг үйлдэл гэж тооцохоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Саяхан хулгайнх гэдгийг мэдсээр байж 80 гар утас худалдаж авсан ченжийн хэргийг бид шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс зорчих эрхийг нь нэг жилээр хорих л ял оноож байна билээ. Мөн 17 гар утас хулгайлсан этгээдийн хотоос гарах эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргасан. Гэтэл тэр хулгайч хотоор явж л хулгайгаа хийдэг байхгүй юу.
-Эрүүгийн хуульд Байнга үйлдэж, амьдралынхаа эх үүсгэвэр болгосон бол гэх заалт үйлчлэхгүй юу?
-Хулгайч нар болон ченжүүд давхар ажилтай байдаг. Ажилгүй хүн байхгүй. Тиймээс амьдралын эх үүсгэвэр болгосон гэж үзэх хэцүү. Нөгөөтээгүүр гэмт хэрэгтнүүдийн 99 хувь нь өмнө нь ямар нэг байдлаар гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд байдаг. Тиймээс бид холбогдох байгууллагуудад хандаж, халаасны хулгайг тусад нь зүйлчилж, ялыг хүндрүүлэх санал гаргасан. Манай өөр улсуудад, бүр ойрын жишээ хэлбэл, ОХУ болон БНХАУ-д халаасны хулгайг ерөнхий хулгайгаас тусад нь зүйлчилж, оноох ялыг хүндрүүлсэн. Тиймээс манай иргэд гадаадад хулгай хийгээд баригдаж, өндөр ял сонсдог.
ХААН банкнаас гаргасан зөвлөмжийг хүргэж байна
Гар утсаа алдсан бол яах вэ, Ямар эрсдэл дагуулах вэ?
Орчин цагт гар утсаа алдах нь хэтэвчээ алдсантай адил маш өндөр эрсдэл дагуулдаг. Учир нь гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл бус, таны санхүүгийн болон хувийн бүхий л мэдээллийг нэг дор багтаасан хамгийн чухал зүйл болж хувирсан. Хамгийн наад зах нь таны гар утсанд и-мэйл хаяг, фэйсбүүк хаяг тань нээлттэй байгаа төдийгүй энэ нь банкны аппликэйшн руу тань хялбархан нэвтрэх боломж олгодог. Иймд та хэрэв гар утсаа алдвал, эсвэл хаяж гээвэл дансан дахь мөнгөө залилагч этгээдэд найр тавин өгч буйгаас өөрцгүй.
Тиймээс гар утасныхаа аюулгүй байдлыг ямагт нэг тэргүүнд тавьж, аюулгүй байдлын үүднээс дараах алхмыг хэрэгжүүлээрэй.
1.Гар утсандаа заавал код хийх. Тухайн кодны нууцлалыг хамгаалах. Хурууны хээ, царай таних зэрэг биометрик ашигладаг байсан ч нууц үгээ заавал оруулдаг байх.
2.Зөвхөн гар утсандаа нэвтрэх нууц үг хийхээс гадна сим картын нууц үгээ солих. Сим карт анх ашиглаж эхлэхэд автоматаар үүсгэгддэг 0000 зэрэг сул нууц үгийг заавал солиорой.
3.Гар утсаа хараа хяналтгүй орхихгүй байх, автоматаар түгжигдэх тохиргоо хийх (хамгийн ихдээ 3 минут болон түүнээс бага хугацаанд түгжигддэг байвал сайн).
4.Гар утасны үйлдлийн систем болон банкны аппликэйшнийхээ сүүлийн хувилбарыг суулган тогтмол сайжруулалтыг хийж байх.
5.Шаардлагагүй үед Bluetooth тохиргоог унтраах. Bluetooth асаалттай байснаар бусад хүн таны гар утас эсвэл бусад ухаалаг төхөөрөмжийн зарим функцүүдийг зайнаас удирдах боломжтой болдог.
6.Зөвхөн Google Play Store, Apple App Store болон Huawei Gallery store зэрэг албан ёсны аппликэйшн нийлүүлэгчээс хэрэглээний аппликэйшнуудаа татан авч ашиглана уу. Таны гар утсандаа суулгасан аппликэйшн нь таны хувийн мэдээллүүдэд хандах, хадгалах, дамжуулах боломжтой байдаг тул аюулгүй байдлын тохиргоотой танилцаж хэвшээрэй.
7.Хэрвээ гар утсаа алдсан бол и-мэйл хаяг, фэйсбүүкийн нууц үгээ яаралтай солихоос гадна харилцагч банкныхаа лавлах утас руу холбогдон, интернэт банкаа хаалгаж, идэвхгүй болгоорой. Ингэснээр санхүүгийн эрсдэлээс сэргийлж чадна.
Монгол Улсын Эрүүгийн хууль
17.1 дүгээр зүйл.Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;
2.2.байнга тогтвортой үйлдэж;
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.