АНУ-ын Нью-Йорк хотод өнгөрөгч сарын сүүлчээр болсон НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”, Ерөнхий ассемблейн 79 дүгээр чуулганы үеэр хөндөгдсөн асуудал, баталсан баримт бичиг, бодлого, шийдвэрүүдийн талаар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай ярилцсанаа хүргэе.
-Дэлхийн улс орны удирдагч, өндөр дээд түвшний тoлooлoгчид чуулж, ирээдүйн асуудлаар хуралдлаа. Энэ чуулга уулзалт хүн төрөлхтөн болон улс орнуудын ирээдүйн хөгжилд ямар ач холбогдол, үр нөлөөтэйг тодруулахгүй юу?
-НҮБ-ын гишүүн 193 орон тогтвортой хoгжлийн зорилгыг ирэх 15 жилд хэрэгжүүлэхээр холбогдох баримт бичигт 2015 онд гарын үсэг зурж, нэгдсэн. Үүний хүрээнд улс орнууд ирээдүйд хүртээмжтэй, хэнийг ч орхигдуулахгүй, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хамтарч ажиллах, хүчин чармайлтаа нэгтгэх үүрэг амлалт oгсoн юм.
Тогтвортой хөгжлийн зорилгыг бүх улс нэгдмэл ойлголттойгоор хүлээн зөвшөөрч буй ч бодит байдалд хэрэгжилт нь сайнгүй байгаа. “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлээд 8.5 жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад хэрэгжилт нь 15 орчим хувьтай буй нь хангалтгүй үзүүлэлт. Одоо цаана нь зургаа орчим жил л үлдээд байна. Тиймээс улс орнуудын удирдагчид дахин нэг удаа цуглаж, “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хэрхэн хурдасгах вэ, бид хаана явна вэ” гэдгээ бодитоор дүгнэж цэгнэн, цаашдын алхмаа тодорхойлох шаардлага тулгарсан юм. Үүний хүрээнд өнгөрсөн оны есдүгээр сард “Тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт”-ыг Нью-Йорк хотод зохион байгуулсан. Энэ үеэр дэлхийн орнууд хаана яваагаа бодитоор үнэлж, түүн дээрээ дүн шинжилгээ хийн, хүчин чармайлтаа нэгтгэн хэлэлцсэн. Улс орны удирдагчид хамтран тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан бөгөөд таван гол тэргүүлэх чиглэлд төвлөрч, үр дүн гаргая гэдэгт санал нэгдсэн юм. Үүний нэгдүгээрт, тогтвортой санхүүжилт буюу тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн хомсдолыг арилгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг авч үзсэн. Хоёдугаарт, олон улсын түвшинд энх тайван, аюулгүй байдлыг хангахыг эрэмбэлсэн. Дэлхий дахинд олон газарт дайн дажин, үймээн самуун болж буй ч бид аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Энх тайвныг цогцлоохгүйгээр тогтвортой байдлыг хангаж чадахгүй. Тиймээс энэ асуудалд анхаарахаас аргагүй. Гуравдугаарт, тогтвортой хөгжлийн зорилгыг хангах чиглэлд илүү үр дүнтэй ажиллахын тулд шинжлэх ухаан, технологийн хөгжлийг ашиглах нь зүйтэй гэж үзсэн. Бид урьдынхаараа ажиллаад хангалттай үр дүн гарахгүй нь нэгэнт тодорхой болсон. Иймд шинжлэх ухаан, технологи, инновац, цахим хөгжлийг ашиглах замыг сонгосон. Дөрөвдүгээрх нь залуучууд буюу ирээдүй хойчийнхоо оролцоо, хүчийг ашиглахад анхаарах. Өнөөдөр бидний гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагааны нөлөөлөлд хамгийн их өртдөг нь залуу, хойч үеийнхэн шүү дээ. Тиймээс тэдний манлайлал, оролцоог хангах замаар ирээдүйн хөгжлийг тодорхойлох нь чухал юм. Тав дахь нь дэлхий дахины засаглалыг сайжруулах асуудал. НҮБ 1945 онд байгуулагдахдаа л Аюулгүйн зөвлөлийг бий болгож байсан. Харин өнөөдөр илүү орчин үеийн шаардлагад нийцсэн засаглалын бүтцийг бий болгох нь чухал гэдэгт улс орнууд санал нэгдээд байна.
Өнгөрөгч сарын 21-23-нд болсон “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-аар дээрх таван гол чиглэлийн хүрээнд гурван баримт бичгийг баталсан. Тодруулбал, “Ирээдүйн төлөөх гэрээ”-г “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ”, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал” гэсэн хоёр хавсралт баримт бичгийн хамт баталсан юм. “Ирээдүйн төлөөх гэрээ” нь улс орнууд дээрх таван чиглэлийн хүрээнд юу хийхээ тохирч, үүрэг амлалт өгөх баримт бичиг юм. Зарим улс үүнд санал, хувь нэмрээ оруулж байгаа. Дижитал компакт буюу “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” нь хиймэл оюун ухаан (AI) зэрэг шинээр гарч ирж буй технологийг илүү ухаалгаар, зохицуулалт, удирдлагатайгаар ашиглахад чиглэж буй. Зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй эрсдэлийг хязгаарлаж, үр дүнтэй ашиглах суурийг бий болгоно гэсэн үг. “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”-ын хүрээнд дэлхийн улс орнууд ирээдүйн хөгжилд залуусын оролцоог хэрхэн хангах чиглэлээр тодорхой үүрэг амлалт хүлээнэ. Улс орнуудын удирдагчид энэ тунхаг бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан. “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-ыг залгаад НҮБ-аас жил тутам зохион байгуулдаг Ерөнхий ассемблейн чуулган болсон. Энэ үеэр эдгээр баримт бичгийг хэлэлцсэн.
-Та тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт дэлхий нийтийн хэмжээнд хангалтгүй байгааг яриандаа онцоллоо. Монгол Улс энэ чиглэлд хэр идэвх санаачилгатай ажиллаж, ахиц дэвшил гаргасан бэ?
-Монгол Улс болон бусад орон тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрхэн хангаж байгааг үнэлдэг Үндэсний сайн дурын тайланг гаргадаг. Монгол Улс 2019 онд эхний, 2023 онд удаах тайлангаа Нью-Йоркт болсон өндөр түвшний уулзалтын үеэр танилцуулсан. Эдийн засаг, хөгжлийн яамны санаачилга, НҮБ-ын дэмжлэгтэйгээр энэхүү тайлангаа хэвлүүлсэн. Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн дөрвөн зорилтын хүрээнд тодорхой түвшинд ахиц дэвшил гарч байгаа ч ихэнх үзүүлэлт нь хоцрогдолтой яваа. Нэгдүгээр зорилт болох ядуурлыг бууруулах чиглэлд ухарсан үзүүлэлттэй байгаа. Үндэсний сайн дурын тайлан боловсруулахтай холбогдуулан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хангах, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ” гэдэг чиглэлээр холбогдох талуудыг оролцуулсан үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулсны дүнд 12 төрлийн хурдасгуур хүчин зүйлийг тодорхойлсон. Үүнийхээ хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө, замын зураг гаргах ажлуудыг хийсэн. Ингэхдээ нэгдүгээрт, боловсролын асуудлыг авч үзсэн. Дараа нь эрүүл мэнд, хүнс, бүсчилсэн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, жендерийн тэгш байдал, зохистой хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны асуудлаарх бүлгийн хэлэлцүүлгийг оролцогч талуудыг хамруулан Эдийн засаг, хөгжлийн яамны манлайлал дор өрнүүлсэн.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх дэмжигч хүч болох хурдасгууруудыг тодорхойлсны дараа үүнийгээ үр дүнтэйгээр яаж хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрхэн тусгах талаарх асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл нь бүсчилсэн хөгжлийг дэмжих. Хоёрдугаарх нь хүний хөгжлийг хангах. Үүнд эрүүл мэнд, боловсрол, хүнс, аюулгүй байдал зэрэг гол бүрэлдэхүүнийг багтааж буй. Гуравдугаарт, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн асуудлыг тусгасан. Дөрөв дэх нь засаглалыг бэхжүүлэх. Энэхүү дөрвөн чиглэлийг 12 төрлийн хурдасгуурынхаа хүрээнд тодорхойлсон. Энэ нь НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигтэй яв цав уялдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, НҮБ-аас хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Засгийн газрын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдаж, дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхойлогдсон. Анхаарах хоёр гол зүйл буй нь үйл ажиллагааны төлөвлөгөө тодорхой байх ёстой. Мөн үүнийг дэмжих санхүүжилтийг бий болгох асуудалд төвлөрч ажиллах шаардлагатай.
Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгоо биелүүлсэн байдлаараа дэлхийд жишиг орон болж чадна гэж миний хувьд итгэж байгаа. Ялангуяа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, оролцогч талуудын болон Засгийн газрын манлайлал дор хурдтай, шаргуу ажиллах юм бол төлөвлөсөн хугацаандаа зорилгоо биелүүлэх боломжтой гэж харж байна. Бүгдийг нь 100 хувь биелүүлэхэд бэрхшээлтэй ч томоохон ахиц дэвшил гаргах боломжтой. Үүний төлөө шаргуу хөдөлмөрлөх шаарлагатай. Засгийн газрын манлайлал хэрэгтэй, бусад бүх оролцогч талын дэмжлэг ч шаардлагатай. Оролцогч талууд гэдэгт хөгжлийн түншүүд, донорууд, иргэний нийгмийн болон шинжлэх ухааны байгууллагуудаас гадна иргэд ч мөн багтана. Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг хангахад хүн бүрийн оролцоо, хувь нэмэр чухал. Монгол Улс эдийн засгийн хувьд нэлээд ахиц дэвшил гаргасан. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээ 6000 ам.доллароос дээш гаргаж чадсан. Ингэснээрээ дундаас дээш орлоготой орнуудын тоонд багтлаа. Дараагийн түвшинд дотоод нөөцөө үр дүнтэй ашиглаж, эрх тэгш боломжийг иргэн бүрдээ олгож, сайн сайхныг цогцлоохын төлөө бүгд хичээн зүтгэх, хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ завшааныг ашиглаад Монголын бүх иргэнийг тогтвортой хөгжлийг хангахын төлөө хувь нэмрээ оруулаарай гэж уриалъя. Монголын ард түмэндээ сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсье.
-“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангах зорилгоор зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулсан. Ингэснээр ямар боломж, давуу талууд бий болсон бэ. Хурал хэлэлцүүлэг зохион байгуулах нэг хэрэг. Үүнээс үр дүн гаргах нь хамгийн чухал шүү дээ.
-Бид 6-7 төрлийн арга хэмжээ зохион байгуулсан. Нэн тэргүүнд олон улсын оролцогч талууд буюу хөгжлийн түншүүдийг хамруулсан арга хэмжээг НҮБ-ын байранд Үндэсний их баяр наадмын дараа зохион байгуулсан. Үүнд алдартай эдийн засагч, эксперт Жеффри Саксыг урилгаар оролцуулан, тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн юм. Дараа нь наймдугаар сарын 12-нд Олон улсын залуучуудын өдрөөр 100 гаруй залуусыг оролцуулсан арга хэмжээг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр зохион байгуулсан. Гурван чиглэлийн хүрээнд залуучуудын санал бодол, дуу хоолой, хүсэл тэмүүллийг нь сонссоноороо онцлог. Наймдугаар сарын 22-23-нд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгууллаа. Жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилтын хүрээнд зургаан үндсэн сэдвээр тэдний дуу хоолойг хүргэсэн юм. Энэхүү арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын бүх агентлаг дэмжиж, хамтарч ажилласан. Харин дөрөв дэх арга хэмжээ нь есдүгээр сарын 6-нд болсон олон талын оролцогчийг хамруулсан томоохон хэмжээний зөвлөлдөх уулзалт байв. Үүнийг мөн НҮБ-ын байранд зохион байгуулсан. Шинжлэх ухаан, технологи, инновац, дижитал шилжилттэй холбоотой асуудлаарх хоёр арга хэмжээг есдүгээр сарын 10-нд явууллаа. Үүнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг холбогдох яамныхнаас гадна ШУА-ийн эрдэмтэн, судлаачид, оюутнуудыг оролцуулсан. Харин зургаа дахь арга хэмжээ нь бүх талын зөвлөмжийг багтаасан албан захидлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээсэн явдал байлаа. Энд дурдсан бүх арга хэмжээний хүрээнд нэгтгэн боловсруулсан зөвлөмжийг багцлаад НҮБ-ын Суурин зохицуулагчийн хувиар Төрийн тэргүүнд илгээсэн юм. Энэ нь нэгдүгээрт, “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д Монгол Улсыг төлөөлж иргэдийнхээ дуу хоолойг хүргэх, хоёрдугаарт, эдгээр зөвлөмжийг Засгийн газрын үйл ажиллагааны болон бусад хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгаж, нийцүүлж ажиллах боломжийг олгох зорилготой.
-“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-аар баталсан гурван чухал баримт бичгийн нэг нь “Ирээдүйн төлөөх гэрээ”. Энэ гэрээний хүрээнд Монгол Улс ямар үүрэг хүлээх вэ. Мөн үндэсний хэмжээнд, улс орныхоо нөхцөлд ямар алхмуудыг хэрэгжүүлэх юм бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассемблейн хурлын үеэр “Ирээдүйн төлөөх гэрээ”-г хэрэгжүүлэхээ амлаж, үг хэлсэн. Хэвлэл мэдээллээр дамжуулан үүнтэй танилцах боломжтой. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтуудаа тодорхой, үр дүнтэй үйл ажиллагааны хөтөлбөр болгож боловсруулах шаардлага бий. Үүний дагуу бид дахин хамтарч ажиллаад, 12 хурдасгуурын хүрээнд аль асуудлыг нэн тэргүүнд авч үзэж, шат дараатай хэрэгжүүлэх вэ гэдгээ нарийвчлан тодорхойлох юм.
-Энэ удаагийн дээд түвшний чуулга уулзалтаар баталсан баримт бичгүүд Монгол Улсын урт хугацааны хөгжил, тогтвортой байдлыг хангах бодлоготой ямар байдлаар уялдах вэ гэдэг нь анхаарал татаж байна.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж, нэгдсэн байдлаар хэлэлцсэнийхээ дараа үүрэг амлалтаа хэрхэн биелүүлэх талаар олон нийтэд зарлах байх. УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногт эхэлсэн учир үүнтэй холбоотой асуудлаар нэлээд өргөн хүрээнд хэлэлцэх болов уу. Ингэснээр үүнийг дотоодын бодлого, хөтөлбөртэй хэрхэн уялдуулах вэ гэдэг нь тодорхой болно. Хэвлэл мэдээллийн салбарынхан энэ талаар сонирхож буйд баяртай байна. Та бүхэн энэ сонирхлоо алдалгүйгээр, яг энэ үүрэг амлалтыг хэрхэн бодит үйл ажиллагааны төлөвлөгөө болгож хэрэгжүүлэхэд анхаарал хандуулаарай. НҮБ болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагынхан Монгол Улс үүрэг амлалтаа хэрэгжихүйц төлөвлөгөө болгож ажиллахад нь хяналт тавьж, анхаарах шаардлагатай юм шүү.
-“Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ”-ний талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Энэ нь бүх улс орон шинэ тутам гарч ирж байгаа технологиудыг илүү зохицуулалттайгаар ашиглахад чиглэсэн үүрэг амлалтын гэрээ юм. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан зэрэг шинэ, инновацлаг технологиудын зохисгүй, буруу хэрэглээнээс яаж зайлсхийх вэ, үүний тулд хяналтаа ямар байдлаар тавих, хууль, эрх зүйн хүрээнд ямар зохицуулалт хийх юм гэдэгт төвлөрч буй. Технологийг үр дүнтэй ашиглаад, тодорхой стратеги, төлөвлөгөөтэйгөөр эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарна гэсэн үг.
-Та Монголд НҮБ-ын Суурин зохицуулагчаар ажиллаад тав орчим жил болж байна. Манай улсын өнөөгийн болон ирээдүйн хөгжилд НҮБ-ын оролцоо, гүйцэтгэх үүрэг, байр суурийг хэрхэн харж байна вэ?
-НҮБ-ын үүрэг бол Монгол Улсын Засгийн газарт тэргүүлэх чиглэлээ оновчтой, зөв тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд дэмжлэг үзүүлэх явдал. Үүний хүрээнд Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт НҮБ, Засгийн газрын төлөөлөл 2022 оны тавдугаар сард гарын үсэг зурж баталгаажуулсан. НҮБ-ын агентлагууд янз бүрийн уялдаа холбоогүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээс илүү тэргүүлэх гурван чиглэлийнхээ хүрээнд нэгдсэн уялдаа холбоотой, илүү зохицуулалттай төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхийг гол бодлогоо болгодог. НҮБ-ын 24 агентлаг бий. Эдгээр нь хамтын ажиллагааны хүрээндээ нэгдэж ажиллаад, Засгийн газарт нэгдсэн байдлаар бодлогын дэмжлэг үзүүлдэг.
НҮБ бол банк биш, бизнесийн байгууллага биш. Бид Монгол Улсад тулгамдсан бэрхшээл юу байна, НҮБ-ын зүгээс олгож болох давуу тал юу вэ, монголчуудын сайн сайхан байдал, хөгжлийн төлөө юу хийж чадах вэ гэдэгт тэргүүлэх гурван чиглэлийнхээ хүрээнд жил бүр дүн шинжилгээ хийж, Засгийн газрын манлайлал дор хамтарч ажилладаг. НҮБ-ын стратегийн тэргүүлэх чиглэл болох “Хүний хөгжил, сайн сайхан байдал”, “Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт”, “Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх”-ийн асуудал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлээр тодорхойлогдоод байгаа нь бид бүхэн Засгийн газарт бодлогоо зөв зүгт залж чиглүүлэхэд нь дэмжлэг болж буйн илрэл юм. НҮБ дэлхийн хэмжээнд, улс орнуудын түвшинд ажиллахдаа ямар нэг талыг баримтлалгүй, дундыг сахисан байр сууриас хандаж, тогтвортой хөгжлөө хангахад нь дэмжлэг үзүүлдэг. НҮБ-ын агентлагууд төсөл, хөтөлбөрүүдээ дээрх гурван чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээс гадна аль болох хамтарч, хүч нэгдэж ажиллах бодлого баримталдаг. Миний бие өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Суурин зохицуулагчийн хувиар манлайлагч нь байж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын элч төлөөлөгч болж, НҮБ-ын харьяа бүх байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангаж, нэг чиг шугамаар Засгийн газарт дэмжлэг туслалцаа үзүүлэхийг гол болгож ирсэн.