Үндэсний статистикийн хорооныхон Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа хийж байна. Энэ судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан, эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой аж. Тус байгууллагынхан 21 аймаг, есөн дүүргийн 8000 орчим өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, судалгаанд хамруулаад буй юм. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга Д.Даваажаргалтай ярилцлаа.
-Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааны явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Статистикийн тухай хуулийн дагуу манай улсад анх удаа Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг 2023 онд эхлүүлсэн. Энэ судалгааны гол зорилго нь нэгдүгээрт, иргэдийн амьдрах орчин хэр аюулгүй байгааг тогтоох юм. Аль ч улс орны иргэд амьдрах орчноосоо шалтгаалан хохирч байдаг. Тиймээс амьдрах орчны аюулгүй байдлаас шалтгаалж иргэд хэр хохирсныг холбон судалж буйгаараа энэ судалгаа онцлогтой. Уг судалгааг хийснээр тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийг шинээр тооцож гаргах, нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргийн статистикийн мэдээллийг олон улстай харьцуулах боломж бүрдэнэ. Мөн цагдаа болон хууль сахиулах байгууллагад иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй. Түүнчлэн иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аргын талаар хэр хэмжээний мэдлэг, ойлголттойг тогтооход бидний судалгаа маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.
-Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг цаашид тогтмол зохион байгуулах уу?
-Бид энэ төрлийн судалгааг анх удаа хийхийн тулд бусад улс орноос туршлага судаллаа. Тухайлбал, асуулгаа БНСУ-ын Гэмт хэргийн хохирох эрсдэлийн судалгаа болон Латин Америкийн гэмт хэргийн хохирох эрсдэлийн судалгаанд үндэслэн боловсруулсан. Орон нутгийн хувьд уул уурхай, ашигт малтмалын үйлдвэрүүд байна уу. Тэдгээр үйлдвэр байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа, эсэх зэрэг гол асуултыг судалгааны асуулгад тусгасан юм. Судалгаа авахдаа тухайн айлд очиж, нүүр тулсан ярилцлага хийсэн. Энэ нь ч илүү үр дүнтэй болсон байх. Судалгаа нийт 432 асуулгатай. Нэгдүгээрт, өрхийн, хоёрдугаарт, өрхийн гишүүдийн, гуравдугаарт, хохирсон байдлын зэрэг гурван бүлгийн хүрээнд асуулгуудыг боловсруулсан, нэлээд нүсэр ажил байлаа. Цаашид хуулийн дагуу гурван жил тутамд тогтмол зохион байгуулдаг болно. Ингэснээр тоон мэдээллүүдийг нь өмнөх онуудынхтай харьцуулах боломж бүрдэх юм. Тухайлбал, зам, тээврийн осол олон гарсан бол түүнийг бууруулахад төвлөрч ажиллахад шаардлагатай мэдээллүүдийг бүрдүүлнэ гэсэн үг. Засгийн газраас төсвийг нь л шийдчихвэл бид энэ судалгааг тогтмол явуулах боломжтой.
-Аюулгүй байдал гэдэгт голчлон ямар ямар хүчин зүйлийг хамруулсан юм бол?
-Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадаж байгаа, эсэхийг судалсан. Мөн түгжрэлгүй замаар зорчиж, ус хүлээн авч буй шугам хоолой нь аюулгүй байж, үер, усны аюул тохиолдоход бэлэн байдал хангагдсан, эсэхийг гол шалгуур үзүүлэлт болгосон. Харин гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлахдаа хохирогчийн эрхийг хамгаалж, хохирлыг барагдуулан, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нуугдмал асуудлыг илрүүлэх байдлаар хууль, эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай мэдээллийг цуглууллаа. Олон улсад гэмт хэргийн хохирох эрсдэлийн судалгаа гэж хийдэг. Бидний хийж буй Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа нь үүнтэй төстэй гэсэн үг. Ерөнхийдөө гэмт хэрэгт хэн илүү хохирч, хүмүүс ямар орчинд амьдарч байгааг тогтоох юм. Түүнчлэн бидний амьдарч буй орчин хэр зэрэг аюултай юм бэ, үүнд эрэгтэйчүүд, эсвэл эмэгтэйчүүд голчлон өртөж байна уу гэдгийг тогтоож, статистик мэдээлэл цуглуулах нь судалгааны гол зорилго.
-Үр дүнг нь нэгдсэн байдлаар хэзээ олон нийтэд танилцуулах вэ?
-Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 10 хүртэл 70 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Ингэхдээ Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийг хамрууллаа. Өдгөө үр дүнг нь нэгтгэн тооцож гаргахаар ажиллаж байна. Энэ онд багтаан үр дүнгийн тайлангаа гаргаж, нийтэд түгээнэ. Мэдээллийн баазаа шалгаж, цэвэрлэх, нягтлах гэх мэт ажил одоо үргэлжилж байгаа. Үүний дараа нэгдсэн үр дүнг боловсруулж, судалгаанд ажилласан олон улсын баг, ажлын хэсгийнхэнтэй хамтран шалгаж, нягтална. Эл ажлуудын дараа үр дүнг олон нийтэд танилцуулах боломж бүрдэх юм. Тиймээс одоохондоо үр дүнг нь танилцуулах боломжгүй.
-8000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон гэсэн шүү дээ. Төлөвлөсөн өрхөө бүрэн хамруулж чадсан болов уу?
-Бид анх нийт 8000 өрхөөс судалгаа авна гэж төлөвлөсөн. Гэхдээ 95.9 хувь буюу 7673 өрхөөс мэдээлэл цуглуулсан. Бид сонгогдсон айлдаа очиж, нүүр тулсан ярилцлага хэлбэрээр судалгаа авсан юм. Улаанбаатар төдийгүй орон нутгийн алслагдсан өрхүүд судалгаанд оролцохоос татгалзах тохиолдол цөөнгүй ажиглагдсан. Зориод очиход тухайн айл эзгүй байх, эсвэл тухайн хаягтаа амьдардаггүй гэх мэт асуудал тулгарч байлаа. Зарим тохиолдолд иргэд мэдээлэл өгөхөөс татгалзаж байв. Энэ мэт хүндрэл цөөнгүй гарсан.
-Энэ төрлийн судалгааг бусад улсад ямар аргачлалаар хийдэг бол?
-Олон улсад, тэр дундаа Латин Америкийн орнуудад ийм төрлийн судалгаа тогтмол хийдэг юм. Түүнчлэн Ази тивээс БНСУ-д энэ судалгааг нэлээд урт хугацаанд явуулсан. Манай улсын тухайд анх удаа хийснээрээ онцлогтой. Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн талаар судалгааг өмнө нь хийж байгаагүй. Харин Монгол Улсад гарч буй гэмт хэргийн тоон мэдээлэл, статистикийг холбогдох байгууллагуудаас ирүүлдэг. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын ерөнхий прокурорын газраас жилд хэдэн хүн гэмт хэрэгт өртөж хохирсон гэх мэт статистик тоон мэдээллүүдийг ирүүлдэг юм. Түүнээс биш иргэдээс судалгаа авч байгаагүй. Үндэсний статистикийн хороо нь хүн амын амьжиргаа, аж байдал болон хохирох эрсдэлийн судалгааг явуулж, үр дүнг нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргах түвшний хүмүүс болон төрийн байгууллагуудад хүргэдэг. Судалгааны үр дүнд үндэслэн аль суурьшлын бүсэд гэмт хэрэг илүү олон гарч байна гэх зэрэг мэдээлэл авч, хаана, юуг сайжруулах ёстойг тогтоон, бодлогоо боловсруулах учиртай. Бодлого боловсруулахад шаардлагатай, суурь мэдээллийг бид бүрдүүлэх үүрэгтэй гэсэн үг.
У.ЦЭЦЭГСҮРЭН