ЦХХХ-ны сайд Н.Учрал "Сансрын үндэсний хиймэл дагуултай болох төсөлд хамтран ажиллах гэрээг Франц улсын Thales Alenia Space” компанитай байгууллаа. Гэрээний хүрээнд тус улсын тусламжтайгаар ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгаад.
Үүний дараа хиймэл дагуулыг бүтээх ажлыг эхлүүлнэ. Олон улсын цахилгаан холбооны байгууллага дээр Чингис байршилд зөвшөөрлөө авч, ажиллаж байна.
Ингэснээр интернэтийн хамгийн өндөр багтаамжтай буюу 10 гега байтын хиймэл дагуулыг бүтээх боломжтой болж байна.
Тэрбээр "Тоон технологи нь орчин үеийн дэвшилтэт бөгөөд Франц улс дэлхийн 20 гаруй оронд хиймэл дагуул хөөргөсөн туршлагатай. Бидний хөөргөх хиймэл дагуул нь харилцаа холбооны салбарынх гэдгээрээ онцлогтой" хэмээн тодотгов.
Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 330 сум, 1,500 багт шилэн кабелиар интернэтийг хүргэдэг. Одоо 191 багийг шилэн кабелиар холбох ажлыг ирэх жил хийнэ" хэмээн мэдээллээ.
Өргөн уудам газар нутагтай улсад үндэсний хиймэл дагуулын ашиг тус их. Сансрын хиймэл дагуулыг хөөргөснөөр хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбарт дэвшил гарна.
3-4 жилийн хугацаанд хиймэл дагуулыг бүтээж, хөөргөхөөр төлөвлөсөн.
Монгол Улс бүсчлэлээрээ Франц улстай тохирч байгаа учир төслийг хамтарч хэрэгжүүлэх саналыг ҮАБЗ-д танилцуулж, шийдвэрээ гаргаснаар гэрээг баталж байна.
Хонхорт нарны, Дорнод, Баян-Өлгий аймагт газрын станц, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод хяналтын төвийг байгуулах юм. Хиймэл дагуултай болсноор аюулгүй байдал хангагдах давуу талтай.
Хиймэл дагуул хөөргөснөөр алслагдсан сум, суурин газар, уулын ам, малчны хотхон, боомтууд интернэтэд холбогдож, олон сувгийн үйлчилгээ авах, холбоо харилцаатай байх, сансрын мэдээллийг ашиглаад хувийн хэвшил, ашиг орлогоо нэмэгдүүлэх, төр шийдвэр гаргахдаа BIG DATA буюу Их өгөгдөлд үндэслэж шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
Сүүлийн үеийн статистик мэдээллээр ДДэш, МонСат зэрэг хиймэл дагуулаас олон сувгийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд жилд 12 сая ам.долларын төлбөрийг сансрын хиймэл дагуулд төлдөг байна.
Олон сувгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага болон үүрэн оператор компаниуд Монгол Улсын хөөргөсөн хиймэл дагуулаас сансрын үйлчилгээ авч эхэлбэл гадагш урсгах валютыг зогсоож, ажлын байр нэмэгдэнэ. Хиймэл дагуулыг 15 жил ашигладаг, энэ хугацаанд зардлаа нөхнө гэж тооцоолж байна.