Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Зуунмод хотод барьж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн болон 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явцтай өчигдөр танилцжээ. Сургуулийн барилгыг 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн ч санхүүжилт дутсанаас зогссон юм байна. Барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөг хэрэгтэй байгааг гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцуулсан аж. Усан бассейнтай сургууль барихаар төлөвлөсөн атлаа зургийг нь орхигдуулсан, спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй гэсэн тайлбарыг тэрбээр хэлжээ.
30 мегаваттын дулааны станцын барилгын хувьд 2022 оны наймдугаар сард эхлүүлсэн, одоо 26 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Уг станцыг есөн түгээх төв бүхий 10.1 км шугамын урттай, нийт 17 барилга байгууламжтай байхаар төлөвлөжээ. Шинэ дулааны станц ашиглалтад оруулснаар Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, төсөвт 70 байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэглээний халуун устай болох юм. Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах чадалтай, ашигт үйлийн коэффициент нь 85-90 хувь тул нүүрсний хэрэглээ 40, үнсний гаралт 25 хувь хүртэл буурах юм байна. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр нийт 10 аймагт ийм цахилгаан станц барьж буй ч Төв аймгийн ажил хамгийн удаан байгаа гэнэ. Тиймээс уг асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.