Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл танилцуулан, санал, хүсэлтийг нь сонслоо.
Бодлого, зорилтоо хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцож, хөгжлийг боомилж буй хязгаарлагч хүчин зүйлс, тухайлбал, авлигатай хамтран тэмцэхийг Ерөнхий сайд уриалав. Ховд аймгийн иргэд шударга ёсны тэмцлээ тууштай үргэлжлүүлэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг баримтлах, баруун бүс нутагт шатахуун, бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг бууруулах, сурагчдын автобус, сургууль, цэцэрлэгийн засвар, аймгийн төвийн цэвэрлэх байгууламж зэрэгтэй холбоотой олон асуудлыг хөндсөн юм.
Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулсан. Тухайлбал, Халзан бүргэтэйн ордыг ашиглах, эсэхийг иргэдийн саналаар шийднэ, дэмжлэгийг нь авахгүй бол Засгийн газар дэмжихгүй гэдгээ Засгийн газрын тэргүүн мэдэгдэв. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнд удахгүй гарын үсэг зурахаа дуулгалаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд үйлдвэрлэл, технологийн парк, шинэ суурьшлын бүсийн төслийг эхлүүлж буй гэнэ. Түүнчлэн БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронтой Булган-Такашикен боомтыг өргөтгөх төсөл хэрэгжүүлэхээ хэллээ. 2024 оны улсын төсвийн төслийг боловсруулахаар Засгийн газар иргэдийн саналыг авч байгаа. Ховдынхон аймгийн төвдөө ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах, дулааны станцын болон цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, олон ястны өв соёлын цогцолбор музей, Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто зам, Жаргалантын 320 хүүхдийн сургууль, Ховд сумын цэцэрлэг, 1000 айлын орон сууц, гэр хорооллын цэвэр, бохир усны шугам, сүлжээ зэрэг бүтээн байгуулалтын олон ажлын зураг, төсвийг шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа.