Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/299 тоот тушаал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд газар ашиглагч 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Богдхан ууланд олгосон 169 405 ам метр талбайг чөлөөлж, хамгаалалтад авах боломж бүрдсэн гэнэ. Ойн тухай хуулийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ.
Мөн хуулийн 29.1.10-т ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглохоор заасны дагуу дээрх шийдвэрийг гаргасан аж. Газар ашиглах эрхийг цуцалсан байршлууд нь Богдхан уулын Зайсангийн, Түргэний, Хүүшийн, Арцатын, Тайны, Жаргалантын, Нүхтийн, Төрхурахын аманд байна. Хугацааны хувьд 2011-2022 онд олгосон газрууд гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч